Прокуророос Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татсанаа мэдэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан шалгаж байгаа талаар Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

Тодруулбал, "Ц.Элбэгдоржийг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой хэрэгт яллагдагчаар татан шалгаж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгоогүй болно" гэж мэдэгджээ. Ингэхдээ "Хэргийг шалгаад удаж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээгээр Ц.Элбэгдоржийн хэрэг замхарлаа, шалгахаа больсон гэсэн ташаа мэдээлэл гарсан. Хэргийг УЕПГ үргэлжлүүлэн шалгаж байгаа" гэжээ.

Монгол Улсын Засгийн газар "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах давуу эрхээсээ татгалзаж, хувийн аж ахуй нэгжид худалдан авах боломж олгосон байдаг. Тухайн үед Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Түүнийг УЕПГ-аас тус хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаад удаж байгаа бөгөөд хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх юм байна.