Н.Тавинбэх: Хариуцлагыг яам болон "Тавантолгой түлш" компани үүрнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа.  

Энэ удаагийн ээлжит хуралдаанаар сүүлийн хэд хоногийн турш иргэдийн анхаарлын төвд байсан сайжруулсан шахмал түлшний асуудлаар хэлэлцэж, зарим арга хэмжээг авахаар төлөвлөжээ.

Н.Тавинбэх сайдын танилцуулснаар "Шахмал түлшний барьцалдуулагчийн нэг сарын нөөц байна. Хомстол үүссэн гэх нь буруу. Борлуулах цэгийн тоо бага байсан, хүйтэрсний улмаас иргэд нөөцөлж эхэлсэн. 280 цэг байсныг 420 болгон нэмсэн. 300 хэрэглэгч тутамд нэг цэг байхаар тооцсон. Тэгэхээр нийт 600 цэг ажиллах шаардлагатай. 240 мянган картыг тараасан. Энэ картыг цэгцэлнэ. Картаа бүртгүүлээгүй бол түлш олгодоггүй. Энэ нь зарим иргэнийг бухимдуулжээ. Асуудлыг цэгцлэхээр ажиллаж байна. Борлуулалтын цэгийн тоог өсгөөгүй нь бидний алдаа.

Гэр хорооллын агуулахаар явж шалгасан, нөөц байна. Зургаан дүүргийн 57 агуулахад нөөц байна. Хоёр үйлдвэр хэвийн ажиллаж байна. Шахмал түлшний борлуулалтыг "Таван толгой түлш" компани хариуцдаг. Алдаа гаргасны улмаас дараалал үүслээ. Үүний хариуцлагыг яам болон компани үүрнэ. Ковидын улмаас тооцоолоогүй зүйлс өдөр бүр гарч байна.

"Таван толгой түлш" компанийн ажилчид ажил хаяагүй. Урамшуулалтай холбоотой шаардлага тавьсан. Үйлдвэрийн ажилчдын цалин гурван бүтэцтэй. Үндсэн цалин нь сая төгрөг. Урамшууллыг үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх хэмжээгээр олгодог. Яамнаас ажлын хэсэг гарган, үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажилласан. Ингэхэд хуримтлагдсан өр байгаа нь ч ил боллоо" гэв.