Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг явуулна

Үндэсний статистикийн хорооноос аж ахуйн нэгж, байгууллагын 2021 оны улсын тооллого явуулахаар болсон талаар мэдээллээ.

Тус хорооны дэд дарга Д.Лхамсүрэн “Таван жил тутамд аж ахуйн нэгж, байгууллагын тооллого хийдэг. Энэ удаагийн тооллого цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулна. Тооллогод энэ сарын 1-нээс өмнө үүсгэн байгуулсан өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамрагдана.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээтийн бүртгэлд бүртгэгдээгүй, ҮСХ-ны бизнес регистрийн сангийн мэдээллийн санд бүртгэлгүй улс төрийн нам, СӨХ, олон улсын байгууллагууд мөн хамрагдана. Энэ удаагийн тооллого 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулагдаж буй учир төрийн байгууллагуудын мэдээллийн санг ашиглана. Тооллогоор, Аж ахуйн нэгж байгууллага болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нэвтрүүлж буй инноваци, судалгаа хөгжүүлэлт, ажилчдын хангамж хүрэлцээ хомстол зэрэг тоо мэдээллийг тодорхой болгоно. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд авч буй баримт бичиг, мэдээллийг судална" гэв.