Хоосон уриалгыг бодит агуулга болгож засах нь!
НИТХ-ын дарга Д.Ихбаяр, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар зочлох үйлчилгээ, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэлийн салбарынхантай уулзах үеэрээ нэгэн мэдээллийг ил болгосон нь хотын албан татварыг эргэн бууруулах тухай байв. “Чөлөөлье” санаачилгаар бизнесийн 103 зөвшөөрөл, бүртгэлийг цуцалсан бол энэ удаад татварыг хуучин 1 хувьд аваачих асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болсон хэрэг.
Уг нь 2026 оныг нийслэлээс “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан нь энэ оны нэгдүгээр сар. Гэвч наанаа дэмжих агуулга ярьчихаад цаагуураа татвар, татаасаа нэмэх шийдэл эрэлхийлдэг нь иргэн, аж ахуйн нэгжид томоохон дарамт болж ирсэн нь гашуун үнэн. Харин энэ удаад хий хоосон уриа лоозон дэвшүүлэхээс илүүтэй хотын албан татварыг хоёроос нэг хувь болгож бууруулах тогтоолын төсөл өргөн барихаар болсноо зарласан нь бодит дэмжлэг бас хөрсөн дээр буусан агуулга болов.
Өнгөрсөн хугацаанд тэр дундаа “Ковид-19”-ийн цар тахлын шуурганд хамгийн их нэрвэгдсэн, хаалгаа барьсан салбар нь худалдаа, үйлчилгээнийхэн. Зөвхөн нийслэлийн хэмжээнд шүү. Гэтэл даарин дээр давс гэгчээр цар тахлын гүн шокноос хараахан гарч чадаагүй явсан үйлчилгээ эрхлэгчдэд хотын албан татвар хоёр хувь болж өссөн нь давхар цохилт болсон нь үнэн. Сонсоход бага ч тоо байж болох ч НӨАТ-ын 10 хувь дээр хотынхыг нэмж тооцохоор үйлчилгээ үзүүлснийхээ “төлбөр”-т шууд 12 татвар төлж, тэр нь иргэдийн худалдан авах чадварыг боомилдог болсон юм.
Үндсэндээ татварын дарамт өндөр байх тусам бизнесүүд далд эдийн засаг руу шургаж, “И-баримт” шивэхгүй байх, бэлэн мөнгөөр гүйлгээ хийх сэдэл нэмэгддэг нь зах зээлийн бичигдээгүй дүрэм. Олон улсын туршлагаас үзэхэд татварын хувийг бууруулахад далд байсан эдийн засаг ил гарч, татвар төлөгчдийн бааз суурь тэлснээр урт хугацаандаа төсвийн орлого буурдаггүй, харин ч тогтворждог зүй тогтолтой.
Иргэдийн дунд хотын албан татварыг аж ахуйн нэгжүүд өөрсдийн орлогоосоо төлдөг гэсэн нийтлэг төөрөгдөл бий. Үнэн хэрэгтээ уг татварыг тухайн бараа, үйлчилгээг худалдан авч буй эцсийн хэрэглэгч буюу иргэн өөрөө төлдөг. Зочид буудал, зоогийн газар, баар, кафе зэрэг газруудаар үйлчлүүлэх, эсвэл согтууруулах ундаа, тамхи худалдан авахад төлбөрийн баримтан дээр хотын татвар нэмэгдэж тооцогддог. Харин аж ахуйн нэгжүүд уг татварыг иргэдийн төлбөр дээрээс суутган авч, хотын төсөвт төвлөрүүлэх "зуучлагч"-ийн үүргийг гүйцэтгэдэг гэсэн үг.
Хэрэв төр хувийн хэвшлийг жинхэнэ хамтрагчаа гэж үзэж байгаа бол татварыг зөвхөн төсвийн цоорхой нөхөх хэрэгсэл биш, бизнесийг тэлэх хөшүүрэг болгон ашиглах цаг болсон нь үнэн л юм бол хотын татварыг буцааж 1 хувь болгох шийдвэр хамгийн үр дүнтэй, зөв эхлэл юм.
Өөрөөр хэлбэл, хотын албан татварыг нэг хувь болгож бууруулснаар иргэдийн өдөр тутмын үйлчилгээ, худалдан авалтын эцсийн үнэ тодорхой хэмжээгээр хямдарна. Инфляцын дарамттай үед энэ нь иргэдийн бодит орлогыг хамгаалахад чиглэсэн чухал дэмжлэг.
Дагаад үйлчилгээний үнэ хямдарна. Худалдан авалт, хэрэглээ нэмэгдэх хөшүүрэг болно. Зоогийн газар, зочид буудал зэрэг үйлчилгээний салбарынхны борлуулалтын орлого өсөхөд шууд нөлөөлнө.
Татварыг нэмэх замаар төсвийн орлогыг бүрдүүлэх биш, харин татварыг бууруулах замаар бизнесийг тэлж, эдийн засгийн эргэлтийг дэмжих нь урт хугацаандаа илүү үр дүнтэй байдгийг олон улсын туршлага харуулдаг.
Нийслэл хотын зүгээс хувийн хэвшлээ сонсож, татвараа 1 хувь болгон бууруулахаар зориг шулуудсан нь "Бизнес эрхлэгчдийг дэмжих жил"-ийн бодит, цаг үеэ олсон алхам болох нь. Уг тогтоолын төслийг НИТХ-ын хуралдаанаар эцэслэн баталснаар иргэд болон бизнес эрхлэгчдэд ирэх эдийн засгийн үр өгөөж илүү тодорхой болох юм.