Авлигын “ИХ АВ”-д мордох АХ ДҮҮС

Хувь заяаны тохиол уу? эсвэл цаг хугацааны давхцал нь тэгж таарав уу? хэлж мэдэхгүй, 2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан өрөөнөөсөө хийж асан мэдэгдэл он цагийн уртад элэгдэж, гандаж, өөрчлөгдөлгүйгээр шинэ үеийн МАН-ын даргын амнаас сануулга маягаар дахин унав. Хэрвээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэмгий, заргач нэгэн байж таарсан бол миний хэлснийг үг үсэггүй хуулбарлалаа гэх үндэслэлээр нутгийн дүү Л.Оюун-Эрдэнийг оюуны өмчийн хулгайн хэрэгт унагаах байв. Цаашлаад сурсан зангаараа өрөөндөө дуудаад “1990 оноос хойш би энэ намд ажиллаж байна. Тэр үед миний дүү сураггүй байсан шүү. Би чамайг Хэнтийгээс олж авчирсан байх шүү, миний дүү. Би чиний талаар зөндөө зүйл мэднэ. Хүний тусыг битгий мартаж байгаарай. Карьерт чинь нөлөөлнө гэж бодоод ард түмний өмнө дуугүй байгаа шүү” хэмээн олны өмнө жинтэйхэн жавтий ч хүртээж болохоор байлаа.

Гэвч гурван жилийн өмнө Ерөнхий сайд байхад нь хэлсэн үгийг сануулж, бүр танхимынхаа бодлого болгож ажиллахаа мэдэгдсэнээр Л.Оюун-Эрдэнэ өөртөө шаггүй оноо цуглуулах шиг боллоо. 2018 оны арваннэгдүгээр сарын 23-нд У.Хүрэлсүх “Би найзаа бодох уу, төрөө бодох уу, улсаа бодох уу, намаа бодох уу? Би улсаа бодохоор шийдсэн. Би төрөө цэвэрлэнэ, намаа цэвэрлэнэ” гэж хэлсэн нь “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгөө мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг. Анд найзуудаа бодох уу? Улс орноо бодох уу? гэсэн солбилцол дээр ирж байна” хэмээн 2021 оны долоодугаар сарын 16-ны Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амнаас ургаж, унасан нь энэ. “Аавын сургаал алт” гэж зүйр үг шиг Улсын Ерөнхийлөгчийнхөө үйл хэргийг үг дуугүй, өчиггүй үргэлжлүүлэхээ тэрбээр зарлан тунхагласан байж мэднэ. Угаас айлаар төлөөлүүлбэл өрхийн тэргүүний үүргийг гүйцэтгэж яваа нь У.Хүрэлсүх.

Сонирхолтой нь, авлигын сүлжээг хуйгаар нь хяргахад анд найз, намынхаа журмын нөхдийг золиод ч хамаагүй улс орноо бодохоо илэрхийлсэн У.Хүрэлсүхийн идеалийг үргэлжлүүлэхээ амласан Л.Оюун-Эрдэнийн тэмцэлд парламентаас хүч нэмэх гол хөшүүрэг нь Б.Бат-Эрдэнэ даргатай Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо байх нь. 2020 оны сонгуулиар Хэнтий аймгийн 18 дугаар тойргийг төлөөлж, торойлгүй, хамгийн багадаа 7000 хүний саналаар тасархай ялалт байгуулсан эл гурван эрхмийн байр суурь жил хүрэхгүйн хугацаанд хэмжээлэшгүй томорсон юм. У.Хүрэлсүх Төрийн тамга атгаж, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, МАН-ын даргын “давхар дээл” нөмөрч, харин Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой асуудлыг дэнслэхээр парламентын түүхэнд анх удаа байгуулсан Байнгын хорооны даргын албатай болж дэвшив. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно гэж хэлсэн нь үнэн л юм бол нутгийн аварга болон дүүгийн хамтаар нийгэмд шударга ёсыг бодитоор тогтоохын төлөө зүтгэх алтан боломж. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нь авлигын эсрэг “ИХ АВ”-д мордоно гэсэн үг. Сонсоход чихэнд чимэгтэй, бичихэд урамтай тийм нэгэн зураглал. Гэхдээ ХЭРХЭН, ЯАЖ...?

Ерөнхий сайдын мэдэгдсэнээр эхний ээлжид дархан аварга Б.Бат-Эрдэнийн дэмжлэгтэйгээр төрийн албан дахь ах, дүү, хамаатан, садны томилгоотой тэмцэх юм гэнэ. Намд элсэж, улстөрч болсныхоо шагналд хоёр өөр намаас хоёулаа нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдож байсныг эс тооцвол төрийн албаны ураг төрлийн хэлхээг ухвал их юм гарна. Яг л "Хүрээний бузрыг дэлгэвэл далай" гэдэг шиг ойрын хэдэн жилдээ дуусахааргүй ажил овоорно. Тэр хэрээрээ нэгнийгээ чирнэ, тэгж явсаар Засгийн газрын сайд, парламентын гишүүдийн чихнээс хонх уяна. Магадгүй Ерөнхийлөгчийн хаалгаар бус тооноор ч орж мэднэ. Өт хүртэл биед нь хүрэхээр атирдагтай агаар нэг эргээд том эсэргүүцэл ирнэ. Харин түүнийг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дааж, давж, гарах уу? Хувь улстөрчийн карьер, холын улс төрөө бодоод байгаа бүхнээрээ дэнчин тавиад сөрөх үү? гэдэг нь эхний АСУУЛТ. Уг нь тэр бол 1992 оноос хойш төрсөн хамгийн хүчтэй Ерөнхий сайд ухаантай.

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд өвдөг шороодсон ч нэр, гар, сэтгэл гурав нь цэвэр юм болохоор Б.Бат-Эрдэнэ гишүүнийг асуудалд хамгийн хянуур, хариуцлагатай хандах Байнгын хороог удирдуулсан байх. Зүлэг ногоон дэвжээнээ ч жудаг нь дэндсэн дархан аварга явсан хүн. Гэхдээ Байнгын ажиллагаатай парламентын түүхэнд анх удаа байгуулсан Байнгын хороог аваргаар удирдуулснаар мэдэгдэхүйц өөрчлөлт, шинэчлэл, дэвшил гарсан уу? гэвэл үгүй. Гишүүдийн ёс зүй, сахилга хариулцага салхи оруулж, жишиг тогтоож, үлгэрлэсэн үү гэхээр бас л үгүй. Согтууруулах ундаа хэрэглэсэн нэгэн нь хурд хэтрүүлж осол гаргалаа. Золоор ямар хүнд бэртэж гэмтээгүй ч уучлал гуйгаад л өнгөрөв.

Араас нь нэр бүхий нэгэн гишүүнтэй холбоотой бэлгийн хүчирхийллийн асуудалд нийгмээрээ давалгаалав. Аварга таг дуугүй. Бодлогын, зарчмын, хамгийн гол нь улс орны хувь заяатай холбоотой хууль, дүрмийг хэлэлцэж, баталдаг чуулганы нэгдсэн хуралдааны танхим хар захын наймаачдын хэрүүлээс ч долоон дор хэмжээнд хүрч, хараалын үгээр нэгнээ нүдээд суух нь энгийн үзэгдэл болов. Сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг нь хэлж шаардах, сануулга өгөх бүрэн эрхтэй дарга нь бүр дуугүй. Харахад хослол өмсч, зангиа зүүсэн нэг л сайхан жудагтай, гүндүйгүй дархан аварга л сууж байх юм. Ийм нэгэн гүндүүгүй гэхээсээ гүлдийсэн багаар имижээ өөрчилсөн хууль тогтоогч Намын дарга, Ерөнхий сайдынхаа сэлэмний ир, жадны үзүүр болох уу? гэдэг нь эргэлзээтэй буюу хоёрдугаар АСУУЛТ. Зүлэг ногоон дэвжээнээ босоо явсан дархан аварга ч Монголын улс төрийн өрөг дээр тэр бол зүгээр нэг шатрын хүү л явсан хүн.

Ахнаасаа ард түмнээр тугаа хийсэн У.Хүрэлсүх амиа алдахаас ч айхгүй явсаар Ерөнхийлөгчийн сэнтийд суулаа. Гэхдээ хүсч суусан суудал нь түүнд тийм ч ээлтэй угтаагүй. Тангараг өргөх үеэсээ л парламентын спикертээ “чадуулсан” түүнийг тойрсон шүүмжлэл, эргэлзээ одоо ч намжаагүй байна, олон нийтийн дунд. Гэвч Ерөнхий сайд бус Ерөнхийлөгчийн хувиар дахин сэлэм эргүүлэх гарцыг өв залгамжлагч Л.Оюун-Эрдэнэ нээгээд өгчихлөө. Айдгаа хэдийнэ авдартаа хийж, алдах юмгүй болсон түүнд ард түмний нэрийн өмнөөс парламент, Засгийн газрыг шахаж ажиллах чиг үүрэг л байна. Хуулиараа хэд хэдэн эрх мэдлээ тануулж, гараа мухарлуулсан ч хүсч очсон суудал нь юм болохоор Ерөнхий сайд байсан үеийнхээ карьерийг Ерөнхийлөгчийн хувиар эргүүлэн олж авах нь зүйн хэрэг. Мэдээж тэгэхийн тулд хэн нэгнийг золигт гаргаж л таарна. Тэр нь магадгүй унаган намынх нь эрх ашигтай зөрчилдөж ч мэднэ. Гэхдээ энэ хүртэл өргөж, дэмжиж, дэмнэсэн бусдадаа "өр"-өө төлөх л хэрэгтэй.

Энэ дүр зургаас харахад авлигын “ИХ АВ”-д мордох ах дүүсийн тэмцлийн үр дүн бөөн сүржин мэдэгдлээс цаашгүй бүрхэг төдийхөн л харагдаж байна. Ингэж сүр дуулиан, шуугиантай эхлүүлчихээд өөх ч биш, булчирхай ч биш байдлаар тарамддаг нь улстөрчдийн гэм биш зан. Ингэхийн оронд зүгээр л хэнийг, хаана, хэзээ, хэрхэн томилж, томилуулснаа парламент төдийгүй Засгийн газрын гишүүдийн өөрсдийнх нь амнаас эхэлж үг унагаая! Хугацаатай үүрэг өгч сануулсан ч болно. Шаардлага биелүүлэхгүй бол нэр устай нь олон нийтэд зарлаж, төрийн албанд ажиллах эрхийг нь хэдэн жилээр хас. Тэгж байж төрийн залгамж чанар, мерит зарчим зөв шугамандаа орно. Намын батлахтай, цүнх баригчид бус жинхэнэ мэргэжилтнүүд байх ёстой газраа, ажил мэргэжил, авьяасаа шударгаар үнэлүүлж гэмээн тэр чинь л ардчилсан нийгэм, шударга ёсны төлөө хийх том ГАВЬЯА! Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, жудагтай дархан аварга аа!

С.Гандөл