Усыг 50 хувь хэмнэдэг “Bubble” шингэн саван

Жижиг дунд үйлдвэрлэлийн газраас зээл авсан олон аж ахуйн нэгж бий. Тэдний төлөөлөл болох “Органик Грийн Фүүдс” компанийн “Bubble” хөөсөн саван, шил арчигч шингэний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм. Сонгинохайрхан дүүрэгт байрлах тус үйлдвэр 2020 онд төсөл бичиж, 300 саяын зээл авснаар үйлдвэрлэлээ өргөжүүлжээ. 2015 онд өрхөөс ажлынхаа гарааг эхэлж, гурван жилийн дараа албан ёсоор улсдаа татвар төлдөг компани болон өргөжсөн гэдгийг захирал Н.Баттөмөр онцлон хэлсэн юм. Тэрбээр “Манай компанийн хувьд газар тариалан хүлэмжийн аж ахуй, артишок эрүүл мэндийн цай, ундааг үйлдвэрлэх үндсэн чиг үүрэгтэй. 2021 оноос үйл ажиллагааны чиглэлээ тэлж ахуйн хэрэглээний саван, шиль толь цэвэрлэгч зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Ажилчдынхаа тоог нэмсэн. Цаашдаа ч олон хүнийг ажлын байраар хангах зорилготой. ЖДҮ-ийн зээлд хамрагдсанаар үйлдвэрлэл явуулахад хэрэгцээтэй тоног төхөөрөмжийнхөө 80 хувийг авсан. 20 орчим хувиа захиалсан ч тээврийн саатлаас шалтгаалж хараахан ирээгүй байгаа” гэдгийг учирлав.

Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлаас шалтгаалж, үйлдвэрлэл эрхэлж байгаа баялаг бүтээгчдэд саад бэрхшээл тулгарч байгаа ч тус компанийн хувьд зээл авснаар үйл ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлж байна. Стандартын дагуу, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр худалдан авалт сайтай хэрэглэгчдийн таашаалд нийцэж чаджээ.

“Артишок” цай, ундаа нь олон төрлийн ургамлын найрлагаас бүрддэг. Дархлааг дэмжихээс гадна өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ. Цайны гол орц болох артишок ургамлыг Өлзийт хороололд байрлах 800 метр квадрат хүлэмжид тарьдаг. Одоогоор ургац хураалт үргэлжилж байгаа аж.

No description available.Эх орныхоо үржил шимт хөрсөнд тарьж ургуулдаг учраас ямар нэгэн химийн бордоо ашигладаггүй. Органикаар тарьж ургуулдаг гэсэн үг. Уг цай нь элэг, цөс, нойр булчирхай, бөөр зэрэг дотор эрхтнүүдэд эерэгээр нөлөөлөхөөс гадна цус цэвэршүүлэх, хор тайлах үйлчилгээтэй. 25 ширхэгтэй савлагаа бүхий цай нь дэлгүүрт 9500, ундааны хувьд 1500-2000 төгрөгийн үнэтэй зарж байна.

Харин “Bubble” хөөсөн саван бактер устгагчтай, чийгжүүлэгтэй бүтээгдэхүүн учраас зах зээлд эрэлт хэрэгцээтэй. Давуу тал нь шууд хөөс гарахаас гадна усыг 50 хувь хэмнэнэ. “Бусад саванг хөөсрүүлэхийн тулд гар дээрээ заавал усыг их хэмжээгээр хэрэглэдэг. Ирээдүйд зайлшгүй байх ёстой бүтээгдэхүүний нэг. Үнэ өртөгийн хувьд харьцангуй хямд зах зээл дээрээ 250 мл савалгаатай саван 4000-4800 төгрөгийн үнэлгээгээр зарагддаг бол манай “Bubble” 500 мл-тайг тийм үнийн дүнгээр авах боломжтой. Үйлдвэрээс 3500 байдаг” гэв.

Шингэн саван хийхэд орц, найрлагын сайн тохируулах ёстой. Хагас, болон бүрэн автоматаар хийнэ. Савалгаа, шошго, огноо тавьж, хайрцагласнаар худалдаанд гарахад бэлэн болдог. Зах, худалдааны төвүүд болон “Well mart”, “Наран” худалдааны төвд гэрээтэй ажилладаг байна.

С.Ичинхорлоо