Наадмыг хугацаанд нь цахимаар хийхээр болжээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар наадмыг цахимаар хугацаанд нь хийх шийдвэр гаргажээ. Учир нь намрын ажил цалгардах тул наадмыг хугацаанд нь хийх шийдвэр гаргасан гэнэ. Ингэхдээ хичээл эхлэх, ургац, бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэл зэрэг одооноос бэлддэг улирлын ажил цалгардана гэж үзжээ.

"Орон нутаг, аймаг сумдын наадмыг хязгаарласан шийдвэрт зарим сайд санал гаргасан. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Ерөнхий сайд, Шадар сайдын зүгээс халдварын нөхцөл байдал, өдөрт илрэх тохиолдлын тоог харж байж болно. Хэрэв халдвар буурвал зөвхөн УОК-ын эрсдэлийн үнэлгээ хийгдсэний дараагаар долдугаар сарын 20-ноос хойш аймаг, сумдыг баяр наадмыг тэмдэглэх боломжоор хангах чиглэлийг өгсөн. Долдугаар сарын 20-ноос хойш аймаг, сумдын наадам зохион байгуулна гэсэн үг биш. Халдварын нөхцөл байдал, эрсдэлийн үнэлгээнээс шалтгаална" гэдгийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хэллээ.

Уг нь “Ард иргэдийн маань эрүүл мэнд, амь нас хамгийн эрхэм чухал учраас Улсын баяр наадмыг хойшлуулж болно, халдвар буурахгүй бол цуцалсан ч болно. Энэ тухай саналаа Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ” гэдгийг Шадар сайд С.Амарсайхан мэдэгдээд байсан юм.