Г.Должинсүрэн: Төрөөд тав хоноод л ажилдаа орсон

“БИЗНЕС ЭХЛҮҮЛСЭН ТҮҮХ” цувралын зочиноор Солонгос улсад амьдардаг онлайн орчинд олон мянган дагачтай влог хөтлөгч, Grace буюу Г.Должинсүрэнг урьлаа. Чадварлаг make up-чин бүсгүй гоо сайханы салбарт амжилттай ажиллаж, бүсгүйчүүдэд арьс арчилгааны зөвлөгөө өгөхөөс гадна өөрийн Grace K-Beauty Store-ийн эхлэлийг тавьсан байна. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Та манай уншигчдад өөрийгөө тодорхой танилцуулна уу. Урлагт хайртай, дуулж, бүжиглэх дуртай охин байсан гэж сонссон?

-Хүмүүс влог хийдэг Grace нэрээр минь илүү сайн мэдэх байх. 1993 онд Увс аймагт эгэл жирийн айлын ганц эрх шар охин нь болж мэндэлсэн. Дээрээ нэг ахтай. Аав, ээж хоёр маань намайг хожуу төрүүлсэн болохоор хайрлаж, эрхлүүлж өсгөсөн. Хэнз хүүхэд нь. Бага байхад манайх Дархан-Уул аймаг руу нүүж, сургуульд суралцсан. Багаасаа урлагт их хайртай. Сургуулиа төлөөлөөд улсын уралдаанд дуу болон бүжгийн тэмцээнд оролцоно. Амжилттай оролцож, олон ч медаль, өргөмжлөлтэй болсон. 2016 онд МУБИС-д монгол хэл, уран зохиол, монгол бичгийн багшийн мэргэжлээр магистр хамгаалсан. Мэргэжлээрээ ажиллаж байгаагүй. Багаасаа нүүр хувиргагч болно гэж мөрөөддөг байсан. Мөрөөдлөө биелүүлэх боломж олдож, дахин суралцаж, ажилласан. Одоо БНСУ-д нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

-Сэргэлэн дэггүй дэгжин охин байсан юм шиг санагддаг. Хүүхэд насныхаа сэтгэлд хоногшин үлдсэн сайхан дурсамжаасаа хуваалцана уу?

-Дэгжин ганган охин байсан. Би их нүүрэмгий хүний хэл ам сугалчих шахсан хүүхэд. Айлын бага ганц охин гээд хүн бүхэн эрхлүүлсээр байгаад дураараа өссөн. Ээжийнхээ нүүрний будгаар тоглоно. Нүүрийг тань будаад өгье гээд ээжээсээ байнга гуйна. Аавын хайр халамжийг асар их мэдэрч өвөрт нь унтдаг байж билээ. Хүүхэд насаа дурсахад аав, ээж, ах минь намайг үнэхээр сайхан хайраар дүүрэн өсгөж дээ. Аав ээж хоёр маань бурхны оронд заларсан ч тэнгэрээс үргэлж ивээж, охиноороо бахархдаг байх гэж боддог.

-Бизнес эхлүүлэх сэдэл санаа нь юу байв. Хэзээ эхлүүлсэн бэ?

-Анх 2017 онд БНСУ-д гэр бүлээрээ ирсэн. Хүний газар хийх ажил байхгүй гэрийн эзэгтэй болов. Өмнө нь Монголд ах дүү хамаатан садантайгаа ойр.  Тус дэмтэй хүүхэдтэй ч гэсэн үүрийн 04.00 цагаас ажилдаа гарч өдөржин хүний нүүр будаад зогсдог байв. Эх орондоо их сургууль төгсч, диплом өвөртлөсөн ч БНСУ-д дипломоо үзүүлээд ажилд орох боломжгүй. Гоо сайхан, нүүр будах урлагт дурлаж амьдралынхаа нэг хэсэг болгосон болохоор энэ чиглэлээр ажиллахын тулд төлөвлөгөө боловсруулсан. Эхлээд сошиал хаягуудаа идэвхтэй хөтөлж, нүүр будалтын бичлэг, арьс арчилгааны зөвлөгөө, гэр бүлийн влог зэрэг өөрийн гэсэн үнэнч дагагчтай бяцхан ертөнцийг бүтээсэн. Өнгөрсөн зургаадугаар сард баг хамт олноо бүрдүүлж, зорьсон ажилдаа ханцуй шамлан орсон. Хүн бүхэн янз бүрийн арга барилаар ажилладаг. Миний хувьд ганцаараа удаанаар босох биш баг хамт олноороо илүү хурдацтай хөгжиж, амжилтад хүрэх зарчмаар ажиллаж байна.  Хамтрагчаа удаан хугацааны турш хайсны эцэст итгэж болохуйц бизнесийн ухаантай, ямар ч үед биенээ нөхөж чадах хүнийг олсноор ажил амжилттай эхэлсэн. Бид хамтдаа дэлгүүрийнхээ хөрөнгө оруулалт, маркетинг гээд бүхнийг хариуцаж, нэгнээсээ цаг тутамд суралцдаг. Бизнест хамтрагчаа зөв сонгох нь хамгийн чухал гэж боддог.

No description available.-Таны хувьд хэдэн төгрөгөөр бизнесээ эхлүүлсэн бэ?

-Гоо сайхны салбарт судалгаагүй туршилтгүй юм хийж огт болохгүй. Хүний гоо сайхан гэдэг нэг бодлын их эрсдэлтэй санагддаг. Үйлчлүүлэгч нартаа гоо сайхныг бэлэглэдэг байхын тулд бүх бүтээгдэхүүнээ өөрөө эхлээд хэрэглэж, туршиж үзсэн. Одоо ч шинэ бүтээгдэхүүн нэмэх бүртээ өөрөө аваад орц найрлага бүрийг нь судалж өөр дээрээ туршилт хийсээр байна. Бүтээгдэхүүнүүд БНСУ-д үнэтэй зарагддаг болохоор анх нөхөртөө санаагаа хэлэхэд сайхан хүлээж авсан. 500000 воны хөрөнгө оруулалт хийж, турших санааг минь дэмжсэнээр хамтрагч компанитайгаа холбогдон бүтээгдэхнүүнээ худалдаж авсан. Үнэхээр сайн бүтээгдэхүүн долоо хоногт хангалттай үр дүнгээ өгч мэдрэгддэг. Авсан бүтээгдэхүүнээсээ үр дүн мэдрээгүйгээ шууд хассан. Таалагдахгүй бол огт зардаггүй. Сонгосон бүтээгдэхүүндээ их хэмжээгээр доод тал нь 50 сая төгрөгийн худалдан авалт хийж байж л үйлдвэрийн хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх боломж байсан болохоор одоо хамтарч буй найзаасаа хөрөнгө оруулалт хүссэн юм. Анхны гарааг хамтрагч маань хариуцаж би өөрөө дэлгүүрийнхээ дотоод үйл ажиллагаа маркетинг хийж эхэлсэн. Үүнд бас худалдан авагчдын намайг гэсэн итгэл сэтгэл том дэмжлэг болсон. Бүгдэд нь үнэхээр их баярлаж итгэлийг нь алдахгүйг хичээж хүн бүрт арьс арчилгааны зөвөлгөөг дэлгэрэнгүй өгөөд явдаг. Хэрэглэгчид маань ч үйлчилгээнд сэтгэл ханамжтай байгааг хараад урам зориг авдаг шүү. Аливаа зүйлийг эхлүүлэхэд олон саад бэрхшээл тулгардаг. Энэ бүх зүйлд яг дунд нь өөрөө ороод явж байгаа хүний хувьд бизнес эрхлэгч ээж нар үнэхээр мундаг гэдгийг онцолж хэлмээр санагдаж байна.

-Бизнесээ сэтгэлийн хөөрлөөр биш зах зээлээ маш сайн судалсны үндсэн дээр эхлүүлсэн байх. Хэрхэн судалгаа хийсэн бэ?

-Над руу хүмүүс холбогдож арьсны асуудлаа хэлж зөвлөгөө авдаг. Уг нь арьсны эмч биш гэхдээ нүүр будагчаар сурах явцдаа арьс арчилгааг заавал хамт сурдаг болохоор мэдлэгтэй. Энд арьсны жинхэнэ мэргэжилтэн, гоо сайхны их сургуулийн профессороос давхар сургалт авдаг. Монголд цаг агаарын байдал эрс тэрс болохоор манай охидуудад арьсны асуудал маш их тулгардаг. Яг одоо корона гээд хүн бүхэн масктай маш их хөлөрнө. Түүнээс болж арьсны нүх сүвд бохирдол хуримтлагдана, нүхжилт үүснэ битүү амьсгалаад байхаар сэвхтэнэ зэрэг өмнөхөөсөө илүү асуудалтай болсон. Яг энэ үед ямар бүтээгдэхүүн хэрэгтэй байна? Ямар харилцаа үйлчилгээ Монголд дутаад байна гэдгийг мэдрэх хэрэгтэй байсан болохоор хүмүүстэй нээлттэй харилцаж асуудал бүрийг сонсдог. Энэ нь өөрөө судалгаа болно. Ажиллах явцдаа ч гэсэн байнгын судалгаа хийж үйлчлүүлэгчдийнхээ юу хүсч байгааг цаг тухай бүрт нь хэрэгжүүлээд явахыг хүсдэг. Асуудал ихтэй газар боломж их байдаг гэдэг үг надад үнэн санагддаг. 

No description available.

-Хүссэн ажлаа эхлүүлж чадах л залуу хүнд урам өгдөг. Анх ямар ямар бүтээгдэхүүн авч ирж байв?

-Би өөрөө бизнесийн мэдлэг багатай хүн. Харин миний хамтрагч энэ талаар надаас илүү ухаалаг өөрийн гэсэн арга барилтай. Мундаг менторуудтай. Тэднээсээ байнга зөвлөгөө авдаг. Няхуур бас хэт хурдтай ажилладаг биширмээр хүн. Би тэр хурдыг нь хааяа гүйцэхгүй ачаалал ихтэй үед стрессдэнэ, заримдаа санал зөрөлдөнө. Муудалцаж нэг үзнэ. Хүсэл зорилго нэг хүмүүс чинь аль аль нь нэгэндээ буулт сайн хийж засах юмаа дор нь шийдээд явдаг. Эргээд дараа нь бодохоор муудалцаан биш зөвшилцөөн байдаг юм. Хоёр хүний эцсийн шийдвэр нэг л байх хэрэгтэй. Санал зөрөлдсөн ч нэгнээ сонсдог нэгнээсээ суралцдаг ажилд бол сайн хамтрагч амьдрал дээр сайн найз л байх гэж хичээдэг. Анх арван нэр төрлийн бараатай. Монгол руу бөөндөөд гаргачихдаг. Гаргасан бараандаа захиалга аваад ачаанууд нь хил дээр очиж гацаад удаж хүндрэл үүсгэдэг байсан. Үйлчлүүлэгчид бүтээгдэхүүнээ асууна.  Асуух бүрт нь айдастай. Зарим бараа хагарч гэмтэж очоод захиалгын тооноос дутахад хурдан нөхөөд онгоцоор явуулах зэрэг шатсан асуудлууд ч тулгарсан.  Харин одоо 50 гаруй нэр төрөлтэй болчихсон. Монголд шууд бэлэн зориулалтын температуртай агуулахад хадгалаад хүргэлтээр өдөртөө хэрэглэгчдэд хүрч үйлчилж байна. Тайлан данс тооцоо тоо ширхэг гээд надаас асар хол зүйлс эхэндээ толгой эргэмээр хэцүү санагддаг байж. Хүн тэгээд зүтгэлтэй бол ямар ч ажлыг хийж сурдаг бололтой.

 -Онлайнаар ажлаа явуулахад алдаа оноо бишгүй гарсан байх?

-Төсөөлж байснаас илүү олон хүн итгэл хүлээлгэн маш олон захиалга ар араасаа ирсээр байсан. Анх дотоод бүх ажлаа өөрөө хариуцаж бүгдийг хийдэг байсан ч сүүлдээ яалт ч үгүй ачаалал ихсээд хүмүүсийн захиалга орхигдуулах сольж, хольж явуулах алдаанууд гарсан. Үйлчлүүлэгчтэй шууд тулж ажиллах онлайнаар ажиллах хоёр асар өөр. Хүн хүч нэмээд баг хамт олонтой болсноор асуудлыг шийдсэн. Анхны үйлчлүүлэгчийн сэтгэгдэл анхны орлогоо хараад сэтгэл хөдлөөд уйлж билээ. Найзтайгаа хоёулаа цаашдын төлөвлөгөөгөө яриад л нэг нэгээр нь хэрэгжүүлээд явдаг. Одоо харин маш олон хэдэн зуун үйлчлүүлэгчийн сайхан сэтгэгдлүүд урмын үгсээр ирлэгдээд улам их хичээж тэр хэмжээгээр хариуцлага гэдэг юм улам томорсон. Бас нэг давуу тал нь ачаалал дааж сурч байна.

-Хийж эхлүүлсэн ажлаа тууштай үргэлжлүүлэхэд эргэлтийн хөрөнгө чухал санагддаг?

-Эргэлтийн мөнгө гэж тусдаа бэлэн байж байх ёстой. Үйлчлүүлэгч ихсэх тусам бараа таталт ихсэх учраас одоогоор ашгийнхаа тодорхой бага хувийг хуримтлал болгоод ихэнх хувиа эргэлтэд зарцуулдаг. Ямар ч байгууллага эхний хоёр жил хөл дээрээ тогтох гэж олон үйл явцыг давдаг. Хөрөнгө оруулж байгаа хүн маш их эрсдэлийг үүрдэг. Хамтдаа давах гэж өөрийнхөө чадах хэмжээнд маш их хичээж байна. Хэрэглэгчдэдээ цаашдаа илүү ойр илүү хүртээмжтэй болохын тулд анхны алхам бол ашгийн хуримтлал бий болгохыг зорьж байна.

-Grace K-Beauty Story -ийг ажиллуулаад хэр хугацаа өнгөрч байна. Бизнесийн салбарт орон зайгаа олтлоо олон ч зүйлтэй тулгарна. Сэтгэлээс гардаггүй сайхан түүхээсээ хуваалцана уу?

-Хоёр сар  болж байна. Сайхан зүйл гэвэл мэдээж миний хамт олон. Намайг төрөх үед ажлаа яг 100 хувь хүлээж аваад бүх асуудлыг шийдсэн. Төрөөд эхний нэг сар бол аль болох л намайг амрааж, гам бариулчих гээд өөрсдөө бол цаг наргүй л ажиллаж их хичээцгээсэн. Хариуцсан ажлаа сайн хийж чаддаг. Үйлчлүүлэгчид маань хүртэл намайг төрсөн нялх биетэй байгаа амраарай битгий их ажилла зэргээр дандаа урмын үгс илгээдэг. Хааяа миний алдаанаас болж захиалга хойшлох зэрэг асуудал гарахад хүртэл маш хүлээцтэй хандана. Зөв хүмүүсээр хүрээлүүлж байгаадаа маш их талархаж явдаг. Муухай зүйл нь өөрсдийнхөө цаг зав сэтгэл зүрхээ зориулж хийсэн бүтээгдэхүүний орц найрлагын орчуулга зураг постер үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл зэргийг энд тэнд өөр газраас харах хайран санагдаж урам хугарсан. Манайд гурван хүүхэдтэй жирэмсэн хүн ажилладаг. Давхар өөр ажил хамт хийдэг хүн ч бий. Бүгдээрээ л ядарч байгаа шүү дээ. Дээрээс нь бид их хэмжээгээр бараагаа авдаг болохоор сар болгон татвар төлнө хүргэлтийн компанидаа төлбөрөө тушаана агуулахын татвараас эхлээд зарлага тэр хэмжээгээр их гардаг. Адилхан барааг хувь хүмүүс цөөн тоогоор захиалга авч зарах асуудал байдаг. Тэр хүмүүсийг ойлгодог. Бүгд ардаа амьдралтай хүмүүс нэг юм хийхээр зүтгэж байгаа. Өөрсдөө толгойгоороо хийх биш бусдын хийсэн зураг пост зөвлөгөө, логог нь дарж байгаад үг үсэггүй хуулж тавих нь хүнлэг биш. Адилхан юм хийсэн ч хүний юм хуулж тавихгүй өөрсдөө шинээр бичээд янзлаад өөрийн гэсэн хэв маягаа шингээж шударга өрсөлдвөл сайхан. Бизнесийн мэдлэгтэй ёс зүйтэй хүмүүс бол хэзээ ч тийм зүйл хийдэггүй. Угаасаа албан ёсны гэрээт эрх нь байвч Монголд ийм зүйл байсаар байдаг. Байсаар ч байна байх. Энэ асуудалд эмзэглэдэг. 

No description available.-Бизнес явуулж байгаа хүн бүхэн өөрийн гэсэн арга барилтай ажилладаг. Таны хувьд?

-Хамт олноо сайн удирдахыг хичээдэг. Тэднийгээ хүндэлж сонсож, урамшуулах, ажиллах бүх нөхцөлөөр нь аль болох хангаж дэмжих гэж хичээдэг. Ер нь сэтгэлтэй хүмүүстэй ажиллах сайхан. Заавал 100 хувь байх бүхнийг чаддаг байх шаардлагагүй. Мэдэхгүй чадахгүй зүйл гарвал яанаа гээд суух биш өөрсдөө эрж хайдаг удирдлага нь мөн зааж сургаад суралцаад хамтдаа урагшлахыг эрхэмлэдэг. Ажилчиддаа  тулгарч буй асуудал болон шинэ санаа, шүүмж зэргийг нэг бүрчлэн сонсож, долоо хоног бүр хуралддаг. Тэндээс л маш гоё гоё санаанууд гарна.

-Орлого муудах үеүд ч олон тохиолдоно. Хэрхэн даван туулж байна вэ?

-Орлого муудаад ирвэл шууд хуралдана. Эрсдэлүүдээ ер нь урьдаас тооцоолж төлөвлөж ажиллахыг хичээдэг. За энэ үед яах уу, алийг нь хэрэгжүүлэх үү гээд  зөвшилцөнө. Бид ер нь байнгын бэлэн төлөвлөгөө боловсруулдаг болохоор гэнэт яанаа гэж сандрахгүй арга замаа олоод эвтэйхэн яваад байдаг.

-Та байгууллага удирдаж яваа ажил олгогч, улсдаа татвар төлж, бизнес эрхэлж яваа залуу бизнесмэн. Одоогоор хэчнээн хүн цалинжуулж байна?

-Одоогоор надаас гадна үүсгэн байгуулалцсан 1 хүн болон 3 ажилтан байгаа. Бид нэг гэр бүл болоод ажиллаж байна даа. Мөн Монголд хүргэлтийн компанитай хамтардаг. Тэд маань ч гэсэн бидний хамт олон.

No description available.-Бизнес хийхэд маркетинг маш чухал. Өөрийн тань хувьд маркетингаа хэрхэн анхаарч ажилладаг вэ?

-Миний хувьд маркетингийн нэг хэсэг нь бас сошиал хэрэгслүүрийг ашиглах бичлэг зөвөлгөө сургалт зэргийг байнга хүргэх, хэрэгтэй мэдээллээр байнга хангадаг байх. Яавал олон хүнд хүрэх үү гэдэгт анхаарч ажилладаг. Хүмүүс харилцаа сайтай үнэ боломжийн түргэн шуурхай үйлчилгээг хүсдэг. Тэрэнд нь хүрч ажиллаж чаддаг байхын тулд хэрэглэгчдийнхээ дунд тогтмол судалгаа явуулж хүсч, хэлмээр байгаа зөвлөгөө шүүмжийг сонсож хүлээн авч хэрэгжүүлдэг. Нэг хүний ард 10 хүн байдаг гэдэг шүү дээ. Юм авахгүй ч байсан хамаагүй тэр хүнд үнэн сэтгэлээсээ тултал нь зөвлөөд сэтгэл ханамжтай гаргахад дараагийн удаа заавал худалдан авалт хийдэг. Олон үйлчлүүлэгчтэй болох тусам тэгсгээд хаях биш үйлчлүүлэгч бүрт хүрч ажиллахыг хичээдэг.

-Таны нэг өдөр хэрхэн эхэлж өндөрлөдөг вэ. Цаашдын зорилт зорилго?

-Би гурван хүүхдийн ээж. Хүүгээ төрүүлээд нэг сар болж байна. Төрөхийнхөө өмнөхөн зориглож ажлаа эхлүүлээд дундуур нь амаржиж тав хоноод буцаад ажиллаж эхэлсэн. Өглөө 07.00 цагт босч багыгаа хөхүүлээд хоёр томыгоо цэцэрлэгт нь бэлдэж гаргаж, өгнө. Ханиа ажилд нь үддэг. Өдөржин багатайгаа тэврэлдэн барин компьютер дээр ажлаа хийнэ. Гэрээсээ ажиллах нэг сайхан юм нь өөрийн эрхээр болов ч хэцүү зүйл нь анхаарал төвлөрөх гэж их зовдог. Ажлаа хийж байгаад босч аягаа угаана. Угаалгаа хийнэ, гэрээ цэвэрлэнэ, хүүхдээ хөхүүлнэ, хуурайлна тэгж байтал орой болно. Хоолоо хийнэ. Оройдоо гэр бүлдээ цаг гаргаж, ярилцана. Шөнөдөө хэд хэд сэрж хөхүүлэх зэрэг хоногийн 24 цаг бол үнэндээ багадаад байна, надад. Ойрд олон нялх хүүхэдтэй хэрнээ хажуугаар нь ажлаа хийгээд яваад байдаг ээжүүдийг үнэхээр биширч байна. Ийм хэцүү замыг туулж амжилтад хүрч бизнесээ босгосон бүсгүйчүүд гайхамшгийг бүтээгчид. Ачаалал их үед тэнд хүний захиалга авна, энд хүүхэд уйлаад зэрэг бөөн юм болно. Заримдаа бүр уйлмаар санагдтал завгүй ядарч туйлддаг. Бууж өгөхийг хүсдэггүй. Миний, бидний зорилго бол Монголд хэд хэдэн салбартай үйлчилгээ нь тогтсон сайхан дэлгүүртэй болох.

Өөрийн гэсэн брэндийн бүтээгдэхүүн гаргах зэргээр эхний ээлжид хэрэглэгч очоод харж туршиж сонгоод авах боломжтой өөрсдийн дэлгүүрээ Монголд босгох ажилд баг хамт олноороо орчихсон явж байна. Дараа нь брэндээ гаргана. Тэгээд улам л өргөжих байхдаа. Өөрөө хүсэл тэмүүлэлтэй баг хамт олон нь нэгдэж чаддаг ур чадвартай гэр бүл хань ижил нь дэмжиж түшдэг байхад хүнд ер нь чадахгүй юм гэж байхгүй юм шиг л санагддаг юм. Намайг үргэлж завгүй ачаалалтай ажилтай орлоготой байлгадаг үйлчлүүлэгч нартаа маш их баярлалаа! Улам их хичээх болно.

С.Ичинхорлоо

No description available.No description available.

No description available.