Д.Сарангэрэл: Дэлхий нийтэд хүчирхийллийн эсрэг хууль чанга байдаг

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Эмэгтэйчүүдийн эрх хаана зөрчигдөж байна вэ? Эрүүгийн хуулийн 22.5-ын албаны эрхийн зүйл ангийг хассанаас болоод ажлын байрны бэлгийн дарамт нэмэгдсэн гэж үзэж байгаа. Энэ хуулийн зүйл заалтыг сэргээх тал дээр та бүхэн ажиллах уу? Бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал ярихдаа хуулийн заалтыг чангалж болохгүй гэсэн үзэлтэй хүмүүс байдаг. Дэлхий нийтэд хуулийн заалт нь чанга байгаа. Тухайлбал, Япон улсад ажлын байрны бэлгийн дарамтын тодорхойлолтыг маш сайн гаргаж өгсөн байдаг. Энэ чиглэлээр ямар ажил хийх вэ?" гэдгийг комиссын гишүүдээс асуусан юм.

Хариуд нь "Эмэгтэйчүүдийн эрхийн асуудал ХЭҮК-ийн анхаарлын төвд байнга байдаг асуудал. Малчин эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг 2019 оны илтгэлд тусгасан. 2020 оны 20 дахь илтгэлд мөн эмэгтэй туслах малчдын асуудлыг хөндсөн. Хяналт шалгалт хийхдээ үргэлж эмэгтэйчүүдийн эрхийг асуудлыг хөнддөг. Ажлын байрны бэлгийн дарамтын асуудлаар зөвлөмж хүргүүлж ажиллаж ирсэн. Хөл хорионы үеэр үүрэг гүйцэтгэсэн эмэгтэй албан хаагчдын эрхийг асуудалд анхаарч байна. Эрүүгийн хуулийн 22.5 дахь заалтыг сэргээх саналыг хүргүүлж ажилласан.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас баталсан 190 дүгээр конвенцод нэгдэх саналыг хүргүүлсэн. Албан байгууллагуудад хөдөлмөрийн дотоод журамдаа ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой зохицуулалт оруулах аргачлалыг хүргүүлж, зөвлөмж гаргасан" гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан хэллээ.