С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Х.Нямбаатар: Т.Бадамжунайг авчирсанд хамгийн их айж, балмагдаж байгаа хүн нь Х.Баттулга
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай ярилцлаа.
-Сайд асан Т.Бадамжунайг Филиппинээс албадан авчирсан нь өнгөрсөн өдрүүдийн гол дуулиан байлаа. Олон нийтийн дунд хоёр өнцгөөс харж, тайлбарлаж байна. Эхнийх нь иргэн Т.Бадамжунай өөрийн хүсэлтээр эх орондоо ирсэн гэх хардлага. Хоёр дахь нь Засгийн газраас авлигатай тэмцэх ажлын хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн "Шувуу" ажиллагааны хүрээнд гэсэн тайлбар. Энэ ажиллагааг ахалж байгаа хүний хувьд арай бодитой тайлбар хэлэх байх?
-Ер нь бол би өөрөө Филиппинд очиж авчирсан асуудал. Сөүлээс Манила руу нисээд тэндэхийн хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай уулзаж, гурван албан бичиг гардуулсан.
-Ямар утгатай байсан юм, тодруулж болох уу?
-Нэгдүгээрт, иргэн Т.Бадамжунайгийн гадаад паспортыг хүчингүй болгосон тухай. Хоёдугаарт, түүнийг манайд шилжүүлэн өгөх буюу албадан гаргах. Гуравдугаарт, энэ хүнтэй холбоотой хилийн хориг тавих утга бүхий гурван албан бичиг өгсөн юм. Тус улсын хуулийн байгууллагын удирдлагууд ч хамтын ажиллагаагаа өргөжүүлье. Танай улсын авлигатай хийж байгаа тэмцэлд дэмжлэг үзүүлье гэсэн. Энэ хүрээнд Т.Бадамжунайг албадан гаргахаар болсон юм. Маргааш нь тэндээс Сэбү хот руу ниссэн. Иргэн Т.Бадамжунайгийн гар утсыг олж авч холбогдсон. Уулзаж, ярилцах тухай саналаа тавьсан. Өөрөө ч ирсэн.
-Анхнаасаа шаардлагыг хүлээн авсан хэрэг үү?
-"Бидэнтэй хамт Монгол руу буцаж, хэргээ шалгуулвал яасан юм" гэдгийг хэлсэн. Өөрөө болохоор "Одоогоор явж амжихгүй нь. Тавдугаар сар гаргаад шийдвэрээ гаргая" гэсэн. Хариуд нь сануулж хэлсэн. "Хэрвээ Та одоо явахгүй бол Филиппиний хуулийн байгууллагаас албадан саатуулна шүү. Яагаад гэхээр манай талаас холбогдох бичгээ өгсөн" гэдгийг тайлбарласан. Биднийг уулзсаны дараа тус улсын хуулийн байгууллагаас албадан саатуулах ажиллагааг зохион байгуулсан. Бид ч очиж уулзсан. Албадан гаргах замаар авч явахаа хэлсэн. Тэгэхийн тулд А, Б гэсэн хоёр хувилбарыг хэрэгжүүлдэг юм байна. А хувилбар нь тухайн хүн хүссэн тохиолдолд хил дээр, онгоцны хоолойд суух хүртэл явахыг хэлдэг. Хэрвээ үл хүлээн зөвшөөрвөл хоёр гараас нь бариад манай улсын хил дээр авчирч өгнө. Бидний хувьд А хувилбарыг сонгосон. Тэр дагуу ирсэн.
-Бэлэн мөнгөний машин дээр гүйлгээ хийж байхад нь саатуулсан гэсэн мэдээлэл бас яваад байгаа?
-Бусад хүний хэлж байгаа таамаг бүгд худлаа. Тэнд байсан Монголын талын гуравхан хүний нэг нь би өөрөө. Өөрөө гардаж зохион байгуулсан учраас үүнийг хэлээд байгаа юм. АТМ-аар үйлчлүүлж байхад баривчилсан асуудал байхгүй. Нийгмийг хоёр талцуулж, Засгийн газар шоу хийлээ гэж ярьж яваа улс бол манай "Женкозм"-ынхан, түүний троллууд. Тэдгээр нь л тийм юм ярьж яваа. Хэдэн жил улс төрийн ажил хийж байгаа хүний хувьд сайн мэдэж байна. Монголын нийгэмд хаанаас, хэн рүү яаж дайрдгийг мэднэ.
-Таныхаар Т.Бадамжунайг албадан авчирсанд эгдүүцэж, эсэргүүцэх шалтгаан Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талынханд байна гэсэн үг үү?
-Яагаад Женко дайрч байгааг ганцхан өгүүлбэрээр хэлье. Т.Бадамжунайг албадан авчирсан нэг шалтгаан нь 6.3 сая ам.долларын хэрэгтэй холбоотой асуудал бий. "Эрдэнэт" үйлдвэрт зэсийн худалдааны гэрээ хийсний ёндоонд 6.3 сая ам.доллар Монголд орж ирсэн байдаг юм. Үүний таван сая ам.долларыг "Женко"-гийн цэргүүд зарцуулсан. Харин 1.3 сая ам.долларыг Т.Бадамжунайтай холбож тайлбарладаг.
-Шалгаж эхэлсэн хэргийн тухай ярьж байна уу?
-Шалгалтын ажил үргэлжилж байгаа. Өөр нэг юм бас байна. Ёндоонд авсан таван сая ам.долларынхаа 1.5 саяар нь "Майдар" хотын хоёр км автозам тавьсан байгаа юм. Үүнийг "Женко"-гийн цэргүүд өөрсдөө мэдүүлсэн. Энэ хэрэг нь илрэх гээд байгаа учраас Т.Бадамжунайг авчирсанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга үнэн голоосоо эгдүүцэж, айж, балмагдаж байна гээд товчхон тайлбарлачихъя.
-Т.Бадамжунайг Филиппиний Сэбү хотод байгаа мэдээллийг хэзээ авсан байдаг юм?
-2020 онд авсан. Мөнгө угаах терроризмтой тэмцэх албууд харилцан мэдээлэл солилцсоноор тэнд байгааг тогтоосон. “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд ийм мэдээллийг авсан.
-Аль гурван жилийн өмнөөс мэдээлэлтэй байсан юм байна? Гэхдээ саяын албадан авчирсан процессоос харахад Авлигатай тэмцэх газрыг Хуулийн сайд нь удирддаг болчихсон юм шиг ойлголтыг төрүүлчих шиг боллоо?
-Авлигатай тэмцэх газарт чиглэл өгөхөөс илүүтэй Филиппиний хуулийн байгууллагатай эрх зүйн харилцан туслалцаа хүсч, уулзалт зохион байгуулж, хүсэлтээ тавих нь миний үндсэн үүрэг. Энэ дагуу албадан гаргах ажиллагаа хийсэн. Түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эрхлэх ямар ч үүрэг надад байхгүй. Хоёрдугаарт, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Шувуу" ажиллагааны хүрээнд гадагшаа оргон зайлсан хүмүүсийг шилжүүлэн авах ажлыг ахалж байна.
Саяхан БНСУ-ын хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай уулзаж, хамтарч ажиллахаар тохиролцлоо. Бусад улсын хуулийн байгууллагатай уулзаж байна. Үүнээс илүү нарийн ширийнийг ярьмааргүй байна.
-Сайд асан Т.Бадамжунайг албан ёсоор яллагдагчаар татсан цаг хугацаа нь "Шувуу" ажиллагаа эхэлсэн үеэс гэж ойлгож болох уу?
-Тийм ээ, "Таван Ш" ажиллагаа эхэлснээр прокуророос яллагдагчаар татсан. Түүнээс өмнө мань хүн гадагшаа явсан учраас яллагдагчаар татаагүй гэдгээ хуулийнхан тайлбарладаг юм.
-Т.Бадамжунайтай холбоотой мэдээллийг шүүгээд үзэхээр Танай намын Бага хурлын үеэр буюу 2018 оны арванхоёрдугаар сард Замын-Үүдээр хилээр гарсан байдаг. Тухайн үед нийгэм, улс төрийн хүрээнд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулах акц хүчтэй явж байсан. Та өөрөө ч "Шударга таван гишүүн"-ий нэгээр тодорч, энэхүү акцыг манлайлж байлаа шүү дээ? Тэгэхэд Хуулийн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж хүртэл Т.Бадамжунайтай холбоотой мөрийтэй тоглодог бүлэглэл таван сая ам.доллартай холбогдсон тухай ярьсан байдаг? Тэр үед Та сонсоод сууж л байсан байх?
-Эргээд санахад Т.Бадамжунай 2018 оны аравдугаар сард хил давсан байдаг юм.
-Тэгэхээр сайд асан Ц.Нямдорж Бага хурлын үеэр байр сууриа илэрхийлэх үеэс л Т.Бадамжунайд хамаарах хэрэг сөхөгдөж эхэлсэн юм биш үү?
-Ер нь Т.Бадамжунайг зугтаалгасан хүн нь "Женко" шүү дээ.
-Тухайн үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан...?
-2018 оны хоёрдугаар сард алдарт зэсийнхээ гэрээг өөрийнхөө төлөөний хүмүүсийг "Эрдэнэт" рүү явуулж хийлгэсэн. Тэрхүү трейдер компанийн данснаас "Эрдэнэт" рүү ч төлбөр төлөгдсөн. "Женко" цэргүүдийн данс руу ч мөнгө орж ирсэн. Уг хүн нь өөрөө дандаа мэлзэнэ. Эргэн тойрных нь бүх хүн хулгайд холбогдлоо. "Женко"-гийн зөвшөөрөлгүйгээр Г.Байгальмаа МоАХ-г барьцаалж зээл авах уу? Дандаа хүний араар орно.
-Т.Бадамжунай гэхээр Х.Баттулгатай холбогдоод байгааг гайхаад байгаа юм. Жишээ нь, нүүрсний хэрэгт Ерөнхийлөгч асан холбоотой гэдгийг зарлаад багагүй хугацаа өнгөрлөө. Өмнөхийг нь шийдээгүй байж өөр асуудалд хамааруулж байгаагийн ард ямар нэгэн улс төр яваад байна уу гэдэг хардлага төрүүлж байна?
-Байцаан шийтгэх ажиллагаа маш удаашралтай яваад байна. Хэрвээ би Авлигатай тэмцэх газарт чиглэл өгдөг бол аль хэдийнэ хэргийг нь боогоод шүүх рүү шилжүүлчихсэн байгаа. Шударга шүүхэд очих ёстой. Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг өнөөдөр шүүх шийдлээ. Ял өглөө. Хэргийн процессыг нь бол мэдэхгүй. Гэтэл Д.Мөнх-Эрдэнийн зарлаад байдаг "Мянганы суут хулгайч"-аа яагаад шүүх дээр аваачихгүй байгаа юм. Хилийн хориг тавихгүй байгаа юм. Энд эргэлзэж байна. Ер нь шүүх ялзарсан.
Кёкүшюзан Д.Батбаярын улаан цайм хэргийг Хан-Уулын шүүхийн шүүгчид хэрэгсэхгүй болголоо. Үнэхээр шударга ёс тогтооё гэж байгаа бол шүүхэд байгаа эздээ хамгаалдаг, үйлчилдэг хүмүүсийг системээс нь цэвэрлэх ажлыг хийхээс өөр аргагүй. Удахгүй Шүүх байгуулах тухай хуулийг өргөн барихаар боловсруулж байна.
-Уг нь 2021 оны Шүүхийн тухай шинэтгэлээр энэ байдлыг халах суурийг тавилаа, "Хонгил"-ыг нураана гэж хууль санаачлагч гишүүд нь ярьж байсан. Та өөрөө ч Төрийн ордны гурван давхрын зүүн жигүүрээс хэнд, хэрхэн ял оноохыг үүрэгдэж суудаг болсон тухай хэлж, шүүмжилсэн удаатай? Тэр үеэс хойш хоёр жилийн хугацаанд ямар нэгэн үр дүн гараагүй хэрэг үү?
-Шүүхийн шинэтгэлийн 50 хувийг л хийсэн юм. Гэхдээ тэр бол Шүүхийн тухай хууль. Одоо миний өргөн барих гэж байгаа нь Шүүх байгуулах тухай. Энэ хоёр нийлж байж 100 хувь шинэчлэл болно. Та хэд цахим хуудсаа эргүүлж хараарай. Кёкүшюзан Д.Батбаяр болон түүний эхнэртэй холбоотой маш тодорхой хэргүүд байдаг. Эцэст нь шүүх дээр жил гаруй хугацаанд барьж байгаад хэрэгсэхгүй болголоо. Д.Мөнх-Эрдэнийн хэрэгт алх цохьдог, Т.Бадамжунайг ирдэг өдөрт тааруулаад хаачихаж байгаа юм. Шүүх засаглал нь цэвэр тунгалаг байхгүйгээр шударга ёс тогтохгүй ээ гэж зургаа, долоон жилийн өмнөөс ярьж байна. Цаашдаа ч энэ талаар юм хийхгүй бол эздэдээ үйлчилдэг шүүгчид байсаар байна. Үүний тод жишээ нь Хан-Уулын шүүхийн шүүгчид боллоо.
Заримд нь хилийн хориг тавьдаг, Зандаахүүгийн Энхболдод тавьдаггүй. Т.Бадамжунайг ирсэн өдөр Д.Мөнх-Эрдэнийг шийддэг. Тэгсэн атлаа "Женко"-д хилийн хориг тавьдаггүй. Хэрэг нь хэдэн арван жилээр хойшиллоо. Энэ хүн 1999 онд 17 чингэлэг спирт хууль бусаар хилээр оруулж ирж контербанд хийсэн хүн. Төд удалгүй спирт нь ус болж хувирсан. Монголын Үндэсний олон нийтийн телевизийн сурвалжлах багийнхны хийсэн хуурцаг алга болсон. Ерөөсөө л мафийн зохион байгуулалтаар амьдарсан хүн. Нам дагасан бүлэглэлийг холоос хайгаад хэрэггүй. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга үүний хамгийн тод төлөөлөл гэдгээ харуулж байна.
Т.Бадамжунай гэдэг хүн ирээд хэргээ шалгуулах гэхээр бусад хүмүүсийн эрх ашиг хөндөгдөх гээд байна. Дуулиан дагаж хэрэг шийдэгддэг үзэгдэл бий боллоо. Гэхдээ би Ц.Нямдорж гуай шиг сүүлчийн цамцаа урагдтал ноцолдоно гэх нь хаашаа юм. Ямар ч байсан хэн нь, хэн бэ гэдгээ дуустлаа үзнэ. Манай олон нийт их сониуч. "Майдар" гээд алдартай хот боссон байгаа. Тэнд хоёр км хатуу хучилттай зам бий. "Эрдэнэт"-ийн ёндооны мөнгөөр тавигдсан гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдож байна. Т.Бадамжунай гуай нэмж юм ярих байх аа. Дараагийн замыг нь ч нэрлэнэ. Дахиад төсвийн хөрөнгөөр өөрийнхөө амралтын газар руу хэдэн км зам, дэд бүтэц татуулчихсан байж байна. Зарим нь ЖДҮ-ээс зээл авахад дэмжих бичиг хийж өгснийхөө төлөө ял авсан. Энэ бол үнэн. Шударга ёс адилхан, хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх ёстой. Т.Бадамжунайг авчрахад над руу хамгийн их дайралт хийлгэсэн нь манай "Женко"-гийн бригад.
-Хууль хүн бүрд эрх тэгш байх ёстой гэлээ. Гэтэл Төрийн өндөр албан тушаалтан хэрэгт холбогдохоор шийдэх бус сунжруулдаг эсвэл хэрэгсэхгүй болгодог жишиг би болчихлоо. Жишээ нь, Таны нэр дурдаад байгаа Ерөнхийлөгч асныг нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар хамааралтай гэдгийг Авлигатай тэмцэх газраас зарлаад хэр хугацаа өнгөрч байгаа билээ? Энэ хооронд хилээр чөлөөтэй орж, гараад явж байна. Тийм атал цахим гавтай жирийн иргэнийг зорчих эрхийн бүсчлэлээ зөрчсөн гээд хорих ялаар шийтгэж байх жишээтэй? Өнөөх "дабль стандарт" чинь иймэрхүү энгийн зүйлээс л харагдаж байна?
-Энэ бол хоёр өөр жишээ шүү. Шүүхийн шийдвэрийг хүн бүр заавал хэрэгжүүлэх ёстой. Та Д.Монголхүүгийн тохиолдлыг яриад байх шиг байна. Тэр бол шүүхийн шийдвэрээр ял авсан хүн. Ялынхаа журмыг зөрчсөн гэдгийг тогтоосон. Зорчих эрхийг хязгаарласан шийдвэрийн үлдсэн хугацаа нь хорих ялаар солигдсон. Энэ бол өөр кэйс. Бидний хүсээд байгаа юм нь хүн бүр хууль шүүхийн өмнө адил тэгш байх ёстой. Тэр хүн 2000 онд контербандынхаа ялыг эдэлсэн бол өнөөдөр ингэж давхаргүй байсан. Тэр үеэс хойш хэчнээн том төслийг цөлмөж, идэж уув. Энэ хүний босгосон, Монголд бий болгосон юм юу байна?
-"Цонжин болдог" дахь Чингисийн хөшөөнөөс эхлэх байх?
-Тэрнээс өөрийг би сайн мэддэггүй. Бусад бүх хувьчлалыг З.Энхболдтой нийлж хийсэн. "Баянгол", Махкомбинат, гурилын үйлдвэрүүдийг хувьчилж авсан. Дараа нь Сайншандын аж үйлдвэрийг парк барина гээд олон тэрбумыг луйвардсан. "Маккензи"-гээр төмөр замын ТЭЗҮ хийлгэсэн гэж хуурамч танилцуулга бэлдээд мөнгө идсэн. Туслах Ч.Ганбат нь АНУ руу зугтаасан. Хэрэг хуучрахгүй ээ!, гэдгийг энэхүү ярилцлагаар дамжуулж "Женко"-д тодорхой хэлж байна. 286 км төмөр замыг тавиулахгүй гэж ацалсан. Энэ хооронд Монгол Улс 80 их наядын боломжоо алдсан. Сайд болонгуутаа "Би барина" гээд 280 сая ам.доллароор овоолсон далан үүсгэсэн. Ядаж урд хилийг угтуулаад тавилгүй зөрүүлсэн. Тэрийг нь зам болгох гээд хуурамч концессоор "Бодь" групп авсан. "Женко"-гийн багийн найз "Голомт"-ын Д.Баясгалан. 18 их наядын концессыг шууд эзэмшсэн. Очоод аман дээрээ нийлээгүй. Холбох гэхээр 300 сая ам.доллар хэрэгтэй. Хүрээний гэдэг шиг "Женко"-гийн бузрыг дэлгэвэл далай шиг их юм гарна. Энэ хүн шүүх дээр очих ёстой. Үүнийг АТГ, прокуророос шаардана. Шударга ёс гэж байдаг бол Т.Бадамжунай, Б.Ганхуягтай, Д.Баясгалантай цуг шүүх дээр очих ёстой. Ингэж байж эргэлзээ тайлагдана.
-Тэгэхийн тулд гадагшаа гарсан Ч.Ганбатыг авчрахаас эхэлж таарна. Тийм эрх зүйн орчин нь бүрдэх үү? Тэр тусмаа АНУ-д иргэншилтэй тохиолдолд?
-Монгол Улс 23 улстай 30 гаруй эрх зүйн харилцан туслалцааны гэрээтэй. АНУ-тай харилцан туслалцах гэрээ байгуулах асуудлаар хүсэлтээ тавьсан. Саявтар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч ирсэн, уулзсан. Хүсэлтээ тавьсан. Ерөнхий сайд энэ ондоо багтааж АНУ-д айлчлах үеэр энэ асуудлыг хөндөнө. Ч.Ганбат нарын тухайд бусад улсад зорчих эрх нь нэлээд хязгаарлагдмал болно. Авлигатайгаа тэмцэж байна, энэ хүмүүсийг авчирч өгөөчээ гэсэн хүсэлтийг АНУ-ын талд удаа дараа тавьж байгаа. Нааштай шийдэгдэх болов уу? гэж бодож байна.
Хоёрдугаарт, олон түмний зүхэл гэж айхтар юм бий. Хэзээ ч дуусдаггүй. Ирж байж, шүүхээр орж байж, гэм буруутай эсэх нь шийдэгдэж байж тэрхүү зүхэл тайлагдана. С.Баяр даргыг хэчнээн их зүхэв. Асуудал нь шалгагдаад шийдэгдсэн. Т.Бадамжунай гуай ч адилхан. Бичмэл хуулиас илүү ёс суртахууны бөгөөд монголчуудын ухамсарт үлдсэн хариуцлагын тогтолцоо гэж томъёолох гээд байгаа юм. Аймхай хүн 13 үхдэгийн адилаар Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн шоронд орсон. Нэг ёсондоо өөрийгөө шоронд хийж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл, гаднаас ирж шүүхээр орох хүртэл олон түмний зүхэл тайлагдахгүй. Ч.Ганбат гэлтгүй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгтэй холбоотой асуудлын араас явж байна.
Эндээс амьжиргаанд нь зориулж мөнгө шилжүүлж байгаа хүмүүсийн эх үүсвэрүүдийг шалгах ажлыг хийж байгаа. Бостонд өндөр үнэтэй, баячуудын хороололд амьдрахад их хэмжээний зардал гарна. Яг ямар эх үүсвэрээр амьдраад байдаг юм. "Рио Тинто" санхүүжүүлээд байдаг юм уу? Эсвэл эндээс өөр хүний нэр дээр ажиллуулдаг банк бус санхүүгийн байгууллага нь дамжуулдаг уу? удахгүй тогтоогдоно.
-Лав АНУ-ын нэр хүндтэй хуулийн фермийг хөлсөлсөн тухай мэдээлэл хэсэгтээ явсан?
-Маш үнэтэй хуулийн фирм авсан байна лээ. Миний хувьд АНУ-ын топ хуулийн фирмүүдийн талаар харьцангуй ойлголттой болж байгаа хүний нэг. Яагаад гэхээр Оюу Толгой төслийн хүрээнд "Рио Тинто"-той хэлэлцээр хийж байна. Өөр бусад арбитрын хэрэгт манай яам улсаа төлөөлж байгаа. Их л үнэтэй дээ. "Мэжик тав"-ынх нь нэг байсан. Гол нь тэр мөнгө хаанаас гарч байна вэ? Бусад хүний хувьд "Шувуу" ажиллагааны хүрээнд гаргасан төлөвлөгөөний дагуу эх оронд нь авчирна.
-Жил гаруйн өмнө Тантай ярилцаж байхад алдагдсан боломжийн 80 их наядыг Х.Баттулгаас нэхэмжлэх ёстой гэж байсан. Харин өнөөдөр "Эрдэнэт" үйлдвэртэй зэсийн гэрээ байгуулж таван сая ам.долларыг хамаарал бүхий хүмүүсээрээ дамжуулж авсан тухай хөндөж байна? Нүүрсний хэргээс гадна "Эрдэнэт" үйлдвэр хамаарах асуудал сөхөгдөх нь гэж ойлгож болох уу?
-Нүүрсний хэргийн тухайд шалгагдаад явж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч асантай холбоотой асуудалд мөрдөх байгууллага, шүүх нь шударга ажиллаасай гэсэн агуулгаар тодорхой мэдээллийг олон нийтэд ил болгож байгаа юм. Нэг ёсондоо шүгэл үлээж байна. Үүнээс олон зүйл байгаа.
-Бэлээхэн баримт нь байсаар байхад хэргийг яагаад шүүх рүү шилжүүлдэггүй юм?
-Их л удаашралтай байгаа нь харамсалтай. Т.Бадамжунай гэдэг хүн 6.3 сая ам.долларын хэргээр шалгагдаад шүүхээр орсон тохиолдолд Ерөнхийлөгч асан Х.Баттулга цуг орох ёстой. Энэ бол шударга ёс. Таван сая ам.долларыг хамаарал бүхий хүмүүс нь авсан. "Майдар" хотод нь зам тавьсан. Замаа хуулчихдаггүй л юм бол баримт нь байна. Зам тавьсан хүн нь таван сая ам.доллароос зарцуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Ердөө жижигхэн хулгайг нь ярихад ийм. Алдагдсан боломж нь 80 их наяд. Цаашаа өсөхийг ч үгүйсгэх аргагүй. Биднийг айлгадаг, танк орж ирнэ гэж явахад хилийн зүүн талаар нарийн царигаар Орос, Хятадыг холбочихсон. Үр дүнд нь ОХУ-ын нүүрсний экспорт 240 хувиар өссөн. Монгол ялсан уу?, Орос ялсан уу? гэдгийг олон нийт ойлгох ёстой. 16 жилийн хугацаанд бид төмөр замаар нүүрсээ тээвэрлэсэн бол хэчнээн хэмжээний тээвэр, АМНАТ нэмэгдэх байсан бэ? гэдэг тооцоо нь 80 их наядаар хэмжигдэж байгааг судлаачид гаргасан.
-Ер нь Т.Бадамжунай гэдэг хүнийг Филиппинд байх хугацаанд МАН, АН гэлтгүй албан тушаалтнууд очдог, уулздаг, мөрийтэй тоглож ирсэн тухай яриа цөөнгүй. Оргүй ч юм биш. Хэдийгээр эх оронд нь албадан авчирсан ч улс төрийн нөлөө, хамаарал нь хэргийг удаашруулах нөхцөлийг бий болгохгүй гэсэн баталгаа байна уу? Магадгүй "Жаст"-ын Ш.Батхүүгийн хэрэг шиг 10 гаруй жил сунжрахыг үгүйсэхгүй?
-Үр дүнд хүрэхгүй биш хүрч байгаа шүү дээ. Хэзээ байтлаа бүх мэдээлэл олон нийтэд ил тод болж байсан юм. Нийтийн мэдээллийн тухай хуулийг батлаад хэрэгжүүлж эхэллээ. Тусгай хамгаалалттай газар олгосон зөвшөөрлийг ил болголоо. Боловсролын зээл аваад төлөөгүй хүмүүсийн нэрс ил боллоо. Энэ дөнгөж эхлэл нь. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээлэл одоо ил болно. Нийт 57 төрлийн багц мэдээлэл ил болно. Бидний ажлын үр дүн. Шүүх хурал цахимаар нээлттэй явдаг боллоо. Бас л үр дүн. Олон жил шийдээгүй авлигын хэргүүд түрүүчээсээ шийдэгдээд явж байна. Монгол Улс түүхэндээ анх удаа авлигын хэрэгтнийг гаднаас авчирлаа. Өөр хэн авчирсан юм. Хэн ч авчраагүй.
Шүүхээр гэм буруугүйн асуудлыг шийдүүлэх гээд явж байна. Сайд нар нь буруу үг хэлснийхээ төлөө ёс зүйн хариуцлага хүлээж, огцордог болж байна. Дарга нар дураараа тансаглахаасаа айдаг, эмээдэг болж байна. Дандаа л үр дүн. Загасны ой санамжтай байж болохгүй. Улам л мартахгүй байж дараагийн үр дүнд хүрнэ. Хүмүүсийг хариуцлагад татах асуудлыг ярина. Бизнес нь бизнесээ, улстөрчид нь улс төрөө хийе.
Бүх банкны захирлууд үе үеийн Ерөнхийлөгч, улстөрчидтэй ойрхон байдаг, бие биенээ айлгадаг байсан шдээ. БНСУ-д очиход Цагаачлалын алба болон бизнесийн төлөөллүүд нь хүлээж авч уулзсан. Танай Засгийн газар, Танд баярлаж яваа шүү гэсэн. Хөрөнгө оруулагчдыг тонож, дээрэмдсэн хэрэг эхнээсээ шүүхээр шийдэгдээд эхэлсэнд баярлалаа гэж байгаа юм.
Улсын ерөнхий прокурор, АТГ-ын дэд дарга, тагнуулын дарга нь, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь, Зам, тээврийн сайд нь гаднын хөрөнгө оруулагчдыг нийлж дээрэмддэг бүлэглэлүүд л байсан шдээ. Өнөөдөр энэ хэргүүд удаашралтай л байна. Харамсаж л байна. "Токио" зочид буудлыг Д.Дорлигжавынхан булааж авсан. Сүмбэр ордын барилгын төслийг булаасан. Урд талын тансаг зэрэглэлийн “Sky Garden Residence” хотхоныг булааж аваад ТЭСО-д өгсөн. Яривал зөндөө л юм байна. Бухимдаад тэсрэх гээд байна. Хурдан шийдмээр байна.
Тагнуулын дарга асан Б.Хурцын дээрэм тонуулыг яривал урт жагсаалт гарна. "Блю Скай"-д яагаад хувь эзэмшдэг болчихсон юм. Нэг юм ярихаар манай хадам өвөөгийн сан хөмрөг арвин байсан л гэдэг. Тэр хүний сан хөмрөг нь шинээр бий болгосон авиа компанид ямар падлий байгаа юм. Ямар эх үүсвэрээр тэдгээрийг бий болгосон юм. Яривал их юм бий шүү. Эхнээсээ шийдүүлмээр, шүүх рүү шилжүүлмээр байна. Хууль зүй, дотоод хэргийн яам мөрдөн шалгах ажиллагаа эрхэлдэггүй. Хууль зүйн бодлого гаргадаг. Хэрэгжилтийг хангуулах тал дээр анхаарч ажилладаг. Одоо хууль, шүүх, прокурорынхон тунараад байгаа асуудлаа шийдэхгүйгээр олон нийтийн шударга ёсны итгэл алдарна шүү. Ялангуяа "Кёкүшюзан"-ы хэрэг шиг шийдээд байвал бүр хэцүү болно. Шүүхийн сахилгын хороонд хандана гэж бодож байгаа.
-"Кёкүшюзан" Д.Батбаярын асуудлаар уу?
-Тийм ээ, шийдвэр гаргасан шүүгч нараар өөрөө хандана. Бид шинэ гараанаас эхлэх хэрэгтэй байна. Хууль сахиулагчид нь гадаад, дотоодынхноо дээрэмддэггүй. Улстөрчид, бизнесмэнүүд нь тус тусынхаа юм хийдэг. Лобби нь хязгаартай. Барууны жишгээр. Улстөрчид нь өөрсдөө ёс зүйтэй, моралтай. Шуналаа татсан зарчим руу нийтээрээ алхаж орох ёстой. Хуучин бидний залуу байхад манай агентлагийн дарга нар том алтан бөгжтэй, том хөөрөг бариад, үнэг суусарын том малгай өмсөөд, хэдэн жип дагуулаад, намдаа хандив өгч байна гэдэг соёлтой байлаа. Нэг үеэ бодвол тэр хандлага халагдаж байна. Залуу үе нь өөрийг хүсч байна. Тэдэнтэй хөл нийлүүлж алхах ёстой. Юу хүсч, мөрөөдөж байгааг нь мэдэрдэг байх ёстой. АНУ, Япон, Германтай өөрсдийгөө жишээд ямар ч нэмэргүй.
Нью-Йоркийн цагдаагийн газрын жилийн төсөв нь манай улсын нийт эдийн засгаас том. Хөх хотын төсвөөс л бага улсын төсөвтэй улс шүү дээ. Улаан буудай нь ч бүтэн ургах боломжгүй цаг улирлын хавчигдмал нөхцөлтэй. Дөрөвхөн сар нь бүтээн байгуулалт хийдэг. Ийм нөхцөлд эдийн засгаа яаж тэлэх, солонгоруулах тал руу ухаанаа уралдуулах хэрэгтэй. Түүнээс танкаар айлгадад, гадаадынхныг үзэн ядах бүхэл бүтэн нэг үеийг өсгөн хүмүүжүүлэх гэж уран сайхны үнэтэй контент үйлдвэрлэснээр улс хөгжихгүй. Өнөөгийн бодит байдалд тулгуурлаж дүгнэсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Энэ бол "Шинэ сэргэлтийн бодлого". Засгийн газрын дараа үедээ үлдээж байгаа өв. Үүнийг хэрэгжүүлэх Монгол хүн бүрд юу юунаас чухал. Ингэхийн тулд олборлох салбарыг ил тод, нээлттэй болгох, улс төрөөс хараат бус болгох ёстой. Баялгийн санг сонгодог утгаар нь бий болгох нь чухал. Үүний төлөө бодлогын өрсөлдөөн явах ёстой. Жалга довны хэрүүл хийдгээрээ цэнгэлийн манлайд хүрчихлээ.
Өнөөдөр Ардчилсан Намыг хэн самарч байна. Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр л самарч байна. Нэг үе МАН-ын Н.Энхбаяр дарга их хүнд байдалд оруулсан. 100 жилийнхээ ойгоор "Түүхийн энэ их ойн хүрээнд зөвтгөлөө хийх ёстой" гээд хоёр намыг нэгтгэж, нийлүүлсэн. Ардчилсан Намын зовлон Ардын Нам биш. Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр л намаа тас хуваасан. Бүх зовлонгийн үндэс нь тэгж тавигдсан. АН-ын залуусыг арчаагүй байна гэж хэлэх гээд байгаа юм. Толгойтойгоо тэмцээч ээ. Т.Бадамжунайг авчирснаар эсэргүүцэл илэрхийлэх нь утгагүй байхгүй юу. Өөрсдийн зовлонгийнхоо үндсэн шалтгаантай тэмцэх хэрэгтэй.
-Агентлагийн дарга нар гэснээс цалингаасаа давсан орлоготой төрийн албан хаагч нар ирэх зургаадугаар сарын 1-нээс өмнө сайн дураараа ажлаа өгөхийг Ерөнхий сайд уриалсан. Энэ ажлыг гардан гүйцэтгэх үүргийг Танай яам хариуцаж байна уу?
-Авлигатай тэмцэх газрын Ажлын хэсэг голлоод ажиллаж байгаа. Манай яамны төлөөлөл ч бий. Дээд шүүхээс эхлээд хөрөнгө орлогын мэдүүлгийг нь хянаад явж байгаа. Харин Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн гаргасан шийдвэр Монгол төрийг хэт хүчгүй болгох гээд байна уу? гэж харж байгаа.
-"Шүүр" ажиллагааны хүрээнд Төрийн албанд цомхотгол хийх ажлыг хэлээд байна уу?
-Нэг дор найман мянган хүнийг ажлаас хална гэсэн. Тэдгээр нь шүүрдэгдэх хүмүүс биш байхгүй юу. Шүүрдэгдэх хүмүүс нь гааль, Байгаль орчны яам, газрын алба, татвар, хууль, шүүхийн байгууллагад л байна. Гэтэл ихэвчлэн хороо, дүүрэг, аймаг, нийслэл, сумын мэргэжилтэн байна лээ. Энэ нь өөрөө Монгол төрийн чадавхийг улам сулруулах учраас шүүмжлэлтэй хандаж байгаа. Өөрт нь ч хэлсэн. Уг нь яг шүүрдэгдэх нь албан тушаалд маш олон жил шигдсэн, хумсаа шигтгээд авсан хүмүүс л байгаа юм. Ажлын хэсгийг нь ахлаагүй болохоор хэлэхээс цаашгүй байна.
-Ингэхэд нүүрсний хэрэг ямар шатандаа явна вэ? Мэдээж нэг гишүүнийг чөлөөлж, хоёрынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлснээр үр дүнг хэмжихгүй байх? Хэрэгт хамааралтай дахиад олон гишүүн байгаа гэж яриад байгаа шүү дээ?
-Нүүрсний хэрэг бол баялгийн нэг салбарт байгаа төрийн өмчит компанийн хамгийн муу засаглалыг харуулж байгаа юм. Эдийн засгийн үр өгөөж, тооцоо судалгаагүй оффтэйк гэрээ хийсэн. Нээлттэй дуудлага худалдаа, биржгүйгээр ширээний доогуур нүүрс худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Тээвэртэй, гудсан доогуурх мөнгөтэй холбоотой маш том зүйлийг ил болгож харууллаа. Үүний цаана бусад секторын асуудал магадгүй хөндөгдөнө.
-Жишээ нь?
-Манай яамнаас боловсруулж, өргөн барьсан төрийн болон орон нутгийн өмчит компанийнхаа засаглалыг сайжруулах тухай хуулийг хаврын чуулганаар батлуулж, ойрын үед хэрэгжүүлэхгүйгээр дараа дараагийн удирдлага, магадгүй Бүрэн эрхт төлөөлөгчид хариуцлагад татагдах асуудал яригдана. Зовлонгийнхоо шалтгааныг арилгахгүйгээр, ангижрахгүйгээр түүнийг шийдвэрлэхгүй. Монгол Улсын ДНБ 1990-ээд онд 330 сая ам.доллар байсан. Өнөөдөр 12 орчим тэрбум ам.долларын ДНБ-тэй болсон. Энэхүү өсөлтөө дагаад олборлох салбарын ил тод бус байдлаас болж улстөржилт явдаг, шунан дурладаг сектор бий болчихлоо. Бусад нь баялаг бүтээх гээд мянга хөдөлмөрлөөд дүйж чадахгүй байхад удирдлагууд нь 30 жил бизнес хийсэн хүмүүсийн хажуугаар "Porsche" машинтай давхиад байгаа нь ил тод болгох, засаглалыг нь сайжруулах зайлшгүй шаардлага байгааг харуулж байна. Тэгэхээр хуулиа л батлах ёстой юм. Энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанд гурван хуулийг яаралтай явуулж өгөх саналаа хэлнэ.
-Ямар гурван хууль?
-Шүгэл үлээгчийн болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хууль. Гурав дахь Улс төрийн намын тухай хууль.
-Нүүрсний хэрэгт нэр холбогдсон гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх нууц санал хураалтад Танай намын 19 гишүүн эсрэг санал дарсан тухай мэдээлэл байна. Тэдгээр 19 гишүүнд ямар нэгэн байдлаар хариуцлагын асуудал хөндөгдөх л байх?
-Гурван гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн чуулганы нэгдсэн хуралдаанд би суугаагүй. Миний нэг зарчим байдаг юм. Өөрийнхөө хараагүй, мэдэхгүй зүйлээ ярьдаггүй.
-Тэдгээр 19 гишүүний нэг нь Та гэсэн үг үү?
-Филиппинд явж таарсан юм.
-Т.Аюурсайхан гишүүний тухайд ямар байр сууьтай байна вэ? Нэгэн цагт МАНАН-гийн эсрэг Төв талбайд жагсаал зохион байгуулж, хамтдаа тэмцэж явлаа. Хэсэг хугацаанд Засгийн газрын гишүүний хувиар нэг танхимд ч ажиллаж үзлээ. Харин өнөөдөр прокурорын саналаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд нүүрсний хэрэгт шалгаж эхэллээ шүү дээ?
-Аюур бид хоёр нэг намын журмын нөхдүүд. 10 гаруй жилийн өмнөөс бие биенээ мэднэ. 2013 оны намын Их хуралд өөрийгөө нэр дэвшүүлж явсан хүн.
-Намын даргын төлөө УИХ-ын дарга асан М.Энхболдтой өрсөлдсөн байдаг?
-Түүнээс өмнө намын жирийн гишүүд байхдаа ч мэддэг л байсан юм. 2018 онд хийсэн жагсаал, цуглаанд Аюурсайхан маань голлох үүрэгтэй оролцсон. Үр дүнд нь өнөөдрийн хийж байгаа шинэчлэл, ил тод байдлын эхлэлийг тавьсан. Миний хувьд хэвлэлийн мэдээлэлтэй байна. Өөртэй нь хэд хэдэн удаа уулзаж ярилцсан.
-Өөрөө юу гэж хэлж байх юм?
-Хэвлэлийн мэдээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, бусдыгаа удирдан зохион байгуулсан гэж байна лээ. Албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаах, зохион байгуулалттай гэм бүлэг байгуулсан зэргээр эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татсан гэдгээ хэлж байна лээ. Нөхөр өөрөө Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Сая прокурорын шийдвэрээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүллээ. Өөрөө тайлбарлахдаа шударгаар шалгуулна, хийсэн зүйлгүй ээ л гэж хэлдэг. Мэдээж эцсийн байдлаар дэнсэлдэг нь хууль, шүүхийн байгууллага. Хэвлэлийн мэдээлэл хангалттай гарч байгаа болохоор нэмж коммент өгөх нь илүү байх аа. Энэ асуудал хурдан шүүхээр орж, гэм буруугүй эсэх нь нэг талдаа гараасай л гэж бодож байна.
-Прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах шаардлагатай гэж үзээд дараа, дараагийн гишүүдийн нэрсийг оруулж ирсэн тохиолдолд энэ парламент хэрхэх бол? Ялангуяа Танай намын Бүлгийн уур амьсгал хүлээж авах уу? Гурван гишүүний асуудлаас харахад тийм ч таатай хүлээж авахгүй нь тодорхой харагдаж байна лээ?
-Монгол Ардын Нам аль цаг үед шийдвэрээ дагадаг. Сая Ерөнхий сайд нэлээд ширүүн үгээ хэлсэн. Н.Наранбаатар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал шийдэгдээгүй. Бусад нь шийдэгдсэн. Намын шийдвэр, сахилга бат талдаа МАН хариуцлагатай. Нөгөө намын хар даа? хэчнээн жил учраа олохгүй явж байна шдээ. Дотроо учраа олохгүй байж төр, засаг удирдана гээд сонгуульд орох гээд байх шиг байгаа юм.
-Уг нь Танай намтай холбоотой асуудлыг л тодруулаад байгаа юм?
-Монголын ардчиллын хоёр баганы нэг нь эртхэн эв зүйгээ олоод бүрэн бүтэн болоосой л гэж байгаа юм.
-Хөгжлийн банкны хэрэгт гэхэд МАН-ын гурван гишүүн нэр холбогдсон?
-Дөрөвдүгээр сарын 17-нд гэм буруугүйн шүүх хурал эхэлнэ. Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарын гишүүн нэр холбогдсон. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд шүүхээр гэм буруутай эсэхийг нь ярьж байгаа асуудлаар коммент өгөх нь илүү. Шүүх шударга шийдээсэй. Хараат бус байгаасай.
-УИХ-ын гишүүн, хууль тогтоогчийн хувиар асуухад Сонгуулийн тухай хуулийг хоёр намын төлөөллөөс зэрэгцүүлээд өргөн барилаа. Хоёулаа холимог тогтолцоог оруулж ирсэн ч хувь хэмжээ нь зөрүүтэй байгаа. Хэлэлцүүлгийн шатанд нэгтгээд, хамтарсан ажлын хэсэг байгуулаад цааш явах уу?
-Ардчилсан Намын зүгээс Сонгуулийн хуулийн төслийг өргөн барьсан нь улс төр хийж байгаа л үйлдэл. Дэгийн тухай хуулиар хэлэлцэх эсэхээ шийдсэний дараа хууль санаачлагчид харилцан зөвшөөрвөл төслөө нэгтгээд явах боломжтой. Гишүүний байр сууриас хэлэхэд цөөхөн бүрэлдэхүүнтэй парламенттай улсад хоёр хуваасан тогтолцоогоор явах нь хэр оновчтой бол. 1991 онд Үндэсний дэвшлийн намаас хэвлүүлж байсан эмхэтгэлийг Төрийн ордны номын сангаас хайж олж, хувилуулаад гишүүдэд тараасан юм. Мэдлэгт нэмэр болно гэдэг үүднээс. Тухайн үед хоёр сая хүнтэй улс орны жишгийг харж байгаад 70-80 гэсэн статистикт суурилж одоогийн тоо гарсан юм билээ.
Өнөөдөр Монгол Улсын хүн амын тоо 3.5 саяд хүрлээ. Гуравны нэгээр нэмэгдсэн гэсэн үг. Тэр үед улс төрд сонирхогчдын хүрээлэл цомхон байсан. Ардын Их Хурлын депутатудын дийлэнх нь сум нэгдлийн дарга нар ирсэн. Тухайн цаг үеийнхээ улс төр сонирхогчдын хүрээлэл. Одоо бол хүрээлэл нь хэдэн мянга болчихлоо. Талбай дээр танигдах гэж гарч ирж лайв хийдэг. Жагсдаг, цугладаг. Гаднынхныг очиж, айлгаж ичээдэг, улс төр хийдэг.
-Улс төрийн нам нь ч 40 хүрэх гэж байна?
-Өнөөдрийн тогтолцоо нь хоёрхон намыг 32 жилийн хугацаанд олон болон олонх болголоо. 1992 МАН, 1996 онд "Ардчилсан холбоо" эвсэл, 2000 онд МАН, 2004 онд тэнцүү суудал авсан, 2008 онд МАН олонх болсон ч хамтарсан Засгийн газар байгуулсан. 2012 онд АН олон болсон. 2016, 2020 онд МАН олонх боллоо. 32 жилийн түүхээ эргээд харахад нэг танхимтай мажоритар тогтолцоонд гуравдагч хүчний орон зай байхгүй. Маш цөөхөн тохиолдол буюу гурваас дээш мандаттай тойрогт нэг намын хоёр хүн хоорондоо зөрчилтэй үзэхэд гуравдагч хүчний бие даагч гарсан байдаг. Баянзүрх, Эрдэнэт гэх зэргээр.
Улс төр сонирхогч хэсэг нь парламентад сонгогдох нь математик тооцооллоор маш бага. Тэгэхээр хүн амынхаа тоонд харьцуулсан парламентын гишүүдтэй, тэдгээр нь эн тэнцүү холимог тогтолцооны агуулгаар сонгогддог болж байж томоохон төсөл хөтөлбөр хэрэгжих, тойрог, орон нутгийн хөгжлийн ялгамжтай байдал арилна. Миний уулзаж байсан барууны судлаач эрдэмтэд ч тэгж хэлдэг. Үндсэн хуулийн чиглэлээр хичээл зааж байсан хүний хувьд гаднын эрдэмтэдтэй уулзаж байхад бүгдээрээ л тийм зүйлийг хэлж байсан.
-Гэж ярихаар Үндсэн хуульдаа "гар хүрэх" асуудал давхар хөндөгдөнө?
-Тийм ээ. Тэгж ярихаар л Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай яриа гардаг юм.
-Таны хувьд “Транспэрэнси Интернэшнл”-ийг үүсгэн байгуулагч болон ФАТФ-ын ерөнхийлөгчтэй уулзсан юм билээ. Монголын авлигатай тэмцэх үйл ажиллагааг юу гэж харж байх юм?
-Хариуцаж байгаа хүн өөрийгөө магталтай нь биш. Энэтхэг, Номхон далайн бүсийн Ардчиллын хоёрдугаар уулзалтад оролцсон улс орны төлөөлөл миний тавьсан илтгэлийг анхааралтай сонссон байна лээ. Бусад орныг бодоход манай улс олон ажлыг зэрэг хийдэг юм байна. “Шувуу” ажиллагаа зохион байгуулж байна. Төрийн өмчит компаниудынхаа засаглалыг сайжруулахаар хуулиа өргөн барилаа. Шүгэл үлээгчийн хуулиа батлуулах гэж байна. Энэ ондоо багтааж Улс төрийн намын болон Санхүүжилтийн тухай хуулиа хэлэлцэх гэж байна. Нүүрсний болон бусад том хэргийг шалгаж байна. Уулзсан хүн бүр Танай улс маш их ажил хийх гэж байна гэдэгтэй санал нийлсэн. ФАТФ-ын тайлан хариуцдаг хүний хувьд ерөнхийлөгч Кумартай уулзсан. Хийж байгаа ажлаа танилцуулсан. “Транспэрэнси Интернэшнл”-ийг үүсгэн байгуулагч, Зөвлөхүүдийн зөвлөлийн даргатай нь уулзлаа. Богино хугацаанд ажлаа танилцуулахыг хичээсэн. Авлигын индекс буурч байж олон нийтийн төрд итгэх итгэл сайжирна. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулагчдын хандлага нэмэгдэнэ. Гуравдугаарт, бизнесийн орчин илүү чөлөөт өрсөлдөөн рүү явна. Гаднын зөвлөхүүдтэй цахимаар хуралдлаа. Тэгэхээр авлигын индекс ирэх жил нэлээд ахицтай явна гээд хэлчихэд буруудахгүй. Маш их хичээж байна. Нэг хэсэг хичээгээд нөгөөх нь хичээхгүй байж болохгүй. Бүх нийтийн оролцоо чухал.
Ярилцсанд баярлалаа.
С.Гандөл