Хотын захирагч марафонд оролцогчдод амжилт хүслээ

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/440 дүгээр захирамж болон нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон албаны хүмүүс оролцов.

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг нээж, хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт нийслэлчүүд болон марафонд оролцохоор хүрэлцэн ирсэн гадны зочид төлөөлөгчид, тамирчид та бүхэндээ автомашингүй, марафонтой спортлог, идэвхтэй Улаанбаатарын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. "Улаанбаатар марафон” спортын арга хэмжээ нь жилээс жилд, зохион байгуулалтын хувьд өргөжин тэлж, оролцогч тамирчид, сонирхогчдын тоо өсөн нэмэгдсээр байгаа төдийгүй олон улсын болон нийслэлийн иргэд, оршин суугчид, орон нутгийн гүйгчдийн хүсэн хүлээж оролцдог томоохон тэмцээн болж чадсанд баяртай байна” гэв.