Л.Оюун-Эрдэнэ: Төр хувийн хэвшлийн түншлэлийн нэг хуудсыг хамтдаа бүтээе

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол-Оросын бизнесийг дэмжих болон ОХУ-аас хөрөнгө оруулалт татах боломж” сэдэвт төр хувийн хэвшлийн хамтарсан уулзалтад оролцлоо. Уулзалтыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ "Энэ жил Монгол, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байна. 100 гэдэг их том тоо. Ирэх 100 жил хоёр улсын хувьд эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг цоо шинэ түвшинд гаргах ёстой. Цар тахал дэлхий нийтэд хөдөлгөөний удаашрал бий болгосон. Бид цар тахлын дараах үеийн эдийн засагт бэлэн байх нь чухал. Хасах 5.3 хувьтай байсан эдийн засаг өнөөдөр 6.3 хувьтай болоод байна. Одоо бүгдээрээ төр хувийн хэвшлийн түншлэлийн нэг хуудсыг хамтдаа бүтээе. Үүний тулд би гадаадын хөрөнгө оруулагч нараасаа уучлалт гуйсан. Бид гадаад хөрөнгө оруулагч нартай таагүй ханддаг гээд олон асуудал гаргасан. Одоо үүнийг өөрчилж, төр шийдвэр гаргахаасаа өмнө хөрөнгө оруулагчидтайгаа уулздаг болно. Цар тахлын хүнд үеийг давж, ДНБ-ээ хоёр дахин нэмэхийн төлөө ажиллана" гэлээ.

Монгол, Оросын харилцааны олон салбар дотроос худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тааруу байгааг Ерөнхий сайд яриандаа дурьдаад манай улсын экспортын бүтцэд 1992 онд ОХУ 58.5 хувийг эзэлж байсан (БНХАУ 17.8 хувь) бол 2019 онд ОХУ-ын эзлэх хэмжээ 0.9 хувьд хүрсэн (БНХАУ-ын эзлэх хэмжээ 88.9 хувь) үзүүлэлттэй байгааг хэллээ. Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон 2009 оноос Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон 2019 он хүртэлх өнгөрсөн 10 жилийн хоёр орны харилцааг харахад 2014 оноос хоёр орны иргэд харилцан визгүй зорчих болсныг эс тооцвол бодитой үр дүн гараагүй гэх шүүмжлэл бий. Иймд хоёр талын худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулах нэг гарц нь ОХУ багтдаг Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах юм байна.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Евразийн эдийн засгийн холбоотой хамтарсан судалгааны ажлын хэсэг байгуулж, Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах эдийн засгийн үндэслэлийг судлах ажлыг эрчимжүүлэх болно. Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг урагшлуулж, шинэ шатанд гаргахад Оросын Худалдааны төлөөлөгчийн газрын оролцоо чухлыг дурьдаад бизнес эрхлэгчдэд хандан "Бүх зүйл тодорхой байвал Засгийн газраас шийдвэр гарч болно. Хамгийн гол нь энд тэнд яриад орхих биш санаануудаа нэгтгээд концепц болгох нь чухал. Манайхан хөрөнгө оруулалт яриад байдаг. Гэтэл манайд ТЭЗҮ нь хийгдсэн төсөл байдаггүй. Тэгэхээр илүү мэргэжлийн байхад хандлагаа чиглүүлье" хэмээлээ.