ГХЯ: Хэргийн хохирогчийг олон нийтэд мэдээлэхгүй байхыг биднээс хүссэн

БНСУ-ын Инчон хотын Бүпён дүүрэгт хоёр жил гаруй буудалд ажиллаж байсан монгол эмэгтэй солонгос захиралдаа зодуулсан хэрэг гарсан. Солонгос захирал нь түүнийг хүчирхийлэхийг завдахад хохирогч эмэгтэй эсэргүүцсэнээр зодуулжээ.

Хохирогч эмэгтэй амьд гарахын тулд буудлаас өмссөн хувцастайгаа хөл нүцгэн зугтан гарч, ойролцоох дэлгүүр рүү гүйж ороод, дэлгүүрт байсан хүмүүсээс тусламж хүссэнээр аврагджээ. Гэвч хэсгийн цагдаа хохирогчийг хууль бусаар оршин сууж байсан гэх шалтгаанаар эмнэлгийн анхан шатны тусламж ч үзүүлэлгүй шууд саатуулах байр руу шилжүүлсэн байна.

Хохирогч эмэгтэй өдгөө хоол ч идэж чадахгүй хүнд буй тухай БНСУ дахь "Монгол нийгэмлэг" ТББ-ын тэргүүн Н.Аззаяа цахим хуудастаа бичжээ. Уг асуудлаар Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас дараах тайлбарыг хийжээ.

Тайлбарт "Солонгос Улсад болсон үйл явдлыг ГХЯ, Сөүлд бга Элчин сайдын яам эхнээс нь анхаарал тавьж байгаа. Бид бүхий л арга хэмжээг авч, тусламж дэмжлэг үзүүлж байна. Уг хэргийн хохирогч иргэн Н олон нийтэд мэдээлэхгүй байхыг биднээс хүссэн. Бид цаашид шаардлагатай арга хэмжээг авах болно" гэжээ.