С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ч.Алтаннар: Хашир байна гэдэг нь аливаа зүйлийг эргэцүүлэн боддог, мэдлэг боловсролтой байхыг хэлнэ
Төрийн соёрхолт математикч, доктор Чинчулууны Алтаннартай ярилцлаа.
-Хүн бүр математикч болох албагүй гэдэг. Гэхдээ Таны амьдрал тэр чигээрээ энэ шинжлэх ухааныг судлахад, бусдад зааж сургахад чиглэсээр иржээ. 2007 онд эрдмийн зэрэг хамгаалснаас хойш АНУ-ын Флоридагийн их сургууль, Английн Империал коллеж, МУИС-д багшилж байсан бол өдгөө Стэнфордын их сургуульд зочин судлаачаар ажиллаж байна. Тэгэхээр математик гэдэг бусдад зааж сургахаас гадна өөрөө ч тасралтгүй судалж, суралцаж явдаг шинжлэх ухаан байх нь ээ?
-Шинжлэх ухааны судалгаа хийнэ гэдэг нь өмнө хийгдээгүй шинэлэг зүйлийг илрүүлэхийг зорьж байна гэсэн үг. Шинжлэх ухаан хэзээ ч ухарч явдаггүй. Математик гэлтгүй аль ч шинжлэх ухаан байнгын шинэ нээлт, шинэ онол арга зүйгээр баяжигдаж, сайжраад явдаг. Судлаач хүн тэр болгоныг уншиж судлаж, өөрийгөө ямагт цэнэглэж, сайжруулж байх ёстой. Энэ нь үндсэн хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, өөрийнх нь судлаад байгаа зүйлийг аль хэдийнэ өөр судлаачид нээгээд илрүүлчихсэн байвал цаг үрсэн л хэрэг болно.
Хоёрдугаарт, өөрийн судалгааны ажилдаа хамгийн сүүлийн үеийн онол арга зүйг ашиглавал илүү үр дүн гаргаж авна. Тийм болохоор шинжлэх ухааны судалгаа хийх нь асар их цаг зарцуулсан ажил юм. Хэдхэн жил судалгааны ажлаас хөндийрч шинэ мэдлэгээр өөрийгөө цэнэглэж чадахгүйд хүрвэл дахиж судалгааны ажлаа үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болж эхэлдэг. Бусдад зааж сургах тал дээр оюутнууд, залуу судлаачдад хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдлэгийг хуваалцах нь багш хүний үүрэг. Би МУИС-ийн Бизнесийн Сургуулийн Санхүүгийн тэнхимд багшилдаг. Түүгээр жишээ татахад 20 жилийн өмнө их сургуульд зааж байсан санхүүгийн тооцоо шинжилгээнд ашиглагдах математик, статистикийн аргуудыг өнөөдөр оюутнуудад юуг нь ч өөрчлөхгүйгээр тэр хэвээр заагаад байж болохгүй.
-Таны математиктай холбогдсон үе нь тусгай сургалттай 11 дүгээр дунд сургуулийг төгссөн 1998 оноос эхэлсэн байдаг. Уг нь МУИС-иас урилга авсан ч давхар ШУТИС-д элсэлтийн шалгалт өгөөд тэнцсэн юм билээ. Ийм шийдвэр гаргах шалтгаан нь юу байсан юм бэ? Хос мэргэжил эзэмших нь сайхан ч хоёр их сургуулийг, ялангуяа МУИС, ШУТИС-ийг нэгэн зэрэг дүүргэнэ гэдэг бол баргийн хүнээс гарах “зориг” биш. Ачаалал талаасаа ч хүнд, аль нэг нь цалгардах эрсдэлтэй...?
-Бараг санаандгүй шийдвэр гэж хэлж болно доо. Би 1998 онд МУИС-ийн онолын математикийн ангид элсэн орох бодолтой байлаа. Гэхдээ дунд сургуулиа төгсөөд бусад хүүхдийн адил конкурс өгч үзье гэж сонирхоод ШУТИС-д элсэлтийн шалгалт өгсөн. Тухайн үеийн КТМС гэж байсан даа. Тэгээд санхүүгийн ангийг сонгочихсон. Одоо бодоход тухайн сургууль болон мэргэжил нь олон хүүхдийн орохыг хүсдэг сургууль байсан болохоор сонгосон гэж боддог юм. Эхэндээ орно гэж бодоогүй. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ гээд сургуулийн хувиараа цуцлалгүй эхний жилээ чөлөө болголоо. Уг нь математик бол хамгийн хөрвөх чадвар сайтай мэргэжил. Ирээдүйд математик хэрэг болдог тийм ажил хийх байх гэж боддог байсан боловч яг цэвэр энэ чиглэлээрээ ажиллах эсэхээ шийдээгүй явсан үе. Гэтэл нөгөө жилийн чөлөө болгочихсон санхүүгийн мэргэжил нь математикийн хамгийн их хэрэглээтэй мэргэжлийн нэг байдаг. Ингээд аав, ээжтэйгээ давхар сурах талаар ярихаар эхэндээ дэмий байхаа гэдэг байлаа. Ахин дахин яриад байхаар сүүлдээ хоёуланд нь яваад үз тэгээд яахыг харъя гэсэн бодол төрсөн. Тэгэхдээ нэг зүйлийг л хэлж, захиж байсан. Математикийн ангиа орхиж болохгүй шүү л гэсэн.
-Монголд мэргэжил эзэмшсэнийхээ дараа шууд АНУ-ын Флоридагийн их, сургуульд мастер хамгаалахаар явсан бил үү? Очоод суралцахад ямар нэгэн хүндрэл гарч байв уу?
-Намайг их сургуулиа төгсөх жил академич Р.Энхбат багш маань миний докторын удирдагч Флоридагийн Их Сургуулийн профессор П.Пардалос гэж эрдэмтэнтэй Монголд зохион байгуулсан олон улсын математикийн хурлын үеэр танилцуулж байлаа. Энэ хүн математикийн оновчлолын чиглэлийн дэлхийн тэргүүлэх эрдэмтдийн нэг. Саяхан гаргасан нэг жагсаалтад түүнийг дэлхийн тэргүүлэх 30 математикчийн нэг гэж онцолсон байсан. Гадаадад магистрт суралцах санаатай байгаагаа хэлтэл өөрийнхөө сургуульд хүсэлтээ явуулахыг санал болголоо. Сайн оюутнуудыг бид заавал магистрын диплом шаардахгүйгээр шууд докторын хөтөлбөрт элсүүлж болдог, хэрэв тэгвэл би удирдъя гэлээ. Яадаг бол гэсэн эргэлзээ төрсөн ч материалаа явуулаад үзэхэд тэнцсэн хариу ирлээ. Мэдээж тэр том эрдэмтнээр удирдуулна гэхээр баяртай байсан болов ч шууд докторын хөтөлбөрт орохоор хичээлүүд нь хүнд байх болов уу, судалгаа хийж чадах болов уу, яах бол гэж бодоод дотроо бага зэрэг айдастай байлаа. Харин хичээлдээ суугаад эхлэхээр тийм хэцүү санагдаагүй.
-Бараг ялгаа байдаггүй гэсэн үг үү?
-Хичээлүүдийн хувьд магистр, докторын хооронд ялгаа байдаггүй. Гол ялгаа нь докторын зэрэгт горилж байгаа оюутнууд хичээлийн хажуугаар судалгааны ажил хийнэ. Хажуугаар нь хөтөлбөрт орсноос хойш нэг жилийн дараа гурван сэдвээр докторын мэдлэгийн шалгалт өгдөг юм. Тэр шалгалтанд унавал докторын хөтөлбөрөөс хасагдана. Санаанаас огт гардаггүй нэг дурсамж байдаг юм. Стохастик процесс гээд сэдвийн шалгалтын үеэр нэг бодлогыг оролдоод бодож чадаагүй. Санаа зовоод маргааш нь дүнгээ хартал гурвуулан дээр нь тэнцсэн байв. Нөгөө бодож чадаагүй бодлогоо шалгалт авсан профессороосоо асуулаа. Тэгсэн өөдөөс “Би ч гэсэн яаж бодохыг мэдэхгүй” гэж хэлж билээ. Математикт шийдэгдээгүй бодлого олон байдаг.
Өөрөөр хэлбэл нэг хүн томъёолж тавиад бусад хүмүүс үнэн худлыг олон жил оролдоод баталж чадаагүй бодлого гэсэн үг. Гэтэл тэр шалгалтанд өгсөн бодлого тэрхүү шийдэгдээгүй нь байж таарсан. Иймэрхүү санаандгүй тохиолдлоор шийдэгдээгүй бодлого бодсон тохиолдлууд олон. Жишээ нь, математик програмчлалын салбарын “эцэг” гэж нэрлэгддэг Стэнфордын их сургуулийн профессор байсан алдарт математикч Жорж Данциг оюутан байхдаа статистикийн хичээл дээрээ хоцорч ирээд самбарт бичсэн байсан хоёр бодлогыг гэрийн даалгавар байна гэж ойлгож хуулж аваад бодчихсон. Гэтэл нөгөө хоёр нь шийдэгдээгүй бодлого байсан байдаг. Энэхүү бодит явдал яван явсаар Мэт Дэмоны тоглосон их сургуулийн цэвэрлэгч байж байгаад самбарт бичсэн бодлогыг боддог “Good Will Hunting” гээд киноны гол санаа болсон. Сонирхуулж хэлэхэд Жорж Данцигийн ашиглаж байсан самбар нь миний одоо Стэнфордын Их сургууль дээр сууж байгаа өрөөний яг хажууд байдаг.
-Ингэхэд Таны ойр тойрны хүрээлэл дунд математикч бий юу? Ажил, мэргэжлээ багаасаа тодорхойлоход гэр бүлийн орчин, хамаатан саднын хүрээлэл чухал нөлөө үзүүлэх нь бий. Ч.Алтаннар гэж хүнийг математикч болгосон тэрхүү шалтгаан юу байв?
-Миний ээж Д.Нямсүрэн гэж математикийн шинжлэх ухааны доктор, ШУТИС-д насаараа багшилж олон мянган оюутанд дээд математикийн хичээл заасан профессор хүн байсан. Тэгэхээр ээжийн минь мэргэжил нөлөөлсөн. Миний аав О.Чинчулуун гэж насаараа тээврийн тэрэг барьсан жолооч хүн байсан. Хоёулаа л хүүхдүүдээ боловсролтой хүмүүс болгоход бүхий л анхаарал халамжаа тавьдаг байж. Намайг математикийн ангид ороход хоёулаа их баяртай байсан даа.
-Флоридагийн их сургуульд мастер, доктор хамгаалаад эх орондоо ирэхэд ажлын саналд “дарагдаж” байв уу?
-Олон жил эрдэм шинжилгээ судалгааны ажил хийсэн хүний хувьд шууд тэрийгээ хаяад өөр зүйл хийнэ гэхээр сонин санагддаг юм билээ. Докторын зэрэг автлаа явсан болохоор сурсан мэдсэн зүйлээ бага ч гэсэн бусадтай хуваалцах хэрэгтэй гэж боддог. Тиймээс Английн Империал коллежид ажиллаж байгаад 2011 онд тэндээсээ шууд МУИС-д ирээд одоог хүртэл ажиллаж байна.
-Таныг Монголд ирснээс яг нэг жилийн дараа МУИС-ийн эрдэмтдийн туурвисан цогц бүтээл Төрийн соёрхол хүртсэн. Дэлхий дахинд оюуны томоохон хөрөнгө оруулалт болсон гэдгийг Ерөнхийлөгчийн зарлигт дурдсан байдаг. Үүнийг тодорхой тайлбарлаж болох уу?
-Шагнал авсан хэд хэдэн ажлын маань нэг нь “Pareto Optimality, Game Theory and Equilibria” гэж нэртэй шинжлэх ухааны ном, сэтгүүл гаргадаг дэлхийн тэргүүлэх хэвлэлийн газар Спрингэрт хэвлэгдсэн ном. Энэхүү ном нь дэлхийн тэргүүлэх эрдэмтдийн хамгийн сүүлийн үеийн судалгаанууд орсон математикийн шинжлэх ухааны тоглоомын онол болон тэнцвэрийн онолын гарын авлага болохуйц ном юм. Бид “Beautiful Mind” гээд кинон дээр гардаг суут математикч Жон Наш-д хүртэл энэ номонд оролцох хүсэлт явуулж захиа бичиж байлаа. Анх докторын оюутан байхдаа номын ажлыг эхлүүлж, нийт гурван жил зарцуулсан. Тухайн үед Монголд ирэхдээ номын дээжийг Монголын Шинжлэх Ухааны Академид өгч байхад манай нэрт онолын физикч, академич Х.Намсрай гуай “Ах нь энэ хэвлэлийн газарт 20 жилийн өмнө номоо гаргаж байсан. Миний дүү 20 жилийн дараа гаргаж байгаа Монголын хоёр дахь хүн болж байна. Илүү олон шинжлэх ухааны бүтээлүүд гаргаарай” гэж урам өгсөн дөө.
-Таныг оюутан байх үед МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн хуваарь барагтаа аавын хүүд олддоггүй байсан байх. Харин өнөөдөр физикийн анги нь гэхэд элсэлтгүй болсон тухай мэдээлэл байсхийгээд явдаг болж. Сүүлд 700-гаас дээш оноотой элсэгчийг 100 хувь, 650-иас дээш оноотой элсэгчийг 50 хувь эхний жил сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөх шийдвэр гаргасан санагдаж байна. Нийгмийнхээ гол луужин болох учиртай мэргэжил сонголт ингэтлээ үнэгүйдэх болсны шалтгаан юу юм бэ? Физик, математекийн салбараас залуу үе халширдаг, мэргэжилтэн болоод гарахад тэгтлээ үнэлэмжгүй байгаа хэрэг үү?
-Намайг оюутан байхад л шинжлэх ухааны сургуульд хүүхдүүд орох хүсэл нь багасчихсан байсан. Орж байгаа хүүхдүүдийн дийлэнхэд өөрсдийнх нь хүссэн ангид хуваарь олдоогүй учраас орсон байдаг. Хамгийн өрсөлдөөнтэй мэргэжлүүд нь МУИС, ШУТИС-ийн эдийн засаг, менежмент, хууль, програм хангамжийн мэргэжлүүд. Хамгийн сайн оюутнууд нь тийшээ л ордог. Одоо ч гэсэн энэхүү хэт өрөөсгөл хуваарилалт байж л байна. Жилийн өмнө нэг статистик сошиал орчинд яваад байсан. Жилд хэдэн мянган хуульчид төгсөж гарч байхад гуравхан оюутан физикийн ангийг төгсөж байна гэж.
Аливаа зүйл эрэлт нийлүүлэлт дээрээ л суурилж явдаг. Төгсөж гараад тухайн чиглэлийн ажлын байр ховор, цалин бага бол мэдээж тэр болгон хүүхдүүд орох сонирхолтой байхгүй. Магадгүй ерөнхий боловсолын сургууль төгсөөд гарч ирж байгаа хүүхдүүдийн математик, физик, химийн мэдлэг нь муудсантай холбоотой. Мэргэжилтнүүд жил болгон ЭЕШ гэдэг шалгалтын дүн хүүхдүүдийн бодит мэдлэгийг илэрхийлэхгүй байна. Бараг бүгдийг нь таагаад бөглөчихөд аль нэг их сургуульд тэнцэх хэмжээний оноо аваад байгаа талаар хэлдэг. Байгалийн шинжлэх ухаанд үнэхээр сайн мэдлэгтэй хүүхдүүд маш бага хувийг эзэлж байна. Тэдгээр нь өөр мэргэжил сонгочихоор бусад нь мэдээж байгалийн шинжлэх ухааны чиглэлүүдээс халширна. Бас нэг зүйл нэмж хэлэхэд хүүхдүүдийг яаж татах вэ гэдэг дээр их, дээд сургуулиуд өөрсдөө маш тодорхой бодлоготой, мэргэжлээ зөв сурталчлах нь чухал юм шиг байгаа юм.
Зөвхөн их, дээд сургуулиуд энэ асуудлыг шийдэж чадахгүй. Манай төрийн өмчийн болон хувийн бүх их, дээд сургуулиуд санхүүжилт муу учраас яаж олон хүүхэд элсүүлэх вэ гэдэг уралдаанд бие биетэйгээ өрсөлддөг. Нэгэнт энэ мэргэжлүүдээр элсэлт тааруу учир хувийн их сургуулиуд ийм анги нээж чадахгүй. Тэгэхээр төрийн өмчийн их дээд сургуулиуд, тодруулбал МУИС л ийм ангитай байна. Гэтэл МУИС нь төсөв бага, оюутны төлбөрөөр амь зуудаг байгууллага болсон. Ийм болохоор хэдхэн оюутанд зориулж тийм олон физикийн багш нарыг цалинжуулах хэцүү. Тэгэхээр энэ бол цэвэр төрийн оролцох үүрэг болж ирж байна. ЭЕШ-ийн өндөр оноотой хүүхдүүдийг сургалтын төлбөрөөс чөлөөлөх шийдвэр нь мэдээж тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Гэхдээ асуудлыг бүрэн шийдэж чадахгүй.
-Таныхаар асуудлын зангилаа нь яг хаанаа байна вэ? Эсвэл бид бусдын адил туулах ёстой замаа туулж байна уу?
-Хамгийн том зангилаа нь манай нийгмийн шинжлэх ухаанд хандах хандлагад байна гэж харж байна. Шинжлэх ухаанд зарцуулж байгаа нийт санхүүжилтийн ДНБ-д эзэлж байгаа хувь хэмжээгээрээ дэлхийд маш доогуур жагсаж байгаа талаар байнга л ярьдаг. Ер нь шинжлэх ухааны үнэлэмж асар бага болсон. Нийгмийн аливаа асуудалд хандахдаа шинжлэх ухаанчаар биш сошиалын хандалтад тулгуурлан шийдвэр гаргах нь илүү ч юм шиг. Гэхдээ энэ байдал бага зэрэг өөрчдөгдөж байна уу даа гэсэн горьдлого байгаа.
-Та бол Tsinghua University, National University of Singapore, Seoul National University тэргүүтэй Азийн топ 10 их сургуульд судалгааны ажлаа танилцуулж байсан хүн. Мөн дэлхийн топ 10 сургууль болох Английн Империал коллежэд ажиллаж байсан туршлагатай. Одоо бол Стэнфордын их сургуульд зочин судлаачаар ажиллаж байна. Ер нь дэлхийн топ их, дээд сургуульд судлаачаар ажиллахад эрдэмтэн өөрөө хүсэлт гаргадаг юм уу? Эсвэл цаад талаас санал тавих уу?
-Нэг чиглэлийн эрдэмтэд нэгнийгээ урьж, лекц уншуулах, харилцан санаа бодлоо солилцох, хамтран судалгаа хийх нь маш түгээмэл зүйл юм. Энэ хүрээнд олон сургууль дээр очсон. Их сургуульд багшаар эсвэл судлаачаар байнгын ажилд орох процесс нь бусад бүх ажилд яаж ордогтой адилхан. Нээлттэй ажлын байранд нь өөрийн анкет, материалаа явуулаад тухайн сургууль нь тэндээс сонгон шалгаруулалтаа хийнэ. Голдуу ярилцлаганд оруулж, судалгааны ажлаас нь танилцуулга хийлгэж авдаг.
-Стэнфордын их сургуульд урилгаар зочин судлаач хийж байгаа юм байна гэж ойлголоо. Хэн гэдэг эрдэмтэнтэй хамтарч судалгаа хийж байна вэ?
-Стэнфордын их сургуульд долоон сарын хугацаатай зочин судлаачаар ажиллахаар ирсэн. Гаднаас эрдэмтдийг урьж хамтран ажиллахыг голдуу тухайн сургуулийн профессорууд нь сургуулиараа дамжуулан шийддэг. Намайг урьж хамтран судалгаа хийж буй профессор нь манай оновчлолын чиглэлийн дэлхийн тэргүүлэх эрдэмтдийн нэг. 17 жилийн өмнө Флоридагийн Их сургуульд доктор оюутан байх үеэсээ мэддэг болсон эрдэмтэн.
-Одоо ямар судалгааны бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Миний үндсэн судалгааны ажил бол математикийн шинжлэх ухааны оновчлолын салбар юм. Нэг бүрчлэн тайлбарлавал сунжирсан зүйл болох байх. Энгийнээр хэлэхэд аливаа байж болох хувилбаруудаас хамгийн оночвтойг нь сонгохыг математикийн хэлэнд буулгаж бодохыг оновчлол гэнэ. Дэлхийн нийтийн чиг хандлагыг тодорхойлох болсон хүн бүрийн ярьдаг хиймэл оюун ухаан, машин сургалтын алгоритмд оновчлолын арга ашигладаг. Харин одоо буцаагаад оновчлолын хүнд бодлогуудыг бодоход машин сургалтын аргуудыг хэрхэн ашиглах талаар судлаачид сонирхон судлаж байна. Энэ чиглэлийн судалгааны төсөл дээр ажиллаж байна.
-Уучлаарай, гэхдээ асуухгүй өнгөрч болохгүй нь. Ажиглаад байхад Ц.Гарамжав гэдэг хувь хүн рүү чиглэсэн дайралтаас гадна гэр бүл, эргэн тойрных нь хүмүүсийг үргэлж холбож хамаатуулах гээд байдаг хандлага гэм биш зан болчихлоо. Яг ийм үеийн дарамтад хамгийн мэдрэг яваа гэр бүл нь танайх...?
-Нийгмийн сүлжээнд болж байгаа олон үйл явдлаас нийгмийг мэдлэгжүүлэх, мэдээлэлжүүлэх гэсэн хоёр зүйл маш чухал гэдгийг харж болно. Санаатайгаар, санаандгүйгээр маш олон хүнийг гүтгэдэг, мэдээлэлгүй хүмүүсийг турхирдаг ийм зүйл нь нийгмийг улам л хордуулж байна. Нөгөө талаас зөв мэдээлэл нь байсаар байтал буруу дүгнэлт хийнэ гэдэг бол хувь хүний мэдлэгтэй л холбоотой. Хашир байна гэдэг нь аливаа зүйлийг эргэцүүлэн боддог, мэдлэг боловсролтой байхыг хэлнэ.
-Нэг хэсэг эрдэмтдээ үгүйсгэдэг байсан монголчуудын муухай зан өнөөдөр хувийн хэвшил, үндэсний компаниуд руу чиглэж эхэллээ шүү дээ?
-Төрд гарч байгаа хэсэг нь нийгмийг турхирч байгаа хэрэг. Боловсрол нимгэн хүмүүс төрд гарчихаар шинжлэх ухаанд хандах хандлага ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Насаараа төрд эсвэл улстөрчөөс өөр ажил хийж үзээгүй хүмүүс хувийн хэвшлийн асуудлыг мэдэхгүй нь бас ойлгомжтой л байх даа.
-Та хэзээ эх орондоо ирэх вэ?
-Төслийн судалгаагаа дуусгаад энэ зунаас эх орондоо буцаж очно оо. МУИС-даа багшийн ажлаа үргэлжлүүлж, хичээлээ заагаад явна даа.
Ярилцсанд баярлалаа. Эх орондоо эргэж ирснийх нь дараа илүү өргөн хүрээнд ярилцах боломж олдох байх аа.
С.Гандөл