С.Амарсайхан: Хийн хоолойн төсөл 2024 онд албан ёсоор эхэлнэ

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.

Үүнтэй холбогдуулан байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн хэрэгжилтийг улам эрчимжүүлж ажиллах, байгалийн хий нийлүүлэх магистраль шугамнаас Монгол Улс өөрийн дотоодын хийн хэрэглээгээ авах эсэх асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд танилцуулж, Оросын талтай тохиролцох арга хэмжээ авч ажиллахыг Шадар сайдад даалгасан байна.

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийн өнгөрсөн сарын 22-нд манай улсад хийсэн айлчлалын хүрээнд “Газпром”-ын Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов энэ онд багтаан хий нийлүүлэх хоолойн Монголын хэсэг дэх барилгын төслийн ТЭЗҮ-г боловсруулж дуусгахаа мэдэгдсэн юм. Монгол Улсын нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хийн хоолой барих, ашиглах төсөл амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсын урт хугацааны, тогтвортой хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, гурван улсыг дамнасан дэд бүтцийн том бүтээн байгуулалт болно.

Төслийн явцын талаарх мэдээллийг Шадар сайд С.Амарсайхан өгсөн юм. Тэрбээр "ОХУ-аас Монгол Улсаар дамжуулан БНХАУ руу татах байгалийн хийн хоолойн төслийн явцын талаар Засгийн газрын талаар танилцуулсан. Өнөөдрийн байдлаар хоёр улсын хамтарсан ажлын хэсгийн ажил төлөвлөгөөний дагуу амжилттай урагшилж байна.

Дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойн арга хэмжээ, Стратегийн иж бүрэн түншлэлийн хүрээнд хийж хэрэгжүүлэх түүхэн бөгөөд нийгмийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх, Ази болон Европыг холбосон томоохон ажил болж байгаа гэдгээрээ онцлогтой төсөл юм.

Төслийн бэлтгэл ажлыг хангах, Техник эдийн засгийн үндэслэл боловсруулахаар тусгай зориулалтын компанийг Монгол Улсад байгуулсан бөгөөд инженер техникийн ажилтнууд манай улсад байршин, ТЭЗҮ дээр ажиллаж байна. Одоогоор ТЭЗҮ боловсруулах явц 70 хувь байгаа ба энэ онд багтан дуусгана.

Бэлтгэл ажил үндсэндээ хоёр жил үргэлжилж, 2024 он гэхэд албан ёсоор эхэлнэ. Төсөл хэрэгжсэнээр Сэлэнгийн Сүхбаатар, Хиагтын хилээс БНХАУ-ын Эрээн хот, Замын-Үүд боомт хүртэлх 960.5 км хийн хоолой татагдана. Манай улс дотоодын хэрэгцээгээ хангах, байгаль орчны бохирдлыг бууруулах, шинээр байгуулах дагуул болон хот суурин газрууд, дамжин өнгөрч буй суурин, үйлдвэр үйлчилгээний байгууллагуудыг хийн эх үүсвэрээр хангахад ямар нэг хүндрэлтэй асуудал байхгүй. Харин хэрхэн хэрэглэх, ямар зарчмаар хэрэглээгээ хангах вэ гэдгээ дотооддоо тооцооллоо гаргах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд энэ талаар танилцуулж, эцсийн шийдвэрийг гаргах, Оросын талтай тохироо хийх ажилдаа орно гэсэн төлөвлөгөөтэй байна" гэсэн юм.