Ганданг автомашингүй, соёл, аялал жуулчлалын төв болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэн дэмжжээ. Үүнтэй холбогдуулж, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Засгийн газар Улаанбаатар хоттой холбоотой хэд хэдэн чухал шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, хоёрдугаарт, нийслэлийн төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах мэдээлэл, гуравдугаарт, гандан орчмын соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх шийдвэр гаргалаа.

 

2020 оны тавдугаар сард Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хуулийг дагаад Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль орж байна. Хуулийг баталснаар Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг шинж түвшинд гарна. Засаглалын зөв тогтолцоо хийх шинэчлэлийг хийнэ. Улаанбаатар хотыг цааш хөгжүүлэхийн тулд олон төвт хот болгохоор оруулсан. Дагуул хотын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Хөшгийн хөндийн цогцолбор төвийг байгуулахаар хуулийн төсөлд оруулсан.

 

Нийслэл, Засгийн газар хамтран ажиллаж байж хотын түгжрэлийг бууруулна. Улаанбаатарт нийтийн тээврийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай. Шинэ төрлийн нийтийн тээвэр болох LRT төсөл эхлүүлэх, ТЭЗҮ-ийг хийнэ.

 

Гандан хийдийг 1778 онд Шашны төв нэртэйгээр байгуулсан. Түүнээс хойш нэгдсэн төлөвлөлтийг хийж байгаагүй. Тиймээс Гандантэгчинлэн хийдийг соёл аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх Засгийн газрын тогтоол гарлаа. Ганданг автомашингүй болгож, үндэсний уламжлалт хэв маягаа хадгалсан төв болгоно" гэдгийг хэллээ.