Сайд Х.Нямбаатарын Б.Болдод хаягласан захидал

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Рио Тинтогийн Зэсийн группийн захирал Б.Болдод захидал илгээсэн тухай Блүүмберг мэдээлжээ. Сайд Х.Нямбаатар нь Засгийн газраас байгуулсан Оюу Толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийх Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа юм.

Захидалд төсөлтэй холбоотой үр дүнтэй яриа хэлэлцээ хийгдээгүй, өнөөг хүртэл бодитой ахиц гарахгүй байгааг дурдсан байна. Мөн Монголын Засгийн газрын тэвчээр алдрахад ойрхон байгааг захидлаар дамжуулан илэрхийлжээ. Улмаар хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд ирүүлсэн тус компаниас ирүүлсэн хариу тайлбарт сэтгэл дундуур буйгаа мэдэгдсэн аж.

Захидлын гол агуулга нь Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, ашиглалтад орох хугацаа хойшилсны үр дагаврыг Монгол Улсын Засгийн газар болон ард иргэд хүлээх ёсгүй гэдгийг онцолсон байна. Оюу Толгой төслийн гүний уурхайн зардал 1.45 тэрбум ам.доллароор хэтрэхэд хөрсний чулуулаг болон монгол ажилтнуудтай холбоотой зардал өндөр байсан гэдгийг Рио Тинто группээс мэдэгдээд байгаа юм. Захидалтай холбоотойгоор тус групп байр сууриа илэрхийлэхээс татгалзжээ.

Б.Болд захирлын хувьд Монголын Засгийн газартай хэлэлцээ хийхээр ирэх үедээ "Татварын асуудал бий. Тэр нь Лондоны арбитрын шүүхээр шийдэгдээд явна. Менежмэнтийн зардлын хувь, зээлийн хүүг хэрхэн яаж буулгах тухай асуудал яригдаж байгаа. Энэ бүхнийг бид ойлгон хүлээн авч ажиллана. Ногдол ашигтай холбоотой асуудал яригдаж таарна. Нэлээд нарийн төвөгтэй, энгийн хялбараар тайлбарлахад хэцүү асуудлууд. Тийм ч учраас иймэрхүү асуудлыг, Оюу толгойн талаарх бусад ойлголтуудыг илүү сайн таниулан тайлбарлах нь бидний нэг зорилго.

Гүний уурхайн уулын ажлын төлөвлөгөөтэй холбоотой хөрөнгө оруулалтын асуудал ярилцах ёстой зүйлсийн эхэнд жагсаж байгаа. Гүний уурхайн бүтээн байгуулалт 80-90 хувийн биелэлттэй яваа гээд харахаар ихэнх хөрөнгө оруулалт нь хийгдэж, гол ажлуудаа нугалчихсан гэсэн үг. Ирэх жилээс гүний уурхайн олборлолт эхэлнэ. Тэр үеийн шинэ гэрээ ямар байх вэ гэдэгт анхааръя гэж байна.

Мэдээж гүний уурхайн хөрөнгө оруулалт дахиад хийгдэж, бүтээн байгуулалт нь үргэлжлээд явна. Тэр үед ямар эрсдэл гарах вэ гэдгээ ярилцаж таарах байх. Нэг том эрсдэл бол зардал. Бизнес учраас зардал нь дээш доош болж хэлбэлзэх нь тодорхой. Бизнес хийж байгаа хамтрагчид гэдэг утгаараа аль аль талдаа эрсдлээ ойлгоод цааш явах байх." хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан удаатай.

Г.Эрхэс