Эсгийн дээр буулгадаг Монгол ахуй

“БҮТЭЭЛЧ МОНГОЛ ЭРЧҮҮД” цувралдаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нэгдүгээр сургуулийн дизайн технологийн багш Б.Ганбатыг урьсан юм. Хүүхэд байхаасаа зураг зурах сонирхолтой байсан нь УБИС-ийн урлал техникийн мэргэжлийг сонгон суралцах сэдлийг өгчээ. Тэрбээр сурсан мэдлэгээ сурагчдад заахаас гадна өөрийн уран бүтээлийг өвөрмөц шийдлээр туурвиж байна. Өвөрмөц гэж тодотгохын учир эсгийн дээр өнгөтөөр зураг зураад 10 жил болж байна. “Эсгийн дээр зурах санаа санамсаргүй төрсөн гэж хэлж болно. Өмнө нь энд тэнд явж байхад эсгийн дээр зурсан зураг олныг үзэж, сонирхсон. Тэдгээр зургаас санаа авч арай өөр хувилбараар зурах ямар арга байна гэж бодож, судаллаа. Эсгийн дээр яагаад өнгөтөөр зурж болдоггүй юм гэсэн санаагаа төрсөн. Тэгээд л зурж эхлээд олон жил болж байна” гэв.

Эсгийн дээр зураг зурахад уран бүтээлчээс өндөр ур чадвар, урлагийн мэдрэмж, нягт нямбай ажиллагаа цаг хугацаа их шаардана. Шат дамжлага ихтэй. Эхлээд маш хатуу нягт эсгий сонгож, худалдаж авахаас ажил эхэлнэ. Дараа нь эсгийн дээр зэрэх хар зургаа гаргана. Мэргэжлийн хэллэгээр бол хэв буюу шовлоом гэж нэрлэдэг. Гаргасан шовлоомынхоо дагуу монгол зургийн технологийн аргаар шивүүр хийнэ. Шивүүрийнхээ дагуу нэгбүрчлэн буулгадаг байна. Ингэж буулгасан зургаа холбож зурж тодруулна. Зураасны дагуу тусгай багажаар технологийн аргаар түлж, өнгө тавьж, сүүлийн хувилбар руу шилжиж, контур тавьдаг. Эцсийн шат бол хүрээлж, арам жааз хийсний дараа бүтээл бэлэн болж, эзэндээ очдог байна.

No description available.Нэг бүтээл хийхэд хэдий хэмжээний цаг хугацаа шаардах нь эндээс харагдана. Б.Ганбат үндсэн ажлынхаа хажуугаар бүтээлээ хийдэг учраас товлосон хугацаанаас хойшлох тохиолдол бишгүй. Одоогоор 10 гаруй нэр төрлийн 40 орчим бүтээл туурвижээ. Монгол ахуй соёлыг илтгэсэн зургийг захиалгаар зурдаг байна.

Эсгийн дээр өнгө гаргаж зурсан эсвэл зулж хийсэн бүтээлтэй олон тааралдаж байсан ч өөрийнх шиг өвөрмөц шийдлээр өнгөтөөр зурсан зургийг хараагүй гэнэ. “Эхнэртэйгээ олон газраар явж үзсэн. Миний арга барилаар эсгийн дээр өнгөтөөр зурсан бүтээл байдаггүй. Гөрж болон зурсан зураг байдаг. Тэр бүтээлүүдээс минийх илүү өвөрмөц, шинэлэг хийцтэй санагдсан” гэсэн юм.

Б.Ганбат анх монгол зургийн чиглэлээр анх зурдаг байсан бол бүтээлээ бүр сайжруулах зорилго тавьж уран зурагтай хослуулж зурж эхэлжээ.

Зурж эхлэхдээ усан будгаар зурдаг байсан гэнэ. Олон жил болохоор өнгө нь хувирахаас эхлээд асуудал тулгарна. Орчин үед зураачдад зориулсан будаг хэрэгслийн төрөл олширсон нь түүнийг бүтээлээ сэтгэл амар туурвихад урам өгчээ. Акрилк болон арьсны будгаар өнгө тавина. Ингэснээр олон жилийн настай бүтээл болно.

С.Ичинхорлоо

No description available.

Зорьж ирээд захиалгаар зураг зуруулдаг хүмүүс олон. Улсын их дэлгүүрт бүтээлээ борлуулдаг байжээ. Интернэтэд зургийн байршуулах, бодитоор бүтээлийг харах хоёр тэнгэр, газар шиг ялгаатай. Тиймээс сошиал орчинд зар тавихад хүмүүс төдийлөн сонирхдоггүй учир бүтээлээ олшруулах талд анхаарч ажиллаж байна.

Б.Ганбат гарын ганц шавьтай. Залгамж, халаа үргэлжлэл болсон шавь нь өөрийн гэсэн уран бүтээлд шамдан ажиллаж байна. Эсгий зураг уйгагүй сууж хийдэг учраас тухайн бүтээлчээсээ тэсвэр тэвчээр шаарддаг гэдгийг онцолж байв.

Гаднын зорчид ирэхэд монгол ахуйг соёлыг илтгэсэн бүтээлээ сонирхуулах үүднээс үзэсгэлэн гаргаж байжээ. “Сүхбаатар суманд Боловсрол соёл урлагийн газрын 60 жилийн ойгоор зөвхөн багш нарын бүтээлийн үзэсгэлэн гарсан. Үзэсгэлэнгээр олны таашаалд их нийцэж цаашид хамтарч ажиллах, захиалага авах боломж шинээр бий болсон. Цаашдаа илүү олон бүтээл гаргаж түгээн дэлгэрүүлж олонд танигдах, эсгий урлалын өөр бүтээлчидтэй танилцаж хамтарч ажиллахыг хүсдэг. Өөрийн гэсэн урлантай болж үзэсгэлэн гаргах зориоготой”  гэдгийг тэрбээр онцолсон юм.

No description available.No description available.No description available.No description available.