С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Уран ээжээс өвлөсөн урлахуйн ухаан
Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ А.Доржхандыг урьсан юм.
Тэрбээр Өмнөговь аймгийн Ханбогд суманд Р.Арслан хэмээх олон хүүхэдтэй айлд охин нь болж мэндэлжээ. Түүний ээж А.Мөнхнасан нутаг усандаа урлаж шагладгаараа алдартай уран хүн. Ээжээсээ заяасан авьяасыг өвлөн авч, үргэлжлүүлж яваа А.Доржханд хүүхэд байхаасаа хөвөнтэй дээл хавж, хээ угалз хайчилж, урагдсан хувцсаа жирийтэл нөхчихдөг хөдөлмөрч байсан нь өдгөө үйл мэтгэх үйлсийн эхлэл байжээ. Залуу байхдаа юм оёхыг ойшоодоггүй байсан ч сүүлийн хэдэн жил тууштай ажиллаж байгаа нь энэ.
Одоогоос 10 жилийн өмнө эсгий урлалыг сонирхож, гэрийн шаахай, олбог ширдэг, цүнх, машины суудлын бүрээсийг ажлынхаа хажуугаар захиалга авч борлуулдаг байжээ. А.Доржханд анх охиндоо зориулж богино ханцуйтай энгэртэй халаастай хүрэм оёж, нүүр номондоо зургийг нь байршуулахад олон хүн урмын үгээр мялаасан сэтгэгдэл бичиж, захиалга өгчээ. Тэр үеэс одоог хүртэл оёдлын машинтай “нөхөрлөж” байна. Гэрийнхээ нэг өрөөг урлан болгон тохижуулж, зээ охиноо харахын хажуугаар өрхийн үйлдвэрлэл эрхэлжээ.
Үндэсний дээлний үндсэн элементийг хадгалж, орчин үеийн хэв загварыг хослуулсан урт, богино хүрэм хэн хүний харцыг татахаас гадна эрэлт хэрэгцээ ихтэй. Хилийн чинадаас хүртэл захиалах хүн олон байдаг гэнэ. Солонгос, Хятад, Швейцарь, АНУ-аас захиалж хийлгэхээс гадна хөдөө орон нутгаас ч хүмүүс авдаг болжээ.
Үндэсний үйлдвэрлэл хөгжихийн хэрээр дээл хувцсаа өмсөх хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь сайшаалтай. А.Доржхандын ажил эсгүүр гаргахаас эхэлж, оёдлын бүхий л шат дамжлагыг ганцаараа гардаж хийснээр ганган загварлаг хүрэм эзэндээ очно. Одоогоор урт богино нөмрөг, нимгэн цамц зэргийг хийж бүтээлийнхээ нэр төрлийг нэмэгдүүлж байна. Цаашдаа урлантай болоод төрөл бүрийн хувцсыг урлах туйлын хүсэлтэй түүнийг хань нь хамгийн их дэмждэг. Хийсэн хувцсаар нь бахархдаг найз нь сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалсны дагуу “Лантуу дохио” ТББ-тай холбогджээ.
Улмаар “Ид шидийн уут” аянд таван жилийн хугацаанд 4000 гаруй хүүхдэд сэтгэлээ шингээж оёсон малгай, ороолт, майк бэлэглэжээ. “Буян нь буцаж ирэхдээ бороо мэт асгардаг” гэдэг шиг хүүхдэд зориулсан сэтгэлийн дэм нь А.Доржхандад хэзээ нэг өдөр ирэх нь мэдээж.
Хувцас оёх нь өдгөө түүний амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл оёдлын машин дээрээ сууна. Эхлүүлсэн ажлынхаа эцсийг нь үзэж салдаг зарчимтай учир эзэнд нь хүргэж өгөх мэдрэмж л хамгийн сайхан санагддаг гэдгийг онцолж байв. Уран гартай бүсгүй урмын үгээр хөглөгдөж урагшаа тэмүүлдэг нэгэн. Зах зээлийн үнэлгээнээс харьцангуй хямдхан тогтоодог ч чамин чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх нь А.Доржхандын нэн тэргүүний зорилго.
Үүнээс гадна алс хязгаарын Баян-Өлгий, Сайншанд, Замын-Үүд, Сэлэнгээс захиалга их ирдэг бол Өмнөговь аймгийн Ханбогдод борлуулагчтай болжээ. Ирээдүйд өөрийн гэсэн урлантай болох ээжийнхээ хүслийг биелүүлэхээр охин нь фото моделийн үүрэг гүйцэтгэж, хань нь найдвартай ар тал нь болж явна.