Спикер асан Д.Дэмбэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үү?

УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы арваннэгдүгээр сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” захирамж гаргажээ. Захирамжийн хүрээнд энэ сард хэлэлцэх асуудлын жагсаалтад нийт 44 хууль, тогтоолын төсөл багтсан байна. Эдгээрийн дотор Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал багтаж байна. Хуульд зааснаар УИХ-ын тогтоолоор тус зөвлөлийн гишүүдийг томилж, чөлөөлдөг. Энэ хүрээнд 2017 оны зургаадугаар сарын 2-нд буюу Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийг УИХ-ын дэд даргаар байх үед баталсан тогтоолоор Сангийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Эрүүл мэндийн сайдыг Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр томилсон байдаг. 

Харин Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын орон тооны бус зөвлөх Д.Дэмбэрэл, Эрүүл мэндийн эдийн засагч, эрүүл мэндийн даатгалын шинжээч Ц.Цолмонгэрэл, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар нар Даатгуулагчийг, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, “Магда” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Ганхүү, Макро эдийн засаг ба эрүүл мэнд төрийн бус байгууллагын тэргүүн Д.Чимэддагва тэргүүтэй хүнийг Ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр томилсон. Нийт есөн гишүүн ажилладаг гэсэн үг.

Улмаар 2021 оны дөрөвдүгээр сард тогтоолд оруулсан өөрчлөлтөөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Үндэсний зөвлөлийн даргалж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын орон тооны бус зөвлөх Д.Дэмбэрэлийг орлогчоор томилж байв. Гэвч УИХ-ын даргын гаргасан захирамжийн дагуу нэр бүхий хүнийг Зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх нь. Тэдгээр хүмүүс хэн бэ?

Эрхэлж буй албан тушаалынхаа хүрээнд хамгийн түрүүнд чөлөөлөгдөх хүн нь НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар. Саяхныг хүртэл МҮЭХ-ны Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллаж байсан тэрбээр 2020 оны Орон нутгийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Тиймээс түүнийг чөлөөлж, орных нь хүнийг МҮЭХ-ноос дахин нэр дэвшүүлэх хэрэг. 

Удаахь нь Зөвлөлийн дэд дарга Д.Дэмбэрэл байх магадлал нь өндөр байна. 1992 оноос хойш УИХ-д тасралтгүй зургаан удаа сонгогдсон түүний хувьд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, парламентын спикер хийж байсан туршлагатай. 

2016 оны сонгуульд “Намынхаа нөхдөдөө боломж олгоно” хэмээгээд нэрээ татсан түүнийг 2017 онд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр томилсноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ажиллаж байгаа юм.

Г.Ханд