Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулах эрхийг Засгийн газарт олгохыг хүсчээ

УИХ-ын дарга Г.Занданшатарт Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Шадар сайд С.Амарсайхан өргөн барилаа.

Цаашид коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдал Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нэн ялангуяа хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм эдийн засгийн топгвортой байдалд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хямралт нөхцөлийн төвшинд хүргэх эрсдэлтэй хэмээн Засгийн газар үзжээ. Иймд коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхийг хангаж хамгаалах, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх, төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, тандалт судалгаа, илрүүлэх ажлыг эрчимжүүлж, тасралтгүй зохион байгуулах хэрэгцээ, шаардлага үүссэн байна. Ашигт малтмал, газрын тосны экспорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомтын хяналт, хил орчмын тээврийн зохицуулалт, эрүүл ахуй, аюулгүй байдал болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааг байгуулах, хуулийн үйлчлэх хугацааг сунгах шаардлагатай хэмээн үзэж төслийг боловсруулжээ.

Түүнчлэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиар Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг 40.0 тэрбум байхаар баталсан боловч 2021 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн байдлаар зарцуулах дүн 52.4 тэрбум төгрөгт хүрээд байгаа нь цаашид коронавируст халдвар (КОВИД-19)-ийн цар тахлын улмаас урьдчилан тооцох боломжгүй байдал үүссэн тохиолдолд үүнтэй холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээнд санхүүгийн хүндрэл үүсгэхээр байгаа нь хуулийн төслийг боловсруулах үндэслэл болжээ. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн гүйцэтгэл хангалтгүй байгааг шуурхай шийдвэрлэх зорилгоор уг сангаас захиран зарцуулах эрхийг Засгийн газарт олгох шаардлагатай гэж үзсэн байна.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Гамшгаас хамгаалах тухай хууль, Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, холбогдох байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний санал, дүгнэлт, холбогдох бусад байгууллагуудын саналд үндэслэн энэхүү төслийг боловсруулжээ.

Дэлхий дахинд тархаад буй коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан бөгөөд 2020 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр, 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан юм.

Монгол Улсад коронавируст халдвараар 2021 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийт 78.347 хүн өвчилсөн бөгөөд зөөвөрлөгдсөн халдвар 546 (нийт халдварын тохиолдлын 0.7 хувь), дотоодын халдвар 77.801 (нийт халдварын тохиолдлын 99.3 хувь) бүртгэгдсэн байна. Засгийн газар шаардлагатай арга хэмжээг холбогдох хууль, дүрэм, журам, төсвийн хүрээнд авч ажилласан байна.