М.Энхболд: Надаас мэдүүлэг авсан юм байхгүй

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүд орон даяар үргэлжилж байна. Энэ хүрээнд улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж “Баянгол Агро парк”-д мод тарив.

Уг үйл ажиллагаанд Монгол Ардын нам, Ардчилсан нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын Ногоон нам, Иргэний зориг-Ногоон нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Бүгд найрамдах нам, Монголын Социал демократ нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монголын Консерватив нам, Үнэн ба зөв нам, Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Гэр хорооллын хөгжлийн нам зэрэг 14 нам, эвсэл, мөн иргэний хөдөлгөөн, байгаль орчны иргэний нийгмийн байгууллага, НАМЗХ-ны төлөөлөл оролцсон юм.

Энэ үеэр УИХ-ын дарга, МАН-ын дарга асан М.Энхболд өөртэй нь холбоотой асуудлаар тайлбар өгчээ. Тодруулбал, түүний нэр холбогдсон гэх 60 тэрбумын гэх хэргийг өнгөрсөн жилээс сэргээн шалгаж эхэлсэн тухай мэдээлэл бий. Тэрбээр "Надад энэ асуудлаар мэдээлэл алга. Мэдүүлэг авсан юм байхгүй. Анхнаасаа улс төрийн зорилготой юм болсон. Угаасаа тэр бичлэгт би байгаагүй гэдгээ хэлж байсан. Миний хувьд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа" гэжээ.