С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
“Шүүс, жүүс, зууш” буюу Сүхээтэй хуучилсан нь
Түүнтэй уулзахаар цаг товлов. “Гурван сая инээд” шоу нэвтрүүлэг нь олон нийтэд хүрсний дараа л даа. Батлан хамгаалахын их сургуульд сурдаг оюутан дүүтэйгээ холбогдсоны эцэст фэйсбүүк хаягийг нь оллоо, холбогдов. “Сайн байна уу эгчээ, маргааш уулзаж холбогдоё” гэлээ. Уулзах газраа товлоод очлоо. Өнөөх чинь залгаж байна, “Эгчээ би тэр ... буудал дээр байна гэснээ “Намайг өөрөө олоорой” хэмээгээд холбоо тасрах нь тэр. Угтаа чин сэтгэлээсээ яриа авах хүсэлтийг минь зөвшөөрсөн түүнийг утсаа ингээд салгана гэж бодсонгүй. Гэтэл тийм биш байж. Учир нь, түүний нэгж дууссан тул утасны холбоо ийн тасарчээ. Гэхдээ түүнийг олох тийм ч хүнд даваа биш байв. Товлосон цагтаа, тогтсон газартаа очоод олох нь тэр. Биднийг очиход А.Сүхбатыг хүмүүс тойрон хүрээлчихсэн байв. Угтаа жирийн нэгэн л дээ. Гол нь түүнийг “Гурван сая инээд” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож, өөрийгөө нээсний дараа ийн эчнээ таних болжээ.
Алиа хошин зангаараа хүмүүсийг инээлгэж явдаг тэрбээр 2001 онд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд айлын том хүү болон мэндэлжээ. Түүний нэрийг өгөх үед Цагаан сарын барилдаан болж байсан гэдэг. Хоёрдугаар сарын үе. Шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдийн нэрийг будаанд хийж, шигшихэд Сүхбат гэх нэр гарч ирснээр аваргатай овгоор хүртэл адилхан нэртэй болсон гэдэг. Тухайн үед аваргын нэр гарч ирсэн ч учиртай хэмээн бэлэгшээж явдгаа тэрбээр онцлов.
Багаасаа л цэргийн хүн болохыг мөрөөдөж, Батлан хамгаалахын их сургуульд элсэн орж ирээдүйгээ төсөөлсөн гэнэ. Хүүхэд насаа малчны хотонд өнгөрүүлсэн А.Сүхбат өдрийг бэлчээрт өнгөрүүлж, мал маллах арга ухааныг өвөөгөөсөө сурч, өвлөжээ.
“Өвөөгийндөө өссөн. Өдөржин малын бэлчээрт өнждөг байлаа. Түнтийсэн улаан хацартай томоотой хүү байсан. Сургуульд ороод сахилгагүйтэж эхэлсэн. Үе тэнгийнхээ хөвгүүдтэй зодолдож, хэл ам татална. Хичээлдээ их идэвхтэй. Гоё бичигтэй сайн сурдаг байсан. Ихэвчлэн А, B авна. Хаа нэг С үнэлгээ авдаг сурагч байлаа. Нийгэм, биеийн тамирын хичээлдээ илүү сонирхолтой. Багаасаа бодож явсан цэргийн сургуульдаа элсэн орж, шамдан суралцаж байна” гэв.
Аливаа зүйлд шунаж болохгүй
Аавын олон хүүтэй мөр зэрэгцэн суралцаж яваа А.Сүхбат ангийнхандаа үргэлж, инээд хөөр бэлэглэж, элгийг нь хөшөөх үе олон гардаг гэнэ. Тиймээс ангийнх нь найзууд түүнийг “Гурван сая инээд” шоунд орохыг зөвлөжээ. Тухайн үед телевизээр гардаг уг шоуны талаар төдийлөн мэдлэггүй байсан учраас яг ямар шоунд, хэрхэн оролцох талаараа найзуудаасаа асуухад “Чам шиг хүн инээлгэх авьяастай хүмүүс орж, мөнгө хождог юм” хэмээх хариултыг өгчээ.
“Хүн инээлгэж мөнгө хожно. Хачин л шоу байна даа” гэж бодсоор гэртээ ирэн фэйсбүүкээр хайлт хийн үзжээ. Хүн дурсамж бүтээж амьдардаг. Эр хүн байна даа. Өөрт тохиолдсон хөгжилтэй түүхүүдээсээ хүмүүст ярьж, инээлгэж үзье гэж бодон Боловсрол телевизэд очин бүртгүүлж, оролцох эрхээ авчээ.
“Би бэлтгэлээ төдийлөн сайн хийж чадаагүй ээ. Хөгжилтэй зүйлүүдээ бүгдийг нь дугаарлаад гарын алган дээрээ үзгэн балаар бичсэн. Тайзан дээр гарахаас өмнө гараа угаачихсан юм. Гэтэл бүдгэрээд арилсан. Тэгээд л санаанд байгаа зүйлүүдээ ярьж эхэлсэн. Цаг хараад сандраад бүжиглээд л бөөн инээдэм болсон доо. Шүүгч Анхаа ах “Би инээх гээд байна” гээд л. Батаа ах араас үргэлжлүүл гээд л. Тэгээд үзээд алдая гэсэн итгэл төрөөд гурван үеийг амжилттай давж чадсан даа. Эр хүний замын хүзүү урт. Амьдралд олон сайхан боломж гарч ирнэ. Аливаа зүйлд шунаж болохгүй. Тэгээд л цааш үргэлжлүүлээгүй” хэмээн ярилаа.
Шоунд мөнгө хожих зорилготой орж байгаа учир шунах хэрэггүй гэсэн бодлоор үргэлжлүүлээгүй гэсэн түүнтэй ярилцахад алиа хошин зантай гэдэг нь мэдрэгдэж байв. А.Сүхбат шоунаас 500 мянган төгрөг хожвол монгол гутал, харин саяыг хожсон бол сургалтын төлбөрийнхөө талыг хийх бодолтой байжээ. Учир нь, Батлан хамгаалах их сургуулийн жилийн төлбөр 1.8 сая төгрөг. Үүнийхээ талыг нь ч болтугай өөрөө хийх хүсэл түүнд төрсөн хэрэг.
Шоуны маргааш өглөө хичээлдээ очиход ангийнхан нь баяр хүргэж магтаалын үг хэлсэн байна. Дээд курсын ах нар нь ангидаа оруулж, хамтдаа дурсгалын зураг татуулж, “Хүнд инээд бэлэглэх шиг буянтай ажил байхгүй. Сайн байна” хэмээн түүнийг урмын үгээр шагнажээ. Харин дээд курсын эгч нар нь “Жүүс, шүүс, зуушаа” хэлээд өг хэмээн өхөөрдсөн гэнэ. Түүнчлэн гэртээ харих замд нь “Гурван сая инээд” шоуны ах байна. Нөгөөх чинь явж байна” гэж хошигнох, инээмсэглэх хүнтэй олон тааржээ. Түгжрээд зогсч байгаа машины жолооч хүртэл эрхий хуруугаа гозойлгож, лайк тэмдэг над дээр дарсан хэмээн хээв нэг хэлэв.
Долдугаар ангиасаа ажил хийж анхны цалин 400 мянган төгрөг авч билээ
Ажил хийвэл ам тосдоно гэдэг. А.Сүхбат долдугаар ангиасаа ажил хийж, ахуйн хэрэглээгээ өөрөө хангаж эхэлжээ. Амралтаараа хотод ирж блокны үйлдвэрт ажиллаж, хичээлийнхээ хэрэгслийг авахаас гадна өөрийгөө хувцаслаад нутгийнхаа зүг буцдаг байсан талаараа хуучиллаа. Түүний анхны цалин 400 мянган төгрөг. Хөдөлмөрч байхыг эрхэмлэдэг тэрбээр анхны цалингаа авснаар ахиж ажил хийх хэрэгтэй гэх сэдэл төрсөн гэдгээ нуусангүй. “Би ажил хийж, амьдрал ахуйдаа нэмэр болдог. Долдугаар ангийнхаа зуны амралтаас ажиллаж эхэлсэн. 12 настай хүүхэд блок байнга өргөж, зөөнө гэдэг хэцүү. Нэг ширхэг блок 20 кг. Өргөөд машинд ачина. Ууттай цемент зөөж, шороо хүрздэж буулгана. Хэцүү байлаа гээд шантраагүй ээ. Өнгөрсөн зунаас эхэлж гэрийн модны үйлдвэрт ажиллаж, унь хийж эхэлсэн. Харин одоо амралтынхаа хоёр өдрөөр ажиллаж Хийж бүтээж хөдөлмөрлөх тусам хүний амьдрал илүү үнэтэй цэнэтэй санагддаг юм” гэв. А.Сүхбат 2017 оны зун амралтаараа ажиллаж 800 мянган төгрөгийн цалин авсан байна. Багаасаа л барилдах сонирхолтой байсан болоод ч тэрүү өөртөө зориулж, Нарантуул захаас 120 мянган төгрөгөөр монгол гутал худалдаж авсан ч хоёр бэлтгэл хийгээд харамсалтайгаар ханзарч унажээ. Харин хүн инээлгэж, эерэг энерги түгээж олсон хожлынхоо мөнгөөр чанар, эдэлгээ сайтай сайхан монгол гутал худалдаж авна гэдгээ хэлсэн юм. Овог нь ч, нэр нь ч дархан аварга А.Сүхбаттай амьдаа тэрбээр багаасаа л барилдах сонирхолтой. Жүдо, чөлөөт бөхөөр хэсэг хичээллэж аймаг, бүсийн тэмцээнд амжилт үзүүлсэн түүхтэй.
Сумын заан болох хүсэлтэ
Наадамд гурван даваатай, найранд гурван дуутай гэж үг бий. Багаасаа барилдах сонирхолтой байсан тэрбээр үндэсний бөхийн бэлтгэл хийж, сумын заан болох туйлын хүсэлтэй. Түүний хүндэлж, дэмждэг бөх нь улсын арслан Ц.Содномдорж, Д.Ганхуяг гэнэ. Эр хүн ямар байх талаар асуухад “Ямар ч цаг үед, шударга өөрийнхөөрөө, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг. Зорьсон зорилготой. Зорилгынхоо төлөө хөдөлмөрлөж, хөлс хүчээ дуслуулдаг хүнийг эр хүн гэнэ. Эрэгтэй хүн бүрийг “Эр хүн” гэхгүй л гэж боддог. Ганц амьдрах хорвоод зөв л амьдаръя гэж бодож явдаг. Амьдралыг уул гэж төсөөлөхөд бэлээс нь юу ч харагдахгүй. Уулын оргил өөд тэмүүлэх хүсэлтэй” гэснээр бидний яриа өндөрлөсөн юм.
https://www.youtube.com/watch?v=o3r7Z8y9y1A
С.Ичинхорлоо