Сэлбэ дэд төвийн дулааны станцын барилгыг угсарч байна

Сэлбэ дэд төвийн 28 МВт/ц хүчин чадалтай дулааны станцын барилга угсралт, туршилт тохируулгын ажлын явцыг шалган хурал зохион байгуулжээ.

Хурлаар Сэлбэ дулааны станцыг бүрэн ашиглалтад оруулахад хийж гүйцэтгэх дутуу ажлын талаар үүсэж буй асуудлуудыг сонсож, авах арга хэмжээний асуудлыг хэлэлцлээ гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээллээ.

Тэрбээр "Сэлбэ дулааны станцын барилга угсралтын ажлыг бүрэн дуусгахад нийт 178 ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөснөөс 146 ажил бүрэн дуусаж, 36 ажил үргэлжлэн хийгдэж байна.

Дулааны станцын 1-р зуухыг 2021.10.01-ний өдөр ажиллагаанд залгасантай холбоотойгоор дараах үүрэг чиглэлийг өгч ажиллав.

  • Дулааны станцын Ашиглалтын өмнөх захиргааны ИТА мэргэжлийн үнэмлэхтэй болгох;
  • Техник ашиглалтын үед гарах аваар саатал, гамшгийн үед ажиллах төлөвлөгөөтэй болох;
  • Ус дулаан дамжуулах төвийн 2-р хэлхээний инженерийн шугам сүлжээний ашиглалтыг Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ хүлээж авах;
  • Дулааны станцын 2-р зуухны дутуу ажлыг дуусгах,
  • 3-р зуухны экономайзерын засварын ажлыг хийж гүйцэтгэн бэлтгэл зуухыг бэлэн болгох;
  • Даралтад саван дээр ажиллах ИТА-ыг сургаж мэргэжлийн үнэмлэхтэй болгох;
  • Станцын ажилчдыг хэвийн ажиллах нөхцөлөөр хангах үүднээс ажлын байрны тохижилт, дутуу ажлыг хийж гүйцэтгэн дуусгаж, цэвэрлэгээ хийж актаар хүлээлгэн өгөх, Мөн гал тогоог ашиглалтад оруулах;
  • Ашиглалтын өмнөх захиргаа дутуу ажилчдыг гүйцээж авах, ажилчдын цалин хөлсийг тогтсон хугацаанд нь өгөх,
  • Нүүрс дамжуулах тоноглолын тохиргоог хийж нүүрс бутлагчийг суурилуулах;
  • Хүйтэн усны мэдрэгчийг суурилуулах;
  • Нэмэлт усны тоолуур суурилуулах;
  • Инженер техникийн ажилчдыг хөдөлмөр хамгааллын хувцас, багаж хэрэгслээр хангах;
  • Гадна тохижилт, ногоон байгууламжийн ажлыг дуусгах" гэв.