Тэтгэврийг 6.0 хувиар нэмэгдүүлэхээр тусгажээ

Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судалж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцлээ. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга, Д.Рэгдэл нар ажилласан юм. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл уншиж танилцуулав.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд ахмад настны тэтгэврийг 6.0 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцийн түвшинтэй уялдуулж жил бүрийн нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасныг зөрчсөн гэж тус ажлын хэсэг дүгнээд, энэ онд нэмэгдүүлэх бодит нэмэгдлийн дутуу 0.8 хувь, мөн төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан 9.5 хувийн нийлбэрээр буюу 10.3 хувиар тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн саналыг гаргасан байна.

Үүнд төсвийн төсөлд тусгасан 6.0 хувийн нэмэгдэл дээр 4.3 хувийг нэмэхэд нийт 267.1 тэрбум төгрөг нэмж шаардагдах юм. Энэхүү нэмж шаардагдах санхүүжилтийг тогтмол дүнгээр буюу 42000 төгрөгөөр хуваарилан нэмэгдүүлэх нь тэтгэврийн ялгаа ихсэхээс сэргийлэх ач холбогдолтой гэж үзэж буйгаа ажлын хэсэг онцолсон байна. Түүнчлэн тэтгэврийн зээлийг эрсдэлтэй зээлтийн ангиллаас гаргах, заавал байлгах нөөцийг бууруулах замаар эх үүсвэрийг хямдруулах, мөн арилжааны банкууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тэтгэврийн зээлийн үйл ажиллагааны зардлыг тэглэх боломжтой гэж үзсэн байна. Ипотекийн болон оюутны сургалтын төлбөрийн зэрэг бусад зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, банк хооронд шилжүүлэх үйл явцыг хүндрэл бэрхшээлгүй шийдвэрлэх шаардлага байгааг онцоллоо. Мөн ахмад настны эрүүл мэндийн болон асрах үйлчилгээнд зориулж улсын төсвөөс олгох санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн юм.