Э.Бат-Үүл: Ц.Элбэгдорж, Х.Баттулга, М.Энхсайхан нар АН-даа ирэхийг уриалж байна

Ардчилсан нам удирдлагууд эв нэгдлийн их хурлаа зарлаж нам дотор үүссэн талцал хуваагдлаа эцэслэхээр болсноо өнөөдөр мэдэгдлээ. Тэд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, арваннэгдүгээр сарын 05-нд Их хурлаа хийхээр товлосон байна.

Хурлаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарын хэн нь АН-ыг удирдахыг гишүүдийн олонхийн саналаар шийдэх юм. Энэ үеэр нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл ”Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, М.Энхсайхан, Р.Гончигдорж нарыг би намдаа ирээч ээ гэж уриалж байна. Ардчилсан намыг бүрэн бүтэн болгохын төлөө хуран цуглаж, хүчээ нэгтгээч ээ гэж уриалж байна. Ардчилсан намын залуу удирдагч нарт амжилт хүсье” гэдгийг онцлоод Улсын баатарын цол тэмдгээ намынхаа туганд зүүж өгсөн юм.