Хүүхдээ аюулгүй тээвэрлэж байгаа эсэхийг хянана

Хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Тээврийн цагдаагийн албанаас  эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэв.

Энэ үеэр "Хүүхдийн зам тээврийн ослоос сэргийлэхийн тулд Тээврийн цагдаагийн албанаас олон арга хэмжээг зохион байгуулж байна. Маргааш сургууль орчмын гарцууд дээр Тээврийн цагдаагийн алба бүрэн бүрэлдэхүүнээр ажиллана. Хүүхдээ аюулгүй тээвэрлэж буй эсэхийг хянах юм.

Эцэг эхчүүдийн гаргаж буй нийтлэг алдаа нь 10 хүртэлх насны хүүхдийг гэр ойрхон гэх шалтгаанаар ганцааранг нь явуулах, сургуулийнх нь гадаа буулгадаг. Үүнд цагдаагийн байгууллага хяналтаа эрчимжүүлнэ. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ сургуульд нь хүлээлгэж өгөх, тарах үед нь гараас нь хөтөлж авч байх шаардлагатай. Хүүхэдтэйгээ хамт гарцаар гарч байх, гараас нь хөтөлж явах, тээврийн хэрэгсэлдээ аюулгүй тээвэрлэн явж байхыг зөвлөж байна" гэдгийг Тус албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир хэллээ.

2019 оны есдүгээр сард улсын хэмжээнд 59 хүүхэд гэмтэж, долоон хүүхдийн амь хохирсон байна. Харин 2020 оны есдүгээр сард таван хүүхдийн амь нас хохирч, 96 хүүхэд хүнд болон хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртжээ. Иймд эцэг эх, асран хамгаалагч нарыг хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь өөрсдөө хүргэж өгөх, тээврийн хэрэгсэлдээ зориулалтын суудалд суулгах, зам гарахдаа зөвхөн гарцтай газраар гарах зэргийг хэвшүүлэх ёстойг зөвлөж байна.