П.Наранбаяр: Өвөл тэргэнцэртэй, харааны бэрхшээлтэй иргэд гэрийн хорионд орчихдог

Нийслэлийн ирэх оны төсвийг ИТХ-аар хэлэлцэж эхэлсэн. Үүнтэй холбогдуулж, НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "Төсөв бол эрэмбэ юм. Гэтэл төсөвт шинээр хороод байгуулахад зориулж төсөв тавьсан байна. Энэ тийм их яаралтай хэрэгжүүлэх ажил мөн үү. Хороо шинээр байгуулах тухай шийдвэрийг Нийслэлийн ИТХ гаргаагүй байна. Тиймээс энэ асуудлыг нэг жилээр хойшлуулж, төсвийн төсөлд тусгасан хөрөнгийг чөлөөлөх боломж байна. Мөн Богд уул руу алхдаг замын тохижилтод 6.3 тэрбум төгрөг суулгасан байгаа. Би Богд уулын Хамгаалалтын захиргаанаас тодруулахад “Энэ том бүтээн байгуулалт хийх гэж байгаа бол Байгаль орчны яамнаас зөвшөөрөл авах ёстой”гэсэн мэдээллийг өгч байна. Тиймээс энэ мэт зардлыг багасгаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зардлаа нэмэгдүүлээч ээ. Ердөө 500 сая төгрөг энэ чиглэлд тавьсан нь хангалтгүй юм. Өвөл хүйтэн болохоор тэргэнцэртэй, харааны бэрхшээлтэй иргэд гэрийн хорионд орчихдог. Яагаад гэвэл ээлтэй орчин байхгүй, халтирч унаад гэмтэж, бэртэх гээд байдаг. Гэтэл юун Богд уулын алхалтын замыг тохижуулах, хороо нэмж байгуулах талаар яриад байгаа юм бэ. Тиймээс дээр дурдсан хоёр зардлыг хасах саналтай байна" гэсэн байна.