С.Энхболд: Ор нэмж дэлгэсэн ч ажиллах хүний нөөц байхгүй

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар коронавируст халдварын нөхцөл байдлын талаар улсын хэмжээний мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулав. Манай улсад 2019 оны арваннэгдүгээр сараас хойш 2021 оны аравдугаар сарын 4-ний өдрийн байдлаар коронавируст халдварын 412,954 тохиолдол бүртгэгдэж, 1289 хүн нас барсан ба халдварын нийт тохиолдлын тоонд нас баралтын эзлэх хувь 0.31 байна. Ххалдварын эсрэг вакцины эхний тунд нийт хүн амын 69.2 хувь, хоёр дахь тунд 65.5 хувь хамрагдсан бол гурав дахь тунд 320289  хүн хамрагджээ. Улсын хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний  27083 орны 48.5 хувийг коронавируст халдварын тусламж, үйлчилгээнд ашиглаж буй бөгөөд нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 59.8 хувь нь  хөнгөн, 28.9 хувь нь хүндэвтэр, 9.6 хувь нь хүнд, 1.7 хувь нь маш хүнд байна. Улсын хэмжээнд коронавируст халдварын үед шаардлагатай 37 нэр төрлийн эм эмнэлгийн хэрэгслийн 1-3 сарын нөөцтэй гэсэн мэдээллийг салбарын сайд өглөө. 

Мөн тэрбээр "Өнгөрсөн хугацаанд нийт 4217 жирэмсэн эх халдвар авсан. Улаанбаатарын хэмжээнд 42 эмнэлэг ковидын тусламж үзүүлж байна. Нийт батлагдсан тохиолдлын 20 орчим хувийг хүүхдийн халдвар эзэлж байсан. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хүүхдийн халдвар 0.8 хувиар буурсан байна. 21 аймаг болон Улаанбаатар хотын 13 байршилд лабораторийн аппаратыг суурилуулсан. 21 аймаг бүгд молекул биологийн лабораторитой болсон. Мөн Улаанбаатарын найман дүүрэг, нарийн мэргэжлийн зургаан эмнэлэгт лабораторийн аппарат байгаа. Гурав дахь давлагаа тархалт өндөр байгаа. Нийт шинжилгээнд эерэг эзлэх хувь 26.3 хувь байгаа. Бид PCR шинжилгээний тоог огт бууруулаагүй. Долоо хоногт 45-50 мянган шинжилгээ хийдэг. Түргэвчилсэн 80-100 мянгыг хийж байгаа. Ковидын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа орны тоогоор манай улс дэлхийд тэргүүлж байгаа.

Манай улсад жилд дунджаар 16500 орчим хүн нас бардаг. Энэ оны найман сарын байдлаар өмнөх оныхоос 1200 тохиолдлоор илүү байна. Энэ нь ковидын нөхцөл байдлаас шалтгаалж байгаа. Манай улс нас баралтаараа дэлхийд 9-д орж байна. Нас баралтаараа бид бахархаад байгаа юм байхгүй. Олон улсын статистик үзүүлэлтийг танилцуулсан. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд гэртээ 55 хүн нас барсан. Гэртээ нас баруулахгүй байхын төлөө ор зохицуулах багийн хүчийг нэмэгдүүлж ажиллуулж байгаа.

Хичээл сургууль эхлээд сар гаруй болж байна. Хүүхдийн халдвар 20 орчим хувийг эзэлж байсан. Энэ хэмжээндээ байгаа. Бид цаашдаа ор нэмж дэлгэхгүй, нэмэх ч боломжгүй. Манай боломж таазандаа тулчихсан. Ор нэмж дэлгэсэн ч ажиллах хүний нөөц байхгүй. Хөдөө орон нутагт 14 мянган хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Үүний тал нь хөнгөн байгаа. Өнөөдрийн байдлаар 36 тэрбумаар тоног төхөөрөмж авсан. Халдвар авсан хүн дахиж халдвар авахгүй гэсэн мэдээлэл өгөөгүй. Альфа хувилбараар өвдсөн бол дельта хувилбараар өвдөх магадлалтай" гэсэн юм.