Засгийн хамгийн ХЭРЭГЦЭЭТЭЙ САЙД

Улстөрч бүр томруулбал УИХ-ын гишүүн хүн Төрийн бус байгууллга эзэмшихийг хориглосон хууль Монголын парламентын түүхэнд ах удаа гарч байв. Гарч юм биш, бүр баталж байлаа. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд шинээр тангараг өргөсөн парламент бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс өмнө. Харин шинэ УИХ, түүнийг бүрдүүлэгч гишүүд уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, түүнийхээ цоорхойгоор хэд хэдэн ТББ тэргүүлэх эрхээ эдэлж буй нь өнөөдөр. Нэгэнт баталсан төслийг үсүйсгэж болохгүй, хууль эргэж үйлчилдэггүй учраас ТББ тойрсон асуудлыг энэ удаад азная. Харин энэ Засгийн газрын хамгийн ХЭРЭГЦЭЭТЭЙ сайдын тухай өгүүлэх гээд байгаа хэрэг. Нэр нь Х.Нямбаатар. Эрхэлдэг албан тушаал нь Хууль зүй, дотоод хэргийн сайд. Тэрбээр УИХ-ын гишүүн цаг үеэсээ хамгийн дуулиантай, анхаарлын төвд оршиж ирсэн нэгэн. Эрүү болон Зөрчлийн хуулийн хэлэлцүүлгийн үеэр олон нийт гэхээсээ тохой нийлүүлэн суугаа ангийн гишүүд нь түүнийг чичилж байсан нь саяхан, өмнөх парламентын үе. 

Харин өнөөдөр Засгийн газрын хамгийн түших цэг, тулгуур багана болсон хуулийн салбарыг тэргүүлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй өмнөх УИХ-ын үеэс шударга ёсны тэмцлээ эхлүүлсэн, танхимд нь улирч, улираасан сайдын нэг гэхээр одоо ч тэдний бодлого нэгэн зүгт зангидагддаж, мөн чиглэгдэж буйг өгүүлнэ. Гэхдээ гүйцэтгэх засаглалын тэргүүн бусдаасаа илүү түүнд итгэж, шуугиантай асуудал бүрийг даатгаж ирснийг өнөөдөр хавсарган гүйцэтгэдэг албан тушаалаас нь харж болохоор. Улс төрийн нэр томъёолол нь үүнийг “давхар дээл” гэдэг юм.

Нэгдүгээрт, тэр УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд. Хоёрдугаарт, Л.Оюун-Эрдэнийн санаачлан байгуулсан Авлигын эсрэг комисс, Засгийн газрын нэрийн өмнөөс Рио Тинтой хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч. Замын-Үүдийн мафи /өөрийнх нь хэлснээр/-ийг таслан зогсоож, засан сайжруулах тагнуул, цагдаа тэргүүтэй хуулийнхныг чиглүүлэгч. Хамгийн сүүлд түүнийг Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийн хамгаалах ажлын хэсгийн ахлагчаар мөн томиллоо. Жирийн нэгэн гэлтгүй гадаад тавцанд бараг л Ерөнхий сайдын энтэй.

Улс орныхоо төлөө энэ бүх яс янгинуулах ажлынхаа хажуугаар Монголын боксын холбооны тэргүүнээр сонгогдсон ажиллаж байгаа нь ч анхаарал татна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимын хамгийн ХЭРЭГЦЭЭТЭЙ сайд нь Х.Нямбаатар аж. Гэвч түүний тэргүүлж, тэргүүлсэн, удирдан чиглүүлдэг Ажлын хэсэг, зангидаж, гүйцэтгэх ажиллагаа, явуулсан бие бүрэлдэхүүн, шинээр сонгогдсон холбооны уур амьсгал ямар төвшинд байна вэ? 

Авлигын асуудалтай холбоотой хамгийн их гомдол ирүүлдэг Газрын албатай холбоотой мэдээллийг Ерөнхий сайд нь нээлттэй болгохыг шаардаж, Рио Тинтотой хийх хэлэлцээнд дэвшил гарсангүй. Адаглаад Замын-Үүд дэх аалзны тор мэт хэрсэн авлигын сүлжээний хүрээнд хуулийн хариуцлага хүлээх хүн байсангүй. Шинээр томилогдсон боксын холбоо тойрсон асуудал нэг, нэгжээд бус нийтийн ярианы сэдэв болсон нь ч өөрөө нэгийг өгүүлэх шиг. Адаглаад Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийн хамгаалахад эрхэм сайд юу хийж, хэрэгжүүлэхээ урьдчилсан байдлаар танилцуулж, мэдээлэл өгөөгүй л байна.

Г.Эрхэс