"4000 гаруй хөлөг онгоц Монгол Улсын далбааг ашигладаг"

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах өөрчлөлтийг тусгасан байна. Нэн тэргүүнд хөлөг онгоцны зориулалтаас хамаарсан олон улсын жишигт нийцүүлсэн шаардлагуудыг тусгаж өгсөн бөгөөд эдгээр шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавих эрх, үүрэг бүхий Далбааны эзэн улсын хяналтыг шинээр тусгажээ. Түүнчлэн хөлөг онгоцонд техникийн үзлэг шалгалт хийж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий Монгол Улсаас хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих, томилохтой холбоотой зохицуулалтыг хуульчлах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн болон бүртгэгдэх хөлөг онгоцны баг, ахмадад тавигдах шаардлага, ээлжийн ажиллагаа болон чиг үүргийг нарийвчлан олон улсын гэрээ конвенцид нийцүүлэн үндэсний хууль тогтоомжид тусгах нь зүйтэй хэмээн үзэж, төсөл холбогдох зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар далай ашиглах үйл ажиллагааны хамрах хүрээ тодорхой болж, нэр томьёо болон зохион байгуулалтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлснээр Монгол Улс олон улсын далайн байгууллагын гишүүн орны үүргээ биелүүлж, олон улсын гэрээ конвенц хэрэгжих боломж бүрдэх ач холбогдолтой аж. Мөн хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаанд оролцогч талууд болох хөлөг онгоц эзэмшигч, хөлөг онгоц түрээслэгч, Далайн захиргаа, далбааны эзэн улсын хянан шалгагч, хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын хоорондын уялдаа холбоо хамтын ажиллагаа сайжирснаар хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаа чанаржих, далбааны эзэн улсын хяналт сайжирна хэмээн үзсэн байна.

Далайн боомт ашиглах, хөлөг онгоц түрээслэхтэй холбоотой зохицуулалтыг тусгаснаар хөрш орнуудтай хийсэн дамжин өнгөрөх хэлэлцээрүүд болон Монгол Улс далай боомт ашиглах хэрэгцээ шаардлагад тулгууралсан, улс орны цаашдын бодлогыг дэмжсэн ирээдүйг харсан зохицуулалттай болсон хэмээн Б.Энх-Амгалан гишүүн танилцуулгадаа дурдав.

Ажлын хэсгийн дээрх танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Монгол Улсын далбааг ашиглаж буй хөлөг онгоцны бүртгэл болон тэдгээрийн гаргасан зөрчил, шийдвэрлэлтийн талаар асуухад “2003 оноос хойш 4000 гаруй хөлөг онгоц Монгол Улсын далбааг ашиглах эрхтэйгээр бүртгүүлсэн бөгөөд энэ хугацаанд 20 гаруй зөрчил бүртгэгдсэн” хэмээн ажлын хэсгээс мэдээлжээ.