Г.Мөнхбаяр тэргүүтэй дөрвөн Элчин сайд ИЖБ-ээ авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсүхийн Баярсайхан, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бирваагийн Мандахбилэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржийн Баярхүү, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гомбосүрэнгийн Мөнхбаяр нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж, амжилт хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч эх орныхоо нэрийг өндөрт өргөн, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, сахилга бат, дэг журамтай, нэг цонхоор харж ажиллахыг Элчин сайд нарт захилаа.

Монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, ялангуяа гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, монгол хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, суугаа орон болон тухайн бүс нутгийн хэмжээнд эх орноо сурталчилан таниулах, хөрөнгө оруулалт татахад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.