Катарын талаас судалгааны баг Монголд илгээхээр тохиролцжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Катар Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд 11 дүгээр сарын 9-ний өдөр тус улсын Ерөнхий сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Шейх Халид бин Халифа бин Абдулазиз Аль-Танид бараалхаж, Катарын хөгжлийн сангийн Гүйцэтгэх захирал Халифа бин Жасем Аль-Кувари, Катарын Хөрөнгө оруулалтын газрын Гүйцэтгэх захирал Мансур бин Ибрахим Аль-Махмуд нартай тус тус уулзав.

Сайд Б.Батцэцэг Ерөнхий сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Шейх Халид бин Халифа бин Абдулазиз Аль-Тани-д бараалхах үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэндчилгээг уламжилахын зэрэгцээ Катар Улсын Засгийн газар “Ковид-19” цар тахлын эсрэг тэмцэхэд 150 мянган ам.долларын эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл хандивласанд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд хоёр орны улс төрийн харилцаа бэхжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг харилцан ашигтай өргөжүүлэх зорилгоор катарын талын ажлын хэсгийг Монгол Улсад ажиллуулж, хөрөнгө оруулалтын боломжуудыг судлахаар тохиролцов.

Катарын Ерөнхий сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Шейх Халид бин Халифа бин Абдулазиз Аль-Тани Монгол Улсаас дээд, өндөр түвшний айлчлал хүлээн авах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Катарын хөгжлийн сангийн Гүйцэтгэх захирал Халифа бин Жасем Аль-Кувари-тай уулзаж, катарын талын тусламжаар баригдах хүүхдийн цэцэрлэгийн санхүүжилт, байгаль орчны салбарын хамтын ажиллагаа, тухайлбал цөлжилтийн эсрэг тэмцэх, мод тарих, экологийн бохирдлыг арилгах зэрэг асуудлаар ярилцав. Катарын хөгжлийн сан нь Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэн ажиллахаа нотлов.

Катарын Хөрөнгө оруулалтын газрын Гүйцэтгэх захирал Мансур бин Ибрахим Аль-Махмуд-тай уулзахдаа Сайд Б.Батцэцэг хөрөнгө оруулалт, уул уурхай, банк санхүү, хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, улмаар катарын тал судалгааны баг Монгол Улсад илгээж, ажиллуулахаар тохиролцов.