“Үүргэвчтэй аялал”-ын богцноос үлээсэн ШҮГЭЛ

“Үүргэвчтэй аялал” гэж нэвтрүүлэг бий. Танин мэдэхүйн талаасаа үзэгчдэд өгөөжтэй. Хөтлөгчдөдөө ч ээлтэй. Гэдэг нь нэвтрүүлгийг анхлан санаачилж, хөтөлж асан З.Алтай УИХ-ын гишүүнээр сонгогдсон нь 2008 он. Араас нь Хассуурын Ганхуяг хэмээх бизнесмэн залуу 2020 онд Төрийн түшээгээр сонгогдов. Бүр болоогүй. Нэгэн үе нэвтрүүлгийн голлох имиж болсон Ө.Батбаяр АНУ-д суух Элчин сайдын виз даруулав. Энэ бүгдээс харахад “Үүргэвчтэй аялал”-ын нөөлөг их бололтой. Ингэж бичсэнээрээ уг нэвтрүүлгийн талаар шүүж дэнслэх гэсэнгүй. Харин хөтлөгчөөс парламентын төлөөлөгч болтлоо дэвшсэн Х.Ганхуяг гишүүнтэй холбогдоно. “Хера” группийг үүсгэн байгуулж, саяхныг хүртэл Удирдах зөвлөлийн даргын албатай байсан тэрбээр өдгөө аяллын нэвтрүүлгийн хөтлөгч бус хууль тогтоох дээд байгууллагын гишүүний хувиар төр түшилцэж, бас олон нийтэд нүдлэгдэхээр хичээж явна.

Анх удаагаа парламентад сонгогдсон гишүүн бүрд олон нийтэд танигдаж, таалагдахын зовлон гэж нэг юм бий. Хүүхдээр хэлд, хөлд орох хугацаа гэсэн үг. УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа асуудал бүрээр дуугарах уу? анхаарал татахыг барьж авах уу? гэдэг нь тухайн хүний сонголт, цэвэр мэдрэмж. Энэ хүрээнд гишүүн болсныхоо дараа хамгийн түрүүнд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын оффшортой холбоотой асуудлыг сөхөж, өөрөөс нь ам асуусан үе Х.Ганхуягт бий. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх сайн дураараа албан тушаалаасаа буух хүсэлт гаргасныг чуулганаар хэлэлцэх үеэр юм. Гэхдээ үүнээс өмнө 33 тэрбумын зээлийн асуудалд нэр холбогдсон нь Х.Ганхуягийг талаарх мэдээллээр олон нийтийн ой тоонд өөрийгөө “дархалсан” түүхтэй.

Журмын анд, бизнесийн хамтрагч, парламентад тохой нийлүүлэн суугаа Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” компанид 33 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгсөн баримт ил болж, хэсэгтээ шуугиан тарьсан нь тэр. Үүгээр зогсохгүй Х.Ганхуяг “Хэра инженеринг”-ийн 50 хувийг, түүний охин компани “Хера инвенстмент”-ийн 10 хувийг Г.Дамдинням эзэмшдэг зэргээр Ардын нам дахь “Шадар гурван цэрэг”-ийн энтэй бизнесийн хамаарал нь ч “гэрэл цохьсон” юм. Өмнөх парламентад “60 тэрбум”-ынхан гэж байсан шиг Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нар бүрэн эрхийнхээ хугацаанд “33 тэрбум”-ынхан гэх хусаад ч арилахааргүй мөртэй үлдсэн нь энэ.

Сонирхолтой нь, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын гишүүн Бизнесийн зээлийн хүүг 50 хувь хүртэл бууруулах тогтоолын төсөл боловсруулж, өргөн барьснаар өөрсдийнхөө ашиг сонирхлыг халхавчилж, далдлах нь гэсэн хардлагыг улам өдөөж байв. Гэвч Х.Ганхуяг нарын нэр холбогдсон “33 тэрбум”-ын асуудал, зээлийн хүүг 50 хувь бууруулах төсөл өнөөдрийг хүртэл хугацаанд бүгдэрч, ажин түжин байдалд шилжсээр удлаа. Мэдээж шалтгаантай. Шинэ Ерөнхий сайдын эмхэлсэн Засгийн газрын үйл ажиллагаа, Ерөнхийлөгчийн сонгууль, цаг үеийн нөхцөл байдал нь нийгэм, улс төрийн уур амьсгалыг хүссэн ч, эс хүссэн ч өөр тийш чиглүүлсэн юм. Намрын ээлжит чуулган нээлтээ хийж, 2022 оны төсвөө зураглахаар болсон энэ цаг үед Х.Ганхуяг гишүүн сенсааци дэгдээж орхилоо.

Санаж байгаа бол Х.Ганхуяг гишүүн хууль тогтоогчийнхоо хувиар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачилснаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьж байлаа, энэ оны зургаадугаар сарын 21-нд. Түүний санаачилсан хуулийн төслийг Х.Булгантуяа, Д.Өнөрболор, П.Анужин нарын гурван гишүүн дэмжиж гарын үсгээ зурсан байдаг. Гэвч гуя дагаж, хүзүү гэгчээр хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэнслэх Байнгын хорооны хуралдаанаар анхны өргөн барьсан хувилбараасаа өөр утга агуулга, нэг ёсондоо зүсийг нь өөрчлөөд оруулж ирсэн нь маргаан дагуулж, эцэстээ үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тулав.

Чингэхдээ гадаадын хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл Монголд байнга оршин суух эрх авах бол хөрөнгө оруулалтын доод хэмжээ 50 мянган ам.доллар байна гэж заасан нь нийгэм даяараа бүүм боллоо. Шаварт унасан шарын эзэн гэгчээр Х.Ганхуяг гишүүн ганцаараа төслөө хамгаалж, байр сууриа илэрхийлснээс бус дэмжиж гарын үсэг зурсан бусдадаа үүнийгээ танилцуулаагүй нь ч ил болов. Өөрөөр хэлбэл, Х.Ганхуяг гишүүн төслийг боловсруулах явцад гишүүдийн байр суурь, саналыг нэгтгэх хурал, уулзалт огт зохион байгуулаагүй атлаа дур мэдэн Байнгын хорооны босго давуулж, ганцаараа зүтгүүлсэн нь илчлэгдэв.

Нэгэнт бусдынхаа байр суурийг тусгаагүй, Бүлгээрээ хэлэлцүүлээгүй хуулийн төсөл Байнгын хорооны хуралдаанаар маргаан дагуулах нь мэдээж. Тэр тусмаа 100 мянган ам.долларын босгыг 50 мянга болгож бууруулсан нь хэн бүхний эгдүүцлийг төрүүлж таарна. Ялангуяа манайх шиг эх оронч, үндсэрхэг үзэл нь дэндсэн парламентын гишүүдтэй улсад. Анхнаасаа ийм эсэргүүцэл, шүүмжлэл ирэхийг шинэ залуу улстөрчийнхөө хувьд Х.Ганхуяг гишүүн мэдээгүй, мэдрээгүй байж болох ч 2003 оноос хойш бизнес эрхэлсэн хүний хувиар гадарлах л учиртай. Хил дамнан, үүргэвчтэй аялал хийж явахдаа толгойдоо орж ирсэн бодлоо цаасан дээр буулгаснаар хууль санаачилж, боловсруулдаггүй гэдгийг жил гаруйн хугацаанд парламентын тогоонд чанагдсан Х.Ганхуяг мэдэхгүй биш сайн мэдэх учиртай. Тодорхой дэс дараа, хуулийн шат дамжлагатай гэдгийг. Гагцхүү 2003 оноос хойш нэгдүгээр гарын үсэг зурдаг, компанийн удирлагад явсан унаган характер нь түүнийг ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн байж мэднэ. 

Гэхдээ парламент гэдэг хүссэн болгон нь орж ирж суучихаад бүрэн эрхээрээ гул барьж, “ногоон гэрэл”-ээр хулгай хийхийн нэр биш ээ, Х.Ганхуяг гишүүн ээ!. Дахин тодотгоё хуулийн хулгай! Журмын нөхрөө Хөгжлийн банкны захирал байхад нь 33 тэрбумын зээл гаргуулах гарын үсэг зуруулсан байж болох ч хууль тогтоох дээд байгууллагын эрх үүрэг, статус түүнээс тэс ондоо, онцлогтой юм шүү.

Ямар ч байсан санаачилж, боловсруулсан хуулийн төслийг нь дэмжиж гарын үсэг зурсан гишүүд түрүүчээсээ эсэргүүцэж, нэрээ татахаа илэрхийлсэн нь сайн хэрэг. Тэдгээрээс хамгийн түрүүнд Д.Өнөрболор гишүүн шүгэл үлээв. Тэрбээр “Би хөрөнгө оруулалтын босго хувь хэмжээтэй холбоотой үг өгүүлбэр оруулаагүй, засаагүй, агуулгыг илэрхийлээгүй. Миний оролцоо, боломжийг хангаагүй. Ийм явцуу бохир улс төр явж байгаад харамсаж байна. Ард түмний төлөө, хөгжлийн төлөө явдаг хүмүүсийг золиос болгодгийг та бүхэн харлаа.  

Энэ хуулийн төслийг санаачлагч, чиглүүлэгч, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг гишүүн та ёс зүйтэй бай. Олон нийтэд хариуцлагагүй үйлдлийнхээ талаар зөв ойлголт өгч, тайлбар хийхийг би УИХ-ын гишүүний хувиар шаардаж байна. Хуулийн төслийг хэлэлцэх явцад иргэдийг бухимдуулсан заалтыг өөрчлөх бүрэн боломжтой. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой энэ заалтын засахын төлөө би явна. Шаардлагатай бол энэ хуулийг төслийг татан авах санал гаргаж ажиллана гэдгээ мэдэгдье. Би ургуулж бүтээж явсан, улс орноо тонож яваагүй” гэжээ.

Араас нь П.Анужин гишүүн “Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутаг, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг хөндсөн, ноцтой зүйл заалтыг бусад хууль санаачлагчтай огт зөвлөхгүй, нэг ч хуралдаж танилцуулалгүй сэм оруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх учир шалтгааныг явцуу, хөгийн, болхи, ядмаг байдлаар томьёолон оруулж ирсэн, “Хуулийн хулгай”-аа эргүүлэн тат!!! Хууль өргөн барих албан бичигт чинь гарын үсэг зурахад эдгээр зүйл заалт байгаагүй шүү!!! Эцсийн хувилбараа үзүүлж танилцуулаагүй. Тийм учраас би Хулгай гэж хэлнэ!” гэдгийг анхааруулжээ.

Ингэснээр Х.Ганхуяг санаачилж, гурван гишүүн дэмжсэн хуулийн төслөөс албан ёсоор хоёр буюу 50 хувь нь нэрээ татаж, үндсэндээ УИХ-аас дэмжлэг хүлээх эсэх нь ч эргэлзээтэй болж байна. Нөгөөтэйгүүр, Х.Ганхуяг гишүүний энэ удаагийн увайгүй үйлдэл парламентын түүхэнд гарсан анхны тохиолдолд биш. 2012-2016 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хэд хэдэн удаа гарч л байлаа.

Тэгэхэд Ж.Батзандан, Р.Бурмаа, О.Баасанхүү, Л.Цог, Ч.Хүрэлбаатар, Д.Оюунхорол, А.Тлейхан, Д.Хаянхярваа нарын гишүүд гарын үсгээ зурснаар Авлигын эсрэг, Прокурорын байгууллагын тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьж, батлуулж байсан юм. Маш богино хугацаанд буюу хуулийн өөрсдөө ч мэдээгүй байхад баталж, орхисон өөрчлөлтөөр Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж, АТГ-т шилжүүлсэн түүхтэй. Хомиж Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин “Прокурорын мөрдөн АТГ-т шилжүүлсэн хөшигний ар дахь түүх ч гэсэн их эмгэнэлтэй шүү” хэмээн мэдэгдэж байсан удаатай.

Үүний дараа Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2015 оны наймдугаар сарын 11-нд баталсан. Мөн л анхны агуулгаасаа өдөр, шөнө шиг зөрүүтэй болж, “цагаан захтан”-уудын холбогдсон авлига, албан тушаалын хэргийг өршөөх заалт оруулсан нь хэсэгтээ маргаан дагуулсан. Шүүхээс ял сонсож, Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хуулийг баталсан даруйд БНСУ-аас эх орондоо газардсан нь үүний бодит жишээ. Эцэст нь Төрийн тэргүүний зүгээс тавьсан хоригийг УИХ хүлээж авснаар эл асуудал намжсан.

Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газрын шийдвэрийн хүрээнд “Халх гол”-д чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-ын гишүүн асан Р.Бурмаа Хүнс, хөдөө аж ахуйн сайдын хувиар УИХ-д өргөн барьж батлуулж л байлаа. Гэвч утга агуулгыг нь нарийн судалж, хэлэлцүүлэлгүйгээр наадмын өмнө хэлэлцэж, баталсан тогтоолын дагуу Халх голд 500 мянган га газрыг хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах нэрийдлээр гаднынханд худалдах нь гэх шүүмжлэл нийгмээрээ давалгаалсан, тогтоолын төсөл ч хэрэгжээгүй.

Хөрөнгө оруулалтын хуулийн өөрчлөлтөөр халхавчлан Х.Ганхуяг гишүүний үйлдэл үүнтэй л агаар нэг юм. Гагцхүү хуулийн төслөөр дамжуулж, хүний өөрийн гэлтгүй ашиг сонирхлыг шингээдэг, тэр нь эргээд нийгэмд талцал үүсгэдэг, засаглалын хямрал руу хөтөлдөг буруу тогтолцооны гажгийг эхэлж Д.Өнөрболор, араас нь П.Анужин гишүүн шүгэл үлээж, сануулж, бүр зогсоож байгаа нь өөрөө зөв жишиг биш гэж үү!? Зөвхөн шүгэл үлээгээд зогсох бус хэн гэдэг албан тушаалтан, эрх ямбатны ашиг сонирхлыг хууль тогтоогчид нь өөрсдөө гүйцэлдүүлэх гэж улайрдгийн цаад шалтгааныг олж тогтоох, илчилж, илрүүлж, олон нийтэд зарлах нь цаг хугацааны асуудал ч хувь УИХ-ын гишүүд нь өөрсдөө шүгэл үлээж эхэлсэн нь сайшаалтай.

С.Гандөл