Арван жилээс арлын Япон хүртэл зурсан амьдралын ЖИМ

“АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ” цувралдаа алс холын арлын Япон улсад ажиллаж, амьдарч байгаа М.Энхтөгсийн гэр бүлийг урьсан юм. Эмэгтэй хүний эрхэмсэг гоо, эгэл даруухан шинжийг илтгэсэн гэр гийгүүлэгчийг Б.Гэрэлмаа гэдэг. Тэдний хайраас ургасан бяцхан хүү Э.Ананд гурван настай. Хайр, хүндлэл, итгэл дээр хүмүүний амьдралын жаргал, зовлонгоо хуваалцаж яваа М.Энхтөгс ирээдүйн эхнэртэйгээ танилцсан түүх сонирхолтой.

Түүний аав Дархан-Уул аймагт прокуророор томилогдож очжээ. Тухайн үед Б.Гэрэлмаа сургуулиасаа шилжих шийдвэр гаргаж, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалтай “ОД” цогцолбор сургуулийн 5В ангид орсон нь ирээдүйн амьдралын замналын тод зураас байв. Том биетэй, шар охин дээрээсээ хоёрт жагсдаг бол М.Энхтөгс доороосоо хоёрт зогсдог байжээ. Жижигхэн биетэй, сахилгагүй хүү урд талын ширээнд сууна. Арван жилийн сургуулийн нэг ангид хоёрхон жил хамт сурахдаа шаргуу, шартай шар охин хэмээх бодол түүний сэтгэлд уяатай явсан гэдэг. Аавыг нь шинэ ажилд томилсон тул гэр бүл нь нүүдлийн шувуу мэт дагаж явсан ч учрах, уулзах ёстой хувь тавилангийн эрхээр хайрын төгөлд учрав.

No description available.Элчит тэрэгний машинист Баасанжавын бага охин болж мэндэлсэн Гэрэлмаа багын ичимхий даруухан, олон хүний өмнө ярьж чаддаггүй ч гэр бүл, найзуудынхаа дунд нүүрэмгий, сэргэлэн, хөгжилтэй. Номноос салахгүй, үргэлж уншиж, бичиж, тэмдэглэдэг байсан нь соён гэгээрүүлэх сэтгүүлзүйн салбарын эд эс болох эхлэл байв. Шүлэг тэрлэж, “Хүрэл тулга”, “Уран жиргээ” наадамд олны өмнө гараад сандардаг өөрийн айдсыг давахын тулд оролцоно. Тайз дээр гарч шүлгээ уншиж чадахгүй түгдчин сандарч байсан нь одоо ч түүний сэтгэлд тодхон.

Харин М.Энхтөгсийн хувьд түүнээс тэс өөр. Хөдөлгөөнтэй салхилгагүй. Ангийнхаа хүүхдүүдийг хөгжөөхдөө тун гаргууд нэгэн байсан гэв. Сагсан бөмбөг, компьютер тоглоно. Сурлагадаа ч сайн ч онц сурахын төлөө хичээдэггүй байж.

Аавынх нь чиглүүлсэн зам

Арван жилийн сургууль, ангийн найзууд, амьдралын дурсамж, дуртгал дүүрэн он жилүүд хөвөрсөөр. Сэтгэл зүрхэнд тодхон үлдсэн сайхан дурсамжийн нэг нь сэтгүүлч болох зураглалыг гаргаж өгсөн үнэ цэнэтэй үгс. Нэг өдөр Б.Гэрэлмаагийн эгч айхтар халуурч. Аавтайгаа өвдсөн эгчээ тайвшруулж, үзэг цаас нийлүүлж, “Хайрт эгчийн минь гар, Хайруулын таваг шиг халуун юм” хэмээн бичсэн шүлгээ аавдаа уншуулахад инээмсэглэн харснаа “Миний охин чинь бичгийн хүн юм байна шүү дээ. Шүлэг бичиж байгаарай” хэмээв.

Маргааш нь “Охин Б.Гэрэлмаад дурсгав” гэсэн бичигтэй номин цэнхэр тэмдэглэлийн дэвтрийг бэлэглэжээ. Хан хорвоогийн түшиг тулгуур хайрт аавынхаа сэтгэлээ шингээж өгсөн дэвтэр дээр шүлэг, өгүүллэг уйгагүй бичиж, онч үг хуулж, өдрийн тэмдэглэл хөтөлнө. Бүтээлээ ном болгон дэглэж, хэвлээд өөрийн гэсэн номоо “гаргав”. Дунд сургуульд байхдаа чөлөөт цагаараа хүхдүүдийн гараар бичсэн бие даалтыг компьютерт  шивж, хэвлээд хэдэн төгрөг олчихдог сэргэлэн сурагч байжээ.“Аав минь өндөр боловсролтой биш ч өндөр мэдрэмжтэй охиныхоо цаашдын амьдралын зам мөрийг тавилцаж өгч дээ гээд одоог хүртэл боддог. Навчис шаргалтсан намар, намайг оюутан болдог жил аав минь хайртай бүхнээ орхиод “явж” дээ” ...гэв.

Өөрийгөө ялан дийлж, хүсэл мөрөөдлийнхөө зүг хөдлөв

Бичих хүсэл ихтэй ч сэтгүүлч мэргэжил Б.Гэрэлмаагийн төсөөллөөс дэндүү хол мэт санагдана. Өөрт нь ахдах мэт санагдаж, үргэлж өөрийгөө голно. Арван жилийн сурагч охины нүдэнд сэтгүүлчид өөртөө дэндүү итгэлтэй мэт санагддаг байжээ. Гэтэл тэр эсрэгээрээ... Чадах болов уу, яах бол гэсэн хариулт нэхсэн асуулт, анхаарлын тэмдэгтэй дагана. Радио телевизийн сургуулийн танилцуулга болох алгын чинээхэн цаас ангийхан бүх хүүхдийн гараар дамжиж, адаг сүүлд нь эзнээ олсон мэт гар дээр нь ирэв. “Зураглаач, найруулагч, сэтгүүлч мэргэжлээр бэлтгэдэг гэсэн байлаа. Хөөрхөн хөөрхөн ах, эгч нарын зурагтай танилцуулга. Сүрдэж айсан ч ахиад л нүүр тулж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр ээжтэйгээ гал тэргэнд суугаад хотод ирээд шалгаруулалтад оролцжээ. Оюутан эгчийнхээ ганган хувцаснаас гуйж өмсчихөөд муухай болгочихгүй юмсан гэж бодож явснаа санадаг. Бичсэн эссэгээ уншиж, уншсан номоо тайлбарлаж, камерын өмнө анх удаа гарч, багш нартайгаа ярилцсан. Ярилцлагын дараа өөртөө итгэх итгэл маань бага багаар “амилж” эхэлсэн юм” гэв.  

Gerelmaa Baasanjav гэх мэтийн зураг байж болноИчимхий бүрэг олны өмнө гарааaд ярьж чаддаггүй охин оюутан болоод өөрчлөгдөж эхлэв. Ангийнхан дундаа сурлагаараа толгой цохиж, багш нарынхаа хараанд өртөж, гуравдугаар курсээсээ Үндэсний телевиз хэмээх том айлын үүдийг татаж, түүхэн баримтат киноны албанд туслах хийв. Архивын баримтуудыг 100, 100 хуудсаар нь номноос шивж буулгасаар нэг л мэдээ нүдээ аниад ч шивж чадах хэмжээнд хүрчээ. Түүний дараа шинэхэн байгуулагдсан сайтад ажиллаж байгаад төгссөн сургуульдаа “дадлагажигч багш”-аар ажиллах аз тохиосон гэдэг. Эх орон телевизэд ажиллаж, камерын өмнө гацахгүй ярьж, РТМУС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд төгсөгчдөө төлөөлж, үг хэлтлээ өөрийгөө ялан дийлж, өөрчилж чаджээ. Тэрбээр өдгөө 10 жил сэтгүүл зүй хэмээх гэр бүлийн нэгэн гишүүн болж, автораараа танигдаж, алс холоос нийтлэлээ бичиж, уншигчдаа хүргэсээр байна.

 Хувь заяагаар дахин учиржээ

Их сургуулиа төгссөний дараахан, арван жилийн ангийнхан нь уулзах үеэр долоодугаар ангидаа шилжээд сураггүй алга болсон М.Энхтөгс иржээ. Өөрөөс нь өндөр болчихож. Алхам тутамдаа л алиалж явдаг байсан хэлэмгий хүү дуу цөөтэй даруухан залуу болжээ. Олон жилийн дараа уулзахад тэдний ааш зан, байгаа байдал солигдчихсон байв. Түүнээс хойш хоорондоо адилхан сонирхолтойгоо мэдэж, долоо хоногийн нэг өглөө хамтдаа философийн лекц сонсдог болжээ. Хагассайн бүрийн өглөө эртлэн босч, хамтдаа халуун кофе ууж, лекц сонсдог нь байсан нь тэдний анхны болзоо. Тэр үеэс хоёр биендээ татагдаж, хайр сэтгэлээр холбогдов.

No description available.Б.Гэрэлмаа ханийнхаа мэдлэг чадвар, аливаа асуудалд бодитоор хандаж, шийдвэр гаргахдаа нухацтай, сэтгэлийн хөдөлгөөнөө барьж, өөрийгөө удирдаж чаддаг үнэнч занд нь татагдан дурлажээ. Харин М.Энхтөгс үзэл бодол, байгаа бодол, царайнд татагджээ.

Хайр хүндлэлээс эхэлдэг гэдэг афоризмд хосуудын санал нэгддэг. Хэн хэнийхээ эцэг эх, сонирхол, оршихуйг хүндэлж, үнэт зүйлд нь халдахгүй, халамжилж, харилцан ойлголцохын зэрэгцээ өөрийн бие нэгээр нэмэгдсэн мэт хамдса байхдаа хүчтэй байхыг л хайр гэдэг хэмээв.

Хүсэн хүлээсэн хүүтэйгээ уулзав

Тэд гэр бүл төлөвлөлт, амьдралынхаа зураглалыг гаргаж, хүүхэдтэй болох тохиромжтой нас ирлээ гэж шийджээ. Б.Гэрэлмаа жирэмсний найман сар хүртлээ ажилласан учир М.Энхтөгс шар тос, сүүлний тосоор хөлний уланд нь массөж өдөр бүр алгасалгүй хийж өгнө. Дүүргийн эмнэлэгт үзүүлэхэд өглөө 06.00 цагт эртлэн босч, дугаарлаж эмчийн үзлэг цаг авна. ЭХО болон шинжилгээний өдрүүдэд цаг гарган хамтдаа явна. Хоол унданд хүртэл санаа тавина. Хүүхдээ хэвлийд хэрхэн өсч бойжиж байгааг долоо хоног бүр эхнэртээ уншиж өгнө. Хамтдаа сургалтад хүртэл сууж, хэрхэн төрүүлэх, өсгөх талаар мэдээлэл авдаг байжээ.

No description available.Хүүтэй болоод эхнэрээрээ бахархаж, өөрийнх нь удмыг үргэлжлүүлэх улаан нялзрай үрээ төрөхөд хязгааргүй их баярласан гэдэг. Хорвоод ирснээ зарлаж, уйлж, мөөмөө, идэж, хөдөлж хэвтсэн Э.Анандыг хараад тэд “Биднээс үл хамаарсан. Өөрөө өөрийгөө удирдаж, шийдвэр гаргадаг. Бидний нэг хэсэг болсон бие хүн байна. Хүн бүтээчихлээ гэжүү” хэмээн гайхах баярлах зэрэгцжээ.

Хариуцлагатай, хүчтэй, зоригтой, үр хүүхдээ хамгааж чадахаар аав ээж болох ёстой. Шинэхэн аав ээжийн хувьд мэдэхгүй олон зүйлтэй нүүр тулдаг ч бүгдийг нь даван туулсаар иржээ. Энэ талаар Б.Гэрэлмаа  “Мэдээж айдас,  алдаа оноо, өвчин зовлонтой өдөр бүр нүүр тулахад ч бэлдэнэ. Ханиад, хатгаа, гэдэс, арьсны өвчин, төрөлхийн өвчин, нүд, чих, бөгс улайх, нурах, шалтгаан нь мэдэгдэхгүй уйлах гээд л элдэв асуудлууд өдөр алгасахгүй л тохионо. Гэвч, өөрсдөө шийдэж хүүхэдтэй болсон бол хэнд ч ялархаж, гомдоллохгүйгээр “зовох” ёстой санагдана. Эсрэгээрээ үр хүүхэдтэй болохын жаргалаа бид хэнтэй ч хуваалцахгүй өөрсдөө л эдэлж байгаа шүү дээ” гэсэн юм.

Цаг хэмээх алт

Тэдний гэр бүлийн ажлын нэг өдөр 07.00 цаг эхэлнэ. Эхнэр нь эртлэн босч, өглөөний цайгаа бэлдэж, ханийнхаа өдрийн хоолыг хийнэ. Гэрээсээ хоолоо авч явах нь эрүүл мэндэд ээлтэй төдийгүй санхүүд ч сайн хэмнэлттэй. Хамтдаа өглөөний цайгаа ууж, өдрийнхөө төлөвлөгөөний талаар харилцан ярилцана. Японд сарын өмнөөс хийх ажлынхаа төлөвлөгөө тодорхой гаргаж, ханын хуанлид тэмдэглэнэ. Бүхий л зүйл цагийн хуваарийн дагуу үргэлжилдэг жишигтэй. 07.51 цагт гэрийнх нь гадаа цэцэрлэгийн автобус ирнэ. Аав нь хүүгээ үүдэнд гаргаж өгч, үднэ. Харин 08.00 цагт хогийн машин ирдэг учир ангилсан хогоо аваад автобус ирэх хүртэл өнгө өнгийн сагсанд ялгаж хийнэ. Хогоо хаяхдаа угаасан байдаг тул бохирдохгүй. Энэ үйлдвэл нь хүүхдээ багаас нь хогоо ангилж, ялгаж сургах арга ухаан ажээ. М.Энхтөгс ингээд ажлын зүг явна. 

No description available.Харин Б.Гэрэлмаагийн ажил 14.00 цагаас. Тэр болтол гэрээ цэвэрлэж, цэгцэлж, өөрийнхөө дуртай бичих ажлаа аз жаргалтайгаар хийгээд ажлын зүг явдаг байна. Э.Анандын цэцэрлэг 18.00 цагт тарахад аав нь очиж аваад, 21.00 цаг хүртэл хоёулаа цагийг үр бүтээлтэй өнгөрүүлнэ. Ээжийн ажил 00.00 цагийн үед тарж хамгийн сүүлийн гал тэргэнд амжиж сууж, амрахаар гэрийн зүг гэлдэрнэ.  Японд “Аав хүүгийн өдөр” ажлын хоёр өдөр тохиодог бол “Ээж хүүгийн өдөр” гурван хоног.  Ээж нь ажилгүй өдрүүдэд хүүгээ тоглоомын талбайд тоглуулж, гадуур хамт зугаалж, унтуулах зэргээр үргэлжилнэ.  Амралтын өдрөөр гэр бүлээрээ байх хором мөчийг үр бүтээлтэй өнгөрүүлж, дурсамж бүтээнэ. Усан сан орж, номын санд зочилж, амьтны хүрээлэн, музей үзэх,  загасчилж өнгөрөөдөг байна.

C.Ичинхорлоо

No description available.

No description available.