Б.Энхбаяр: "Хөгжлийн саад" Ц.Нямдоржийг Цэцэд өгнө

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, нэр дэвшигчийн талаар Улсын дээд шүүгч Ц.Цогт танилцуулсан юм. Холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас олонхын санал авсан Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд томилуулахаар санал болгосныг гишүүдийн олонх дэмжсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийг Цэцэд өгөхөө мэдэгдсэн юм. Тэрбээр "Төрийн өмч, төрийн өмчийн компаны хуулийн төслийг 2021 оны намрын ээлжит чуулганаас өмнө УИХ-д өргөн барихыг даалгасан УИХ-ын тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлэхгүй байна. "Хөгжлийн саад" болсон ЗГХЭГ-ын дарга дөрвөн сар энэ төслийг дарлаа. УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа бол тэр хүн зайлах ёстой. Явах ёстой байхгүй юу?. Энэ арга хэмжээг авахгүй бол Цэцэд хандана. УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхгүй, хууль дээдлэх журмыг нулимж байна" гэлээ.