“Хамтдаа инээмсэглэе” өвлийн тусгай ээлжийн хөтөлбөрийг 4 дэх жилдээ зохион байгуулж байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хамтран, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай хүүхдүүд болон тэдний эцэг эх, асран хамгаалагч нарт  зориулсан “Хамтдаа Инээмсэглэе” өвлийн тусгай ээлжийн хөтөлбөр, арга хэмжээг  4 дэх жилдээ ОУ-ын Хүүхдийн “Найрамдал” цогцолборт 2021 оны 11-р сарын 24-29-ний өдрүүдэд зохион байгуулж байна.  

Хүүхэд, асран хамгаалагч нарыг хамруулсан 5 өдрийн хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүрийн бие бялдар, сэтгэцийн хөгжлийн талаар ганцаарчилсан үнэлгээ, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал зэрэг анхан шатны дасгал хөдөлгөөнийг мэргэжилтнүүд зааж,  асран хамгаалагчдад зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө, сургалтууд зохион байгуулах юм. 

“Хамтдаа Инээмсэглэе” өвлийн тусгай ээлжинд нийслэлийн 9 дүүрэг, халамж асрамжийн төв, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн 50 хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагч нар хамрагдаж байна.