С.Амарсайхан: Хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй. Хэдэн сар ч болж магадгүй

БНХАУ-ын Эрээн боомтод "Ковид-19"-ийн халдвар гарснаас үүдэж тодорхойгүй хугацаагаар хилээ хаасантай холбогдуулж, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Эрээний хил хэзээ нээгдэх нь одоог хүртэл тодорхойгүй. Хэдэн сар ч болж магадгүй. Хятадын талаас хамгийн сүүлийн тохиолдол илэрснээс 21 хоногийн дараа хилээ нээх зохицуулалт барьж байна. Хил хаасантай холбогдуулан тасалдаж болзошгүй 18 төрлийн эм, эмийн хэрэгсэл бий. Иймээс Хятадын талтай хэлэлцээ хийж, төмөр замын тээврээр зарим бараа бүтээгдэхүүнээ татан авахаар болсон. Энэ сард нийт 51 тонн бараа бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгслийн татан авалт хийнэ” гэсэн юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс "Нэг зүйлийг ойлгохоос өөр аргагүй. Монгол Улсаас хамаарахгүй нөхцөл байдал үүсэж байна. БНХАУ-д цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа ба энэ нь манай улсын экспорт, хүнсний бүтээгдэхүүнд нөлөөлж байгаа юм. Тус улсад мөрдөгдөж буй журмаар сүүлийн тохиолдол нь тэг гэж бүртгэгдсэнээс хойш 21 хоногийн дараа хилийн боомтыг нээнэ гэсэн. Ерөнхий сайдын хувьд өглөө бүр хил, гаалийн газар болон холбогдох албаны байгууллагуудаас мэдээлэл авдаг.

Эрээн хотын хувьд өөрсдөө ч хүнсний хомсдолд орчихсон. Ганцхан манай улс биш БНХАУ-д бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг бусад улс ч мөн адил бараа бүтээгдэхүүний хомсдолд орсон. Вакцинжуулалт зөвхөн Монгол Улсын асуудал биш дэлхий нийтийн асуудал. Агаарын нислэгээр татан авалтыг эрчимжүүлэх чиглэлээр ажлууд хийгдэж яваа. Түүнчлэн дэлхий дээр цаашид инфляц нэмэгдэх хандлагатай байна. Тээвэр ложистикийн эргэлт 8-9 дахин удааширч байгаа тул хомсдол үүснэ.

Иймээс гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнд шаардлагатай бүх арга хэмжээг дотоодын хэмжээнд авах ганц сонголт бидэнд үлдсэн. Инфляцтай холбоотой ажлын хэсэг байгуулаад, Төв банктай хамтран энэ асуудлыг анхааралдаа авч ажиллаж байна. Эрчим хүчний үнэтэй холбоотой асуудлыг түр хугацаанд хэрхэн зохицуулах агуулгаар УИХ-д ярьж байгаа. Энэ бүх асуудал нь КОВИД-19 намдсаны дараа л алга болно гэдэг нь гашуун үнэн" гэдгийг мэдэгдээд байгаа юм.