“Шүлхийтэй сайд”

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан 180 мянган малчин өрхийн хамаарал бүхий салбарын сайд болж байна. Хөдөө аж ахуй бол Монголын онцлог салбар. Мөн энэ салбар эдийн засгийн хос морины нэг буюу хүнээр яривал хоёр хөлийнх нэг нь байх ёстой. Энэ тал дээр өөрөө туршлагатай учраас сайдад дэмжигдсэн болов уу гэж бодож байна. Жишээ нь, хүнсний ногоог дотооддоо тарих талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх байнга ярьдаг. Монгол Улсын жилийн хүнсний импортын үнийн дүнг мэдэж байна уу?

З.Мэндсайхан: ­Ерөнхий импортын харьцаагаа мэдэж байгаа. Үнийн дүнгийн мэдээлэл сайн аваагүй байна.

Х.Баттулга: Хөдөө аж ахуйн сайд болохоо хэзээ сонссон бэ? Энэ чинь маш тодорхой асуудал. Ерөнхий сайд хүнсний ногоо дотооддоо тариалах асуудлыг ярьдаг. Ном, сонин, судалгаа харахад л тодорхой байгаа. Монгол Улс жилдээ 400-500 сая ам.долларын хүнсний бараа импортоор авдаг. Үүнийг 100 хувь дотоодоосоо хангая гэж Ерөнхий сайд ярьдаг. Энэ бол 400-500 сая ам.долларын бараа гаднаас оруулж ирдгийг болино гэсэн санаа юм. Монгол Улс газар нутгийнхаа хэдэн хувьд газар тариалан эрхэлдэг вэ?

З.Мэндсайхан: 21 орчим хувьд.

Х.Баттулга: Газар нутгийнхаа нэг орчим хувьд газар тариалан эрхэлдэг. Бид үр тарианыхаа хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангах боломжтой. Бид жилд хэдэн сая арьс боловсруулдаг вэ?

З.Мэндсайхан: Жилдээ бид 15 орчим сая арьс боловсруулах нөөцтэй.

Х.Баттулга: Жилд 15-20 сая ширхэг арьс боловсруулдаг, үүний 80 хувь нь бог малын арьс байдаг. Бог малын арьс хэдэн төгрөгийн үнэтэй байгаа вэ, малчдынхаа орлогыг яах вэ, жилд хэдэн тонн ноос, ноолуур хураадаг, үүний үнийн дүн хэд байдаг, хэдэн хувийг нь гадагш гаргадаг гэх мэтчилэн асуултуудыг өөртөө тавьж, хэрэгжүүлэх ажилд өнөөдрөөс эхлэн ханцуй шамлан ороорой.

Энэ бол одоогоос хоёр жилийн өмнө Төрийн тэргүүний зүгээс Засгийн газрын гишүүдтэй уулзах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга, З.Мэндсайхан сайд нарын хооронд өрнөсөн яриа. 2020 оны долдугаар сарын 8-нд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үед юм. Тэгэхэд Х.Баттулга Ерөнхийлөгч гэхээсээ энэ салбарыг хариуцаж асан, жаргал, зовлонг нь гадарлах хүний хувиар хэлж, сануулж, захиас өгсөн байж таарна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “давхар дээл”-тэй гишүүдийн тоог дөрвөөс илүүгүй байхаар хязгаарласан учраас танхимынх нь 17 сайдын 12 нь парламентын гаднаас буюу “дан дээл”-тэй байв. Тэдгээрээс 180 мянга гаруй малчин өрхийн амьдрал, амьжиргааг хариуцахаар гэнэт тодорсон хүн нь З.Мэндсайхан.

Ховдын уугуул, эдийн засагч мэргэжилтэй тэрбээр төрд ажилласан намтар нь хожуу буюу нимгэн. Гэхдээ “ногоон гэрэл”-ээр буйр сэлгэсээр өнөөдрийн сэнтийдээ суусан нэгэн. 2015 онд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын даргаар очсон З.Мэндсайхан МАН эрх барьсан 2016 оноос Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар гурван жил ажиллаад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болж дэвшиж байв. Улмаар УИХ-ын ээлжит сонгуульд МАН үнэмлэхүй ялалтаа бататгаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр дахиа улирахад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар очсон нь энэ юм. Сонирхолтой нь, амаржсан эхийг тусгаарлах явцад гаргасан алдаанаас үүдэж У.Хүрэлсүхийн Засгийн газар сайн дураараа огцорч, Л.Оюун-Эрдэнэ залгамжлахад танхимдаа улирсан сайдын нэг нь өнөөх л З.Мэндсайхан. Үнэхээр чадвартай мэргэжилтэн үү? эсвэл намдаа ар томтой учраас энэ хүртэл явсныг нь хэлж мэдэхгүй. Ямар ч байсан хувийн хэвшлээс төрд, тэгэхдээ хүрч болох хамгийн өндөр албан тушаалыг сэлгэж ирсэн З.Мэндсайханы товч намтар энэ. Гагцхүү түүнийг сайд болсноос хойшхи хоёр жилийн хугацаанд хариуцсан салбарт нь ахиц гарсан уу? гэвэл үгүй. Эсрэгээрээ 21 аймагт шүлхий тархаж, Монгол Улс бүхэлдээ голомт болоход ойрхон ирээд байна.

“Ковид-19”-ийн цар тахлын хор уршиг дэлхий нийтийг туйлдуулж, тэр хэрээрээ манайд нөлөөлж буй нь үнэн ч Монголын бодит зовлон нь шүлхий. Хэрвээ “Ковид-19” гараагүй бол Улсын Онцгой комиссын анхаарах ганц асуудал нь шүлхий байх нь гашуун үнэн. Гэвч улсаараа “Ковид-19”-ийн халдвартай тэмцэх нь нийтийн, нийгмийн нэн тэргүүний ажил ч түүгээр дулдуйдан шүлхийг орхигдуулсан нь аюулын харанга дэлдэж эхэллээ. Уг нь шүлхий тархсан аймгуудад яаралтай арга хэмжээ авах, голомтыг хумих нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, сайд З.Мэндсайханы үүрэг. “Омикрон”-ы хувилбарыг тархалттай зэрэгцээд шүлхийн асуудлыг Улсын Онцгой комисс, Засгийн газрын хуралдаанаар оруулж танилцуулж, шийдвэрлүүлэх нь З.Мэндсайхан сайдад хуулиар олгосон бүрэн эрх нь.

Тийм атал бодлог зангидаж, шийдвэр гаргах статустай сайд нь шүлхийтэй холбоотой асуудалд огт дуугарахгүй, дүлий дүмбэ оргин суугаагийн цаад шалтгаан юу вэ? Эсвэл үнэхээр шүлхийтэй тэмцэх гарц гаргалгаа нь сайд З.Мэндсайханд, энэ яамныханд алга уу? Засгийн газрын ээлжит хуралдаанаар ажлын хариуцлага алдсан шалтгаанаар Мал эмнэлгийн газрын дарга Б.Ганзоригийг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хэмжээнд энэ сарын 11-ний байдлаар 14 аймгийн 97 суманд шүлхий өвчин бүртгэгдсэнтэй холбогдуулж. Угтаа бол Мал эмнэлгийн ерөнхий газар нь мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрүүлжүүлэх бодлогыг оновчтой төлөвлөж, улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй. Түүнийг нь зангидаж, залуурдах нь З.Мэндсайхан сайдын хамгийн түрүүнд хийх ёстой ажил. Гэвч газрын даргадаа хариуцлага тооцсоноор шүлхийг тавьж туусны оношийг тодорхойлно гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. 

Нэгэн судлаач хэлсэн байна лээ, “Аймаг, сумын Засаг дарга нарт шүлхийг хянах эрх мэдэл алга, үүргээ биелүүлэх, хариуцлага хүлээх боломж алга, эрхэлсэн сайд нь тэд нараар хариуцсан ажлыг нь хийлгэхгүй, өмнүүр нь орж далбаганаад, аймаг, сумдад төсвөөс очих ёстой малын эрүүл мэндийг хамгаалах зардлыг ганцаараа идэж байна” гэж. Үнэн бол ноцтой л асуудал.

С.Гандөл

Үргэлжлэл бий.