Э.Амартүвшинд Ардын жүжигчин цол хүртээнэ

Дэлхийн шилдэг баритон Монгол Улсын Гавьяат жүжигчин  Энхбатын Амартүвшинг Ерөнхийлөгчийн зарлигаар “Ардын жүжигчин” цол хүртээхээр болжээ. Тэрээр 2004-2009 онд Соёл Урлагийн Их  сургуулийг Монгол Улсын Гавьяат Жүжигчин Ц.Ерөө багшийн удирдлага дор суралцаж төгссөн бөгөөд 2009 оноос Сонгодог урлагийн гараагаа  Дуурь Бүжгийн Эрдмийн Театраас  эхэлж байжээ.
Энэ хугацаанд дэлхийн томоохон сонгодог урлагийн уралдаан тэмцээнүүдээс дараах шагналуудыг хүртэж байв.
2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын XIV уралдаан /Санкт-Петербург, ОХУ/, II байр мөн үзэгчдийн нэрэмжит шагнал,
2012 онд Плачидо Домингогийн ОУ-ын дуурийн дуучдын уралдаан /Бээжин, БНХАУ/, I байр,
2013 онд Франциско Винасын нэрэмжит 50 дахь ОУ-ын уралдаан /Барселон, Испани/, II байр, Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийн шилдэг дуучин мөн «Associacio d’Amics de l’Opera deSebadell»-ийн тусгай шагнал,
2015 онд «BBC Cardiff Singer of the World» тэмцээн, үзэгчдийн нэрэмжит шагнал,
2016 онд «Seoul International Music Competition»-д III байрыг тус тус эзэлсэн.
Э.Амартүвшин 25  насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг хүртэж,  2016 оноос эхлэн дэлхийн томоохон 10 гаруй театруудтай гэрээ байгуулан дэлхийн  дуучин болсон түүхтэй. 2021 онд дэлхийн “Шилдэг Баритон” дуучнаар шалгарсан гэж ДБЭТ-аас мэдээллээ.