Ё.Баатарбилэг: ТЭЗҮ гэж мөнгө цавчдагаа одоо болихгүй юм уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг хэлэлцэж байна. Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам.долларын санхүүжилтээр Улаанбаатар хотын Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийн хэрэгжүүлэхээр тохирч, зээлийн хэлэлцээрт өнгөрсөн наймдугаар сард гарын үсэг зурсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "100 сая ам.долларын эргэн төлөлтийг улсын төсвөөс төлөх үү, нийслэл төлөх үү. Нийслэлд 420 тэрбум төгрөг шийдэж өгсөн. Дахиад 100 сая ам.доллар буюу 300-аад тэрбум төгрөг яригдаж байна. Өмнөх 420 тэрбум төгрөгөөр юу хийхээ төлөвлөсөн үү?

20-30 км замыг засаж сайжруулах, өргөтгөхөд 81 сая ам.доллароор төгрөг зарцуулах юм байна. Төсөвт өртөг нь яасан ч мундаг том юм. Нийтийн тээврийн шинэчлэлд 9 тэрбум төгрөг тавьчихаад бодитой юм алга, автобусны буудлыг засна гэж байна. Тэгээд замын зураг төсөл, ТЭЗҮ боловсруулахад 10 сая ам.доллар. Өмнө нь замын тооцоо судалгаа хийж, ТЭЗҮ-ийг нь боловсруулсан бэлэн байдаггүй юм уу. Дахиад л мөнгө зарцуулж, цаас үйлдвэрлэх юм биш үү. Энэ улс оронд тийм боломж байгаа юм уу, эсвэл нийслэлийн төсөв тэгж халгиж цалгиад байгаа юм уу? Судалгаа, ТЭЗҮ гэж мөнгө цавчдагаа одоо болихгүй юм уу. 100 сая ам.долларын зээл зайлшгүй чухал уу. 420 тэрбум төгрөгөөр ажлаа эхлээгүй байгаа шүү" гэдгийг тодруулав.

Хариуд нь Сангийн сайд Б.Жавхлан "Эргэн төлөлтийг 100 хувь нийслэл хариуцана. 30 жилийн хугацаатай, эхний 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Жилийн 1.24 хувийн хүүтэй" хэмээв.

Мөн "Авто замын цогц арга хэмжээнд 7.1 их наяд төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. 420 тэрбум төгрөг гурван цогц арга хэмжээнд задарч байгаа. Цогц арга хэмжээний газар чөлөөлөлтөд 390 тэрбум төгрөг шаардлагатай. Ирэх жил 110 тэрбум төгрөгийг газар чөлөөлөлтөд тавигдсан. 100 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн шинэчлэлд оруулсан. Ирэх оноос шинэ 500 цахилгаан автобусыг үйлчилгээнд нэвтрүүлнэ. 420 тэрбум төгрөг цогц ажлын суурь төсөв, хөрөнгө оруулалт болж өгнө.

Дэлхийн банкны зээлээр Нарны замыг 6 эгнээ болгоход инженерийн шугам сүлжээний ажил, ус зайлуулах систем, ногоон байгууламжийг хамт хийгдэнэ. Нийтдээ 35.3 км зам тавигдахад 55-65 автобусны шинэ жишиг буудал баригдана. Зураг төслийн 10 сая ам.доллар бол зээлдэгч байгууллагын бидэнд тавьж буй үндсэн шаардлагын нэг. Энэ 10 сая ам.доллараар гурван үндсэн ажлын зураг төсөл, хяналт шинжилгээний мөнгө юм" гэдгийг нийслэлийн төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг хэллээ.