Хайраар урладаг даашинз

 

"Таван жилийн өмнө ханьтайгаа танилцсан. Манай хамаатны дүүгийн найз охин. Анх дүү гээд л харилцдаг байлаа. Нэг л мэдэхэд дурлаж, түүний талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг байсан” гэж дизайнер Г.Батболд ярилаа. Түүний хувьд эхнэр А.Батзултайгаа энэ үед танилцаж, хайрын түүхээ эхлүүлжээ. Өдгөө тэрээр хайрлаж, дурлаж, хамтын амьдралаа эхлүүлж, хийж бүтээх хүсэл мөрөөдлийнхөө үр дүнд охид бүсгүйчүүдийн дунд хэдийнэ орон зайгаа эзэлсэн "B&B Mongolian fashion"-ыг амжилттай үүсгэн байгуулж, байр сууриа олоод байна.

“B&B Mongolian fashion”-ыг үүсгэн байгуулсан түүх сонин агаад сонирхолтой. Хөдөлмөрч хүн бүрийн анхны бүтээл зүрх сэтгэлд нь төдийгүй үр хүүхдэд нь өвлөгдөн үлддэг гэдэг. Хайрлаж, дурлаж, хамт хөтлөлцөөд явж байхдаа нэг зүйлд хоёулаа сонирхолтой гэдгээ мэджээ. Тэр нь оёж, хатгаж, урлах. А.Батзул өөрийнхөө урласан дэгжин даашинзыг өмсөөд дэлхийн загварын тайзан дээр дахин давтагдашгүй цор ганц бүтээлийг “амилуулах” хүсэлтэй гэдгээ хэлсэн байна.

Тэрээр бага байхдаа хувцсаа өөр загварт оруулаад өөрөө өөрчлөөд оёод өмсчихдөг байж. Загвар зохион бүтээгч алдартай дизайнер болно гээд тэмдэглэлийн дэвтэр дүүрэн царай муутай хүүхнүүд зурчихдаг байсан нь одоо дурсамж болон хадгалагдан үлджээ.

Харин Г.Батболдод оёх өгөгдөл ээжийн нь удмаас өвлөгдөн иржээ. Түүний ээж оёдолчин учир тусалж, хажууд нь байсаар өөрийнхөө хэмжээнд бэлэн эсгүүрээр малгай, бээлий оёхыг сураад авсан гэдэг. Сурсан юмыг сураар  боож болдоггүйн адил  анхны бүтээл бүхэн хүний зүрх сэтгэлд хоногшиж үлддэг. Тиймдээ ч  шинэ жилийн  үдэшлэгийн даашинзыг хийж өгөхөө хайртай бүсгүйдээ амлаж, хариуцлагатай хэрнээ хамгийн сайхан үүргээ аз жаргалтай гэгч нь биелүүлэхээр бэлтгэлээ базаажээ. Бэлэн эсгүүрээр малгай, бээлий оёж байснаас эмэгтэй хүний шинэ жилийн гоёлыг урлана гэдэг хэн бүхний санаанд буух зориг, санаснаараа болгох ажил биш. Хайртай бүсгүйнхээ даашинзыг өөрөө урлана гэдэг хамгийн сайхан ч бэлэн эсгүүрээр оёдог түүнд бас бус асуудал тулгарсан гэнэ. Хэрхэн, яаж эсгэх талаараа хэсэг бодож байснаа А.Батзулыг хүрээд ирээч гэж дууджээ.

“Шинэ жилийн өмнөх өдөр эсгүүр гаргах хэрэгтэй байна. Хүрээд ирээч, хайр аа гээд дуудсан. Би ч одоо хийгээгүй юм чинь худлаа байх гэж бодоод очсон. Намайг ороход газар материалаа дэлгээд тавьчихсан, “дээр нь хэвтэж бай” гэсэн. Гэтэл хадам ээж орж ирээд “эсгүүрийг ингэж гаргадаг юм уу” гээд инээгээд байлаа. Тэгж эсгүүрээ гаргачихаад оёж эхлэв. Таван цаг сууж оёсон.  Дууссаныхаа дараа өмсч үзэхэд яг сайхан таарсан даа. Шинэ жилийнхээ үдэшлэгт ороход хүн бүхэн “Гоё даашинз өмсчээ. Сайхан харагдаж байна” гэсэн. Дөрвөн жилийн өмнө хүмүүс өмсдөггүй, трэнд загвар байв. Үдэшлэгийн дараа олон охин над руу чат бичсэн. Даашинзаа прокатлах уу, зарах уу гээд л. Миний хувьд нандин учраас би хэнд ч өгөөгүй. Одоо ч гэсэн харахад хайр хүрээд хадгалаад хааяа нэг өмсдөг юм” гэв.  Олон хүнээс урмын үгс сонссон хос охид бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг илтгэсэн даашинз урлах шийдэлд хүрчээ.

“Бид хоёр гэртээ өдөр шөнөгүй оёод л байсан. Оёсон даашинзаа хүргэж өгөхөөр хотын нэг захаас нөгөө зах  руу хөтлөлцөөд хамт алхчихдаг байлаа. Аливаа зүйлийг хийхэд алдаа оноо хамт дэнслэгдэж байдаг. Зарим хүний сэтгэлд таарахгүй тохиолдол байсан. Алдаагаа ухамсарлаад ахиад л оёно. Хийж бүтээж хөдөлмөр гаргах бүрт төрсөн бүтээл төгс болдог байх. Түүний адил хийх тусам сайжирч нэг л мэдэхэд охид бүсгүйчүүдийн дунд орон зайгаа эзэлсэн. Анх гэртээ оёдог байсан бол одоо өөрийн гэсэн ажлын байр, захиалагчид, дэлгүүртэй хүртэл болоод амжжээ. Өөрийн гэсэн өвөрмөц хэв маягтай ЖДҮ эрхлэх гэхээр хөрөнгө мөнгөн дээр гацдаг асуудал их бий. Бидний хувьд ч бас яг л тийм байлаа. Хийх хүсэл мөрөөдөл их байв ч санхүүгийн хувьд бэрхшээл тулгарсан” гэдгийг Б. Батболд онцолж байсан юм.

Тэдний хувьд бичил бизнесээ эхлүүлэхэд эхний ээлжинд оёдлын машин болон материалын мөнгө хэрэгтэй байжээ. Чинээлэг хүний хувьд нэг сая төгрөг  өдрийн хоолны мөнгө ч залуу хосуудын хувьд бизнеснээ эхлүүлэх хэмжээний хөрөнгө.

Энэ талаар А.Батзул “Манай дүү бид хоёрт тусалж, мөнгө зээлсэн. Хүн дэмжээд санхүүгийн тусламж үзүүлж байхад хэлсэн амлалтандаа хүрч хугацаандаа төлөх шаардлага тулгарсан.  Ямар загварын даашинз урлах талаар ярилцаад сууж байхад нэг охин захиалга өгсөн юм. Хийж дуусаад хүргэж өгөхөд “Гоё болжээ” гээд урмын сайхан үгээр угтсан. "Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ" гэдэг. Тэр охин бид хоёрт илүү ихийг хийж, бүтээх эрч хүчийг үгээрээ дамжуулж өгсөн” гэлээ.

Урмын үгээр шагнуулсан хоёр ямар ч зүйл тохиолдсон “шантрахгүй шүү” гэж бие биедээ амлаж, бичил бизнесээ өргөжүүлэхийн тулд өвлийн хүйтэн, зуны халууныг ажралгүй үргэлж хамт оёж, хүргэж өгч, алдаагаа ухамсарлаж, амжилтын зүг хөтлөлцөн алхжээ.

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Бор зүрхээрээ хөдөлмөрлөж байгаа тэдэнд саад бэрхшээл тулгарна. Хийсэн даашинз нь гологдох, өөлж үнийн буулгах, өөрчилж хийлгэх гээд элдэв янзын асуудал тулгарч байсан ч шантраагүй тэднээр бахархмаар. Алдаа оноотой ахиц дэвшилттэй ажил нь үргэлжилсээр нэг жилийн дотор тэдний эхлүүлсэн бизнес тэс өөр өндөрлөгт хүрсэн байна. Одоо тэд өөрийн гэсэн захиалагч, ажлын байр, лангуутай болтлоо өргөжсөн. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалдаг тэд өөрсдийн ээж нарыг бизнестээ татан оролцуулж, өөр хүмүүсийг ч мөн адил цалинжуулдаг байна.

Эмэгтэй хүн л утас зүүний ажил хийдгээс эр хүн төдийлөн хийдэггүй. Гэтэл ээжээсээ сурсан зүйлээ амьдралд хэрэгжүүлж, эвлэгхэн оёдог Г.Батболд "Би анх ээжийг юм оёж байхад тусалж байгаад сурсан.  Эмэгтэй хүн бүхэн оёж шиддэг төрөлхийн авьяастай байдаг. Гэтэл оёдог эмэгтэй ховордож байх шиг санагддаг юм. Хувцас нь урагдлаа гэхэд дахиад шинийг авах хандлага ажиглагддаг. Уг нь оёод өмсчихвөл эдийн засагт ч хэмнэлттэй шүү дээ. Ер нь тэгээд айл бүхэн утас зүүний хайрцагтай байх хэрэгтэй. Эмэгтэй хүн бол оёж хатгах үйлээ үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх ёстой" гэх үгс нь хэн хүнд нэгийг бодогдуулах биз ээ.

Энгийн хэрнээ  ихэмсэг эмэгтэй хүний гоо сайхныг илүү  тодотгосон чамин чанартай  даашинзыг урладаг тэд баяр бүхнээр үйлчлүүлэгчидэдээ зориулж  шинэ коллекц  гаргадагаараа онцлогтой.

Тэдний урласан даашинзны  үнэ тун боломжийн. Өнгө загвар хийцээсээ шалтгаалаад 40-80 мянган төгрөгийн үнэтэй. Анх худалдаанд гаргасан ханшаа хадгалахыг бодож явдгаа Г. Батболд онцолж байсан юм.

2 хүн, зогсож буй хүмүүс болон хөлийн өмсгөл гэх мэтийн зураг байж болноГэрэл гэгээтэй ирээдүйн төлөө цаг минут тутамд хөлсөө дуслуулж, хөдөлмөрлөж яваа тэд өөрсдөө бүхнийг хийдэг. Гэртээ "бяцхан" зургийн студи тохижуулчихсан. Урласан даашинзаа А.Батзул өмсөөд зургийн Г.Батболд авна. Нэг үгээр А. Батзул модел, Г.Батболд зурагчны ажлыг давхар хийдэг гэсэн үг. Өөрсдөдөө байгаа бүхий л боломжийг ашигладаг . Тэд уг нь  зурагчин, модел, оёдолчин мэргэжилтэй биш. Тэс өөр хүнд машины оператор, бизнес менежент маркетинг  мэргэжилтэй ч энэ салбар руу “урваж” орж ирсэн.

Хийх хүсэл зорилгынхоо хүрээнд хүн бүрийн харааг булаах  дэгжин даашинз урлаж байгаагаас тэднийг оёх өгөгдөл, зураг авах чадвар, загвар өмсөх мэдрэмжтэйг харж болохоор. Цаашид ч охид бүсгүйчүүдэд зориулсан олон сайхан бүтээл туурвина гэдэгт итгэж байна. Амьдралаа тэгээс эхлүүлж, аз жаргалтай ирээдүйн төлөө зүтгэж яваа хайртай хосууд хамтдаа хүссэн оргилдоо хүрч болдгийг тэд өөрсдийнхөө үеийн олон мянган залуучуудад үлгэр дууриал болж болно. Ажилсаг хүнийг бурхан шагнаж, амжилтын зүг хөтөлдөг гэдэг. Тэдний ирээдүй тодоос тод гэрэлтэж, үйлс бүхэн нь өрнөн дэвшихийн ерөөлөөр энэхүү нийтлэлээ өндөрлөе.

1 хүн, зогсож байгаа болон өндөр өсгийтэй гутал гэх мэтийн зураг байж болно1 хүн, зогсож байгаа болон гадаа гэх мэтийн зураг байж болно1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно

 Тэдэнтэй холбогдохыг хүсвэл доорх хуудаст хандана уу.

https://www.facebook.com/BtzulBtbold/