Б.Жавхлан: Төрийн байгууллагын барилга, унаанд хөрөнгө оруулалтын зардал тавихгүй байхаар зохицуулна

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Нүүрсний экспорт хамгийн өндөр байсан үе нь 2019 он. 36,5 сая тн байсан. Энэ оны хувьд биднээс шалтгаалахгүйгээр хүндрэл үүснэ. Гэхдээ ирэх оны төсөвт 2019 оныхоо хэмжээг хадгалахаар төлөвлөсөн. Үүнийхээ төлөө бүх зохион байгуулалтыг хийнэ. Харамсалтай нь, экспорт зөвхөн нэг улсаас шалтгаалдаггүй. Хоёр гүрнээс шалтгаалдаг. Тиймээс тодорхой ажлыг хэрэгжүүлнэ. Төмөр замаар тээвэрлэдэг, төмөр, зэс төлөвлөсөн хэмжээнд явж байна. Төсвийг хийхдээ эхэлж алдагдлаа зоодог. Эрүүл мэндийн салбарыг нэгт тавьж байгаа. Бусад нийгмийн салбарт боломжийнхоо хүрээнд хэмнэлт хийнэ. Ирэх жил төрийн байгууллагын байшин, унаанд хөрөнгө оруулалтын зардал тавихгүйгээр ажиллаж байна. Аравдугаар сарын 1-нд төсвөө боогоод УИХ-д өргөн барина. 15-нд эцсийн байдлаар батлах эрх нь парламентад бий. Концессын өрийг хурдан дуусгах шаардлагатай. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих дэд бүтцийг шийдэх нь чухал.

Тог, цахилгаан дулааны хөнгөлөлт арванхоёрдугаар сарын 31-нээрээ дуусгавар болно. Халамжийн зардал тусдаа. Түүнээс хамгийн том нь Хүүхдийн мөнгө. Төсвийн тодотголын хүрээнд одоогийн мөнгийг хэвээр үргэлжүүлэхээр шийдсэн. Ковидын үед өрхийн орлогыг дэмжсэн нэг хэлбэр. Мэдээж Хүүхдийн мөнгөтэй холбоотой хувилбарууд байгаа. Ирээдүйд хуримтлал болгох, зөвхөн дэвтэрт бичихгүй зэргээр. Хөрвөх чадвартай байхаар зохицуулна" гэлээ.