Б.Гүрсоронзон: Авлига хээл хахууль манай салбарт байгаа нь үнэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нүүрс тээвэрлэлтийн асуудлаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Гашуунсухайтад 18 мянган машин явдаг. Үүний 6000-д нь С зөвшөөрөл өгдөг. Нэг машин С зөвшөөрлөө авахын тулд хоёр сая төгрөгийн авлига өгдөг. Нийт 12 тэрбум төгрөгийн авлига Авто тээврийн үндэсний төв дээр явж байгаа. Ганц  улиралд шүү. Энэ авлигын асуудлыг яагаад хууль хяналтын байгууллага шалгадаггүй юм бэ" хэмээн хатуухан шүүмжлэлийг салбарын сайд Л.Халтарт дайсан юм.

Хариуд нь "Цагаан хаданд байгаа нүүрсийг бүгдийг зарчихсан. Худалдаад авчихсан нүүрсээ хурдан авах хүсэлтээ Хятадын талаас тавьж байгаа. Харамсалтай нь, ковидын нөхцөл байдал бидний ажлыг үнэхээр сөхрүүлж байна. С зөвшөөрлийн асуудлыг хууль хүчний байгууллага шалгах хэрэгтэй. Хэл амтай байдаг" гэдгийг онцолсон бол Авто тээврийн үндэсний төвийн дарга Б.Гүрсоронзон "Авлига хээл хахуулийн асуудал манай салбарт байгаа нь үнэн. Хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа зүйлүүд ч бий. Гэхдээ бид аль болох ил тод шилэн болгохоор ажиллаж байна. Гэхдээ Гашуунсухайтын даац үнэхээр хэтэрчихсэн. Хүчин чадал багатай, жижиг боомт. Богинын тээврийн ханш өндөр байгаа учраас хүн бүхэн тийшээ тэмүүлдэг" гэлээ.