Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд О.Номинчимэг, А.Ариунзаяа, Ө.Шижир, Б.Баярбаатар, М.Мандхай, С.Эрдэнэболд, Б.Мөнхсоёл, С.Замира, Д.Рэгдэл, Д.Ганмаа, Ч.Анар, Г.Лувсанжамц, Д.Энхтүвшин, Дав.Цогтбаатар, Ч.Номин, Н.Батсүмбэрэл, Р.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ж.Золжаргал, М.Ганхүлэг, Л.Соронзонболд, С.Эрдэнэбат нарын гишүүд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Энэ хуулийн төслийг Улсын Их Хурлын 76 гишүүн санаачлан боловсруулжээ.
Хуулийн төслийн гол зорилго нь иргэдийн дунд хэрэглээ нь эрс нэмэгдэж байгаа бүх төрлийн тамхидалтыг бууруулах, ялангуяа өсвөр насны хүүхэд, залуучуудын дунд түгээмэл хэрэглэж байгаа төрөл бүрийн электрон тамхийг янжуур тамхитай ижил зохицуулалттай болгож, ирээдүй үеэ хорт зуршлаас сэргийлж, эрүүл мэндийг хамгаалахад чиглэж буйг хууль санаачлагчид танилцууллаа.
Манай улсад Тамхины хяналтын хууль анх 1993 онд батлагдсан бөгөөд 2005 оноос шинэчлэгдэж, нийт найман удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Гэвч Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр хуулийн хэрэгжилт хангалтгүй, хяналт сул, хууль бус худалдаа ихэссэн, хяналтын байгууллагуудын уялдаа холбоо муу байгаагаас өсвөр үе, залуучуудын дунд тамхины хэрэглээ өсөж, эрүүл мэнд, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байна. Монгол Улсад тамхинаас шалтгаалсан нас баралт нийт нас баралтын 17 хувийг эзэлж, жил бүр ойролцоогоор 4,300 хүн тамхины хэрэглээтэй холбоотойгоор нас барж байгаа ба тамхины хэрэглээнээс шалтгаалсан эдийн засгийн алдагдал жил бүр 801 тэрбум төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 2.1 хувийг эзэлж байна гэв.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) 2021 онд гаргасан “Электрон тамхи ба эрүүл мэнд” тайланд эдгээр бүтээгдэхүүнүүд нь амьсгалын замын үрэвсэл үүсгэх, зүрх судасны системд сөргөөр нөлөөлөх, никотинд донтох эрсдэл өндөртэй болохыг онцолсон. Мөн энэхүү тайланд “электрон тамхи нь тамхинаас гарах хэрэгсэл биш бөгөөд өсвөр үеийнхэн, залууст донтох шинэ зам болж байгааг анхаарах шаардлагатай” хэмээн дурджээ.
Иймд төрөөс тамхидалтын эсрэг дорвитой арга хэмжээ авах зайлшгүй шаардлага үүссэн тул Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг ийнхүү боловсруулсан талаар онцлов.
Монгол Улсад тамхины үнэ хямд, татварын хэмжээ Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллагын (ДЭМБ) зөвлөмжөөс доогуур байгаа нь тамхидалтыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байгааг судлаачид онцолдог бөгөөд тамхины татвар нэмэгдэхэд хэрэглээ багасдаг болох нь олон улсын туршлагаар нотлогддог байна. Иймд бүх төрлийн онцгой албан татварыг 2025–2030 оны хооронд үе шаттайгаар нэмэгдүүлэх, татварын орлогыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үдийн хоолны шим тэжээлийг дээшлүүлэх арга хэмжээ, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг эрүүл, аюулгүй, идэвхтэй өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, тамхинаас урьдчилан сэргийлэх болон гаргах тусламж, үйлчилгээ зэрэгт зориулах замаар хүн амын өвчлөл, нас баралтыг бууруулах, иргэдэд шаардлагатай тусламжийг хүртээмжтэй хүргэх, эмнэлгийн зардлыг хэмнэх, нийгмийн эрүүл мэндийн бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхийг зорьжээ









