Үндэсний үйлдвэрлэлийн үнэ цэнийг дархалсан “ТОСОН ТОГОО"

“БҮТЭЭЛЧ МОНГОЛ ЭРЧҮҮД” цуврал нийтлэлийн зочноор “Тосон тогоо” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Баярбаатарыг урьсан юм. Ховд аймгийн Дарви суманд төрсөн тэрбээр дөрвөн настайдаа их хотын зүг аав ээж, ахын хамт хүлгийн жолоо залж, Яармагийн дэнжид нүүдэллэн ирж хүүхэд насаа өнгөрүүлжээ. Авто засварын заводтай амьдрал нь салшгүй холбоотой хэмээн хуучлах Б.Баярбаатар зургадугаар ангиасаа ажлын амтанд орж, амьдрах арга ухаанд суралцсан байна. Ээж нь тогоочоор ажилд орсон нь үйлдвэрлэлийн салбар руу ийн хөтөлжээ. 

Авто засварын заводынхан амны халбага, сэрээ хийнэ. Б.Баярбаатар эмээгийн хамт гэртээ авчирч зүлгүүрдэж, өнгөлж өгснөөр 1-2 төгрөгийн цалин авна. Яармагийн 34 дүгээр сургуулийн сурагч математикийнхаа хичээлд сайн байж, багш нь "Сүх-Очир та хоёрыг шалгахгүй. Гарч байж болно" гэдэг байжээ. Зах зээлийн шилжилтийн үе буюу 1991 онд наймдугаар ангиа төгсч, ажиллаж эхлэв. “Шууд ажиллах нөхцөл боломж тухайн үед тааруу байсан. Тэглээ гээд зүгээр суугаагүй. Урагшаа Богд уул руу самранд явна. Зарж ашиг олно. "Барс" зах дээр цемент үүрч, ачаа буулгана.  Ажлыг гололгүй хийсэн” гэв.

1992 оны намрын урь орсон нэгэн өдөр 18 настай хүү Хөнгөн цагаан эдлэлийн үйлдвэрт  өнгөлгөөчнөөр ажилд оржээ. 11 жилийн турш хариуцлагатай ажиллаж, 2003 онд хөдөлмөрийн гэрээгээр БНСУ-ыг зорих болов. Хилийн дээс алхахад санхүүгийн асуудал тулгарна. Б.Баярбаатар үйлдвэрээсээ 1.7 сая төгрөг зээлж, хүнийг нутгийг зорьж, хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллаж эхэлжээ. “Монголд ажиллахад махны чинь хөлс гарна. Солонгост очиж ажиллавал ясны чинь хөлс гардаг юм шүү” хэмээн хүүхдүүддээ захих хэдхэн үгнээс өнөөдрийн амжилт руу тэмүүлэхэд хэцүү бэрх бүхнийг даван туулж,  өрх бүрийн хэрэгцээг хангасан үндэсний үйлдвэрлэлийг бүтээсэн гэдгийг гэрчлэх мэт...

No description available.

"Солонгост анх очихдоо хэл ус мэдэхгүй. Ажлаа хийнэ. Хийгээд л байна. Хөлсөө дусалтал хөлөө чилтэл ажиллана. Ядарсан хүн харьдаг байлаа. Ээжийгээ, эх орноо их санана. Хааяа нэг нулимс дуслуулах үе байсан. Нуугаад яахав. Жил гаруй ажиллаад арга эвээ олсон. Хэлээ ч сурна. Хүн аяндаа дасдаг юм билээ.  Гурван жилийн гэрээгээр яваад гурван жил болоод нутаг буцсан" гэлээ.

Б.Баярбаатарын хамт найман монгол хүн ажилладаг байжээ. Ажилдаа сайн гээд монголчуудад ам сайтай ч түүнээс бусад нь хоёр жил гаруй хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллаад “оргочихсон” байна.  Солонгост харлаж үлдэхийн тулд ийн ажлын байраа орхисон хэрэг. Ганц дайчин ганцаардахгүй гэдгийн адилаар 40 тоннын чингэлэгт амьдарна. Өглөө ажилдаа очих бүрт “Чи хэзээ оргож зугтах вэ” гэж ам асууна. “Би оргохгүй ээ. Хугацаагаа дуусгаад эх орон руугаа явна” гэж хээв нэг хариулна.

Жил ажилласны дараа өөртөө зориулж хүрэн өнгийн автомашин худалдаж авчээ. Түүнийг нь мэдсэн үйлдвэрийн удирдлагууд жолооны курст суулгаж 15 жилийн хүчинтэй үнэмлэхтэй болгов. Үнэмлэх, машинтай болсон болохоор үндсэн ажлаа тараад үргэлжлүүлэн махны хүргэлт хийнэ. “Австралиас оруулж ирсэн үхрийн гуя ирнэ. Дүүжилж байгаад гадна талынх бүх хальсийг авна. Солонгосчууд шар мах иддэггүй. Махаа 25 кг багцлаад зарна. Ихэвчлэн хол газар руу хүргэж өгнө. Цалингийнхаа хажуугаар халтуур хийж байна л гэсэн үг л дээ” гэсэн юм. Унтахад 4-6 цаг л зарцуулдаг байсан тэрбээр залуу насаа ажлын талбарт ийн өнгөрүүлжээ.

No description available.

Гэрээний хугацааны гурван жил дуусахад дэд захирал нь түүнийг онгоцны буудал хүргэж өгч, үдэхдээ 5000 ам.долларыг баярласан сэтгэгдлээ илэрхийлж бэлнээр өгчээ. Энэ нь хүний итгэлийг алдахгүй хийсэн ажилдаа хичээл зүтгэлтэй хандсаны илрэл биз.

Тэрбээр эртнээс л тогоо хийнэ гэж ярьдаг байж. Хамт ажилладаг байсан солонгосчууд нь очоод юу хийх вэ? гэхээр эргэлзэж тээнгэлзэхгүйгээр тогоо хийнэ гэж хариулна. Ярьж байсан зүйл нь биеллээ олж, 2007 оноос эхэлж,  дээшээ харсан амсартай сав хэмээн бэлэгшээдэг тогоо үйлдвэрлэв.

Өөрөө зорж, бүхий л ажилдаа гар бие оролцсоноор өнөөдөр түүний ур ухаанаар бүтсэн тогоог эх орны өнцөг булан бүрт амьдардаг монголчууд хэрэглэсээр байна. “Хөнгөн цагааны үйлдвэрт бурхан шиг хүмүүс зөндөө байсан. Хөдөлмөрийн баатар Шархүү гуай гээд токарчин байлаа. Отгоо ахаасаа ч их зүйл сурсан. Орос 20, 12, 58-ын тогоо гэж байдаг байлаа. Яг л ийм тогоо хийнэ гээд өөртөө тангараг өгчихсөн. Солонгос явахаасаа өмнө нэг найздаа таван сая төгрөг өгчих. Хоёулаа хамтдаа тогооны үйлдвэр байгуулъя гэхэд бүтээгүй л дээ. Тогооны үйлдвэр байгуулна гэдэг бодлоо тээгээд Солонгос явсан даа” гэлээ.

No description available.

Хөдөөгийн хөдөлмөрчдөд ямар тогоо хэрэгтэй байгаа судалгааг хийхийн зэрэгцээ хүмүүсийн хэлж ярьсан зүйлд үндэслэв. Монгол Улсын дөрвөн зүг найман зовхист аж төрж амьдардаг үндэстэн бүхэн өөр төрлийн тогоо хэрэглэдэг байна. Тэр бүхэнд тааруулж тогоогоо хийхийг эрхэмлэдэг гэнэ. 2007 оны өвөл орос 20 болон 12-ын тогооны хэвийг Хадбаатар найзынхаа хамт өдөр шөнөгүй хийсээр сар гаруйн хугацаанд зорж дуусгажээ. Тогоогоо худалдаанд гаргахад зах зээлд цахиур хагалж, хэрэглэгчид сайхан хүлээж авсан байна. Хоёр тогооныхоо загварт үндэслэж өөр олон төрлийг  гаргасан нь амжилттай болов.

“Тосон тогоо” ХХК-ийн хамт олон 20 төрлийн тогоо үйлдвэрлэдэгээс  тогтмол 11 төрлийг худалдаанд гаргадаг байна. Түүний ажил түүхий эдийн цэгээс материал аваад зууханд хайлуулж, цэвэрлэхээс эхлээд ажил ар араасаа ундарна. Одоогоор Монголд тогоо хийдэг үйлдвэр Б.Баярбаатарынхаас өөр байхгүй. Тиймээс үнийн бодлогоор хятад тогоог хэрэглээнээс халах зорилго тээж ажилладаг гэдгээ учирлаж байсан юм.

21 аймгаар ажлаар болон аяллаар явахад өөрийнхөө үйлдвэрийн тогоотой үргэлж тааралдана. Орсон айл бүхэнд байна. Хүсч мөрөөдсөн ажлаа хөрсөн дээр буулгаж, хүн ардынхаа хэрэглээ болгож чадсан учраас баярлаж явдаг гэдгээ нуусангүй.

Амжилттай ажиллаж яваа эр хүний ард сайн хань байдаг гэсэн үг бий. Б.Баярбаатарын халамжит гэргий Ш.Батдэлгэр амьдралыг жолоодогч нэгэн. Амьдралынх нь түших багана тулах цэг болсоор иржээ. “Гэргийдээ баярлаж явдаг. Тогоо хийхээ анхнаасаа л хэлж байсан. Эхнэрийнхээ араас би Солонгос явж байсан. Хоёулаа монголд очоод юу хийх вэ гэхээр нь тогоогоо л хийнэ гэж хэлдэг байлаа. Үйлдвэрт тогоо нь дээр ажилладаг байсан учраас маш сайн мэднэ. Тиймдээ ч намайг дэмжсээр ирсэн” хэмээв.

No description available.

Албан байгууллага, аж үйлдвэрлэл хариуцаж яваа хүн ажилчдаа бодож, хайрлаж, хамгаалж байх ёстой. Амжилттай ажиллахын үндэс ажилчид хэмээн хэлэх Б.Баярбаатар ажилчдынхаа нийгмийн асуудлыг нэгдүгээрт тавина. Дөрвөн ажилчныхаа байрны урьдчилгаа болох 20 сая төгрөгийг шийдвэрлэн өгч, орон сууцанд оруулсан байна. Гурван ажилтнаа байшин барихад тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. “Ажилчдынхаа нийгмийн асуудалд би гар татдаггүй. Ойролцоох  орон сууцанд урьдчилгаа өгөөд хоёр ажилтнаа оруулах боломж гараад өөрийн унаж байсан “Ланд 200”-гаа зараад хоёр өрөө байранд оруулсан. 3, 4 давхарт. Ажилтайгаа ойрхон учраас амар л байдаг. Одоогоор долоон хүнийхээ амьдрах байшин, байрыг шийдсэн байгаа” гэв.

Б.Баярбаатарын “Тосон тогоо” ХХК 11 ажилтантай. Ажилласан жил, туршлагаасаа хамаарч харилцан адилгүй ч хамгийн бага нь 1.4 сая төгрөгийн цалин авдаг байна.  Хүнд, халуун нөхцөлд ажилладаг учраас цалин, хангамжийн асуудлыг ийн анхаардаг гэнэ.

Монголдоо хөнгөн цагаан эдлэлийн бүхий л зүйлийг хийх хэтийн зорилго тавьсан түүний хүсэл тун удахгүй биеллээ олно гэдэгт итгэж байна.

С.Ичинхорлоо

No description available.

No description available.No description available.

No description available.No description available.No description available.

No description available.No description available.No description available.No description available.