Малчидтай уулзах нүүр З.Мэндсайхан сайдад байна гэж үү?

Түрүүч нь http://uzeg.info/i/4751

“Ковид-19”-ийн цар тахал гараагүй байхад Монголын зовлон, түүнтэй тэмцэх нь Улсын Онцгой комиссын үүрэг байв. Байв ч гэж байсаар ирсэн, одоо ч байгаа. Ойрын жишээ нь одоогоос дөрвөн жилийн өмнөх 2018 онтой холбогдоно. Тэгэхэд 13 аймгийн 41 суманд шүлхий бүртгэгдэж, салбарын яам төдийгүй Улсын Онцгой комиссыг “ажил”-тай болгож байлаа. Гэхдээ шүлхийн голомт газар аваагүй. Тодорхой шийдвэрийн хүрээнд тоймтой ажил өрнүүлснээр голомтыг хяналтад оруулж, халдварыг хумьж, барьж чадсан юм. Угаасаа Улсын Онцгой комисс, холбогдох яамнаас авч хэрэгжүүлэх ажил нь ч тэр. Монгол Улс шүлхийтэй хэрхэн тэмцдэг, тэмцэж ирсний бодит жишээ ердөө л энэ. Түүнээс хойш шүлхийтэй холбоотой сэдэв яам, Улсын Онцгой комиссын түвшинд “мартдагдсан”. Гэвч цаг цагаараа байдаггүй гэгчээр Монгол Улс бүхэлдээ шүлхийн голомт болох аюултай нүүр тулж эхэллээ.

Тоон мэдээллээр 17 аймгийн 106 суманд шүлхий бүртгэгджээ. Цааш үргэлжлүүлбэл нэг аймгийн нэг суманд боом, нэг аймгийн гурван суманд арьс товруутах өвчин бүртгэгдсэн тухай албан ёсны мэдээ байна. Нэг аймаг, сумаар хэмжигдэхгүй нийт бүс нутгийн 80 орчим хувь нь шүлхийн голомттой болсон нь өөрөө аюулын дохио. Уг нь “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” хэмээн Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 5-д заасан. 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс бүх нийтээр дагаж мөрдсөн энэ заалт өнөөдөр ч хүчин төгөлдөр хэвээр. Гэтэл цар тахалтай тэмцэх ажилтай зэрэгцээд шүлхийн голомтыг хяналтад оруулах, бүр халдварын тоог бууруулах ажил салбарын сайдын шүүгээнд таг гацаад олон сарыг үдэв. Улмаар З.Мэндсайхан сайдын эл үйлдэл нь төрийн хамгаалалтад байх учиртай үндэсний баялгаа хөсөр хаяж, Үндсэн хуулийнхаа эсрэг байгаатай агаар нэг үйлдэл болж хувирлаа.

Улс даяараа цар тахалтай тэмцэж байгаа үнэн нь ч малчдын амьдрал ахуйтай холбогдох гол шийдвэрийг гараасаа гаргах сайд нь З.Мэндсайхан. Хуулиар хүлээсэн үүрэг нь ч тийм. “Ковид”-той тэмцэх ажлыг Шадар сайд нь голлон хариуцаж, Улсын Онцгой комиссыг даргалж байгаагийн хувьд шүлхийн асуудлаар бодлого зангидаж, шуурхай удирдлагаар хангах нь эрхэм сайдын үүрэг атал аварга малчин тодруулах тогтоолыг Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулж, батлуулаад явааг юу гэж ойлгох вэ? Эсвэл шүлхийтэй холбоотой асуудал тэгтлээ нууж хаах, нууцын зэрэглэлд оруулахаар асуудал болчихсон хэрэг үү?

Иргэд нь “Ковид”-д, мал нь шүлхийд, Монгол Улс бүхлээрээ цар тахлын дарлуулж байхад Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч шалгаруулах тогтоолыг Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулж, батлуулж суугаа сайд З.Мэндсайхан Танд үүнээс өөрөө хийх ажил үлдсэнгүй гэж үү? Шүлхийн халдварыг хэрхэн намжаах талаар бодлого, стратеги төлөвлөгөөгөө Засгийн газрын хуралдаанд оруулж, шаардлагатай арга хэмжээг авахуулж, шийдвэрлүүлэх нь нэн тэргүүнд хийх ёстой ажил нь атал жилээс жилд гишүүдийг тойрогтоо ажиллахад ганц нүүр тахалдаг батламж, пайзны төсөв батлуулах төдийхнөөр хэмжигдэв. Сайд эсвэл салбарын яамнаас удахгүй ямар нэгэн хийл байх. Мал эмнэлгийн газрын даргад хариуцлага тооцсон тухайгаа. Хариуцлага тооцсоноор шүлхий арилдаг нь үнэн л юм бол өдийд монгол малын мах дэлхийд "магнаг" болчихсон яваа.

Малчид шагнал урамшууллаар лав дутаагүй ээ. Малаа өсгөх, түүнийхээ үр шимийг хүртэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжоор дутаж байна. Тэгэхийн тулд мал нь, мах нь ямар нэгэн өвчингүй эрүүл, эко байх учиртай. Юу үнэн энэ үнэн. Эцэст нь хэлэхэд сайд З.Мэндсайхан Танд хуулиар хүлээсэн эрх үүргийг Тань дахин сануулъя.

Засгийн газрын тухай хуульд зааснаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нь:

-Хүн амын хүнсний хангамжийн бодлого;

-Хүнсний аюулгүй байдлын асуудал;

-Мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого;

-Газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого;

-Мал эмнэлэг, малын үржлийн талаар төрөөс явуулах бодлого;

-Мал, амьтан, ургамлын хорио, цээрийн асуудал;

-Бэлчээрийн болон таримал ургамлыг хамгаалах асуудал;

-Мал, таримал ургамлын гаралтай хүнсний зүйл, түүхий эд болон хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт, импортын асуудал;

-Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын болон бэлчээр ашиглалтын бодлого;

-Малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлого;

-Хөнгөн үйлдвэрлэлийн асуудал;

-Жижиг, дунд үйлдвэрийн асуудал;

-Дотоод худалдаа, үйлчилгээний бодлого, зохицуулалт;

-Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудлыг хариуцдаг.

С.Гандөл