Ахлах ахлагч Э.Даваажамц 900 км-ийг туулж Нарийнтээлд иржээ

Цэрэгжлийн спортыг олон нийтэд сурталчлан таниулж, монгол цэргийн эр зориг, тэсвэр хатуужлыг өөрөөрөө үлгэрлэн яваа Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц 22 дахь өдрөө гүйж байна. Хамгийн сүүлд ирүүлсэн мэдээллээр тэрбээр өнөөдөр өглөө 900 дэх км замаа туулж, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг дэвсгэрт ирсэн байна.

Ахлах ахлагч Э.Даваажамц 22 хоногийн хугацаанд Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийг хөндлөн туулжээ. Түүнд мэргэжлийн дэмжлэгийг ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн холбогдох удирдлагууд өдөр бүр үзүүлж байгаа юм.