Англи хэл сурахад зориулсан Зуугий багшийн 10 зөвлөгөө

Алс хол АНУ-ын Сиатл хотод гэр бүлийн хамт амьдардаг Б.Гэрэлчимэгийг интернэт хэрэглэдэг бүсгүйчүүд илүү сайн мэднэ. Англи хэлийг сурах хүсэл мөрөөдөлтэй бүсгүйчүүдийг нэгэн дээвэр дор нэгтгэж, цахим орчинд өөрийн гэсэн өнгө төрхийг тодорхойлсон оюунлаг бүсгүйчүүдэд онлайн оффисоороо дамжуулж хичээл заадаг. Олноо “Онлайн оффис”-ын багш Зуугий англи хэлийг олон жил суралцаж, өөрийн гэсэн англи хэл сурах энгийн хэрнээ маш үр дүнтэй аргачлалыг бий болгож чадсан чадварлаг бүсгүй. Алс холын Америк улсад амьдарч байгаа ч Монголд байгаа олон бүсгүйчүүдэд өөрийн сурсан арга барилаар 2012 оноос эхлэн мянга мянган бүсгүйд англи хэлийг амжилттай заахаас гадна өөрийгөө хэрхэн хөгжүүлэх, өөртөө итгэлтэй амьдрах аргачлалыг зааж, сурж мэдэх хүслийнх нь гүүр нь болдог.  Тэрбээр 2018 оны 9 сараас эхлэн Синик Хилл бага сургуульд туслах багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд өдөр тутамд Америкийн бага сургууль хэрхэн ажилладгаас суралцаж, цаашлаад Монголдоо сурсан мэдсэн зүйлсээ түгээхсэн гэж хүсдэг. 2014 онд Малайз улсад Higher Education Learning Program University-д Магистрын зэрэг, 2018 онд АНУ-ын Сиатл хотод Souht Seattle College-д Бакалавр, Ассосиэт зэргийг тус тус хамгаалсан. Одоо Seattle Life Coach Training Academy-д Life Coach буюу Амьдралын чиглүүлэгч, дасгалжуулагч мэргэжлээр суралцаж байна. Түүний бэлтгэн гаргасан Dear Diary 1 болон Christmas Diary номнууд гарсан даруйдаа бэстсэллэр болж зарагдаж дуусдаг бөгөөд одоо уншигчид нь түүний Dear Diary 2 цуврал номыг гарахыг тэсэн ядан хүлээж байна.

Түүнтэй холбогдохыг хүсвэл

FB- Zuugii Zoey Boldbaatar

FB group-Ladies

FB page- Dear Diary Book

Instagram-megzuugii

Уншигч та түүний онлайн сургалтын үр дүнгийн талаар мэдэхийг хүсвэл http://uzeg.info/i/91 “Онлайн оффис”-ын багш нийтлэлийг унших боломжтой.

 1.   Үг битгий цээжил. Харин түүний оронд богино өгүүлбэрүүд цээжилж заншаарай. Жишээ нь бид ганцхан “өглөөний цай” гэдэг үгийг цээжилчихвэл үргэлжлүүлээд  юу хэлэхээ мэдэхгүй зогсохын оронд  “Та өглөөний цайндаа юу уусан бэ?” гэдэг өгүүлбэр цээжлэх хэрэгтэй. Учир нь тухайн  хүнээсээ  асууж, харилцан ярилцаж сур.   Тэгвэл түүний  хариултаас нь  ямар нэгэн шинэ үг  сурч авна.  Гадаад хүнтэй уулзахаар товлосон бол маргаашынхаа уулзалтад маш сайн бэлдэх хэрэгтэй.  Харилцан ярилцах хоёр өгүүлбэр урд орой нь цээжлэх хэрэгтэй. Уулзсан хүнээсээ мэдлэгээ тэлж, бэлдсэн хоёр өгүүлбэрийнхээ хүрээнд ярилцах нь таны мэдлэгт асар их нэмэр болно. Шинэ үгс, өгүүлбэрийг ч сурж авах боломжийг нээдэг гэдгийг үргэлж санаарай.

2.   Англи хэл анхлан суралцагч та кино үзэхдээ аль болох англи хэл дээр мөн subtitle-тай нь үзэж байгаарай. Кинон дээр гарч буй бүх үйл явдал нь бидний өдөр тутмын амьдралын нэгээхэн хэсгүүд байдаг. Тиймээс бид кинон дээрх өгүүлбэрүүдийг ойлгон өөрийн болгосноороо Англи хэлийг өдөр тутамдаа хэрэглэхэд илүү дөхөм болох юм. Хэрэв та эмнэлэгийн талын үг өгүүлбэр сайн сурья гэвэл Grey’s Anatomy цувралыг,  хууль, шүүх, гэмт хэрэгтэй холбоотой үг, нэршил өөрийн болгоё гэвэл Forensic Files цувралыг үз. Өдөр тутмын амьдралын талаар сонсьё гэвэл Friends цуврал, харин ажлын байрны өдөр тутмын үгсийг мэдэж авахыг хүсвэл Office цувралыг заавал үзээрэй.

3.   Өдөр бүр Англи хэл дээр нэг хуудас ном унших зуршилтай болохыг зөвлөж байна. Та хүүхдийн үлгэрийн номноос эхлэх боломжтой. Тухайн номоо ойлгохгүй байсан ч болно. Учир нь энэхүү унших зуршил нь таныг ойлгодог болгоход чиглээгүй ч харин таныг өдөр бүр Англи хэл дээр ном уншин өгүүлбэрийн бүтцийг ойлгож, үг нүдэлж авахад тус дөхөм болох юм. Олон дахин харсан үг бидний нүдэнд цээжлэгдэж, дараа нь дахин хаа нэг газар хармагцаа бид шууд санаж байдаг. Тэр үедээ бид ганц удаа толь бичигнээс хараад л өөрийн болгочихно. Мөн чангаар унших нь өөрийн дуудлагаа засахад маш тустай арга зам болдог. Та хүсвэл Wimpy Kid Diary болон Wonder номнуудыг олж авч уншаарай.

 4.   Англи хэл дээр дуу сонсох. Та машинд явахдаа, гэрээ цэвэрлэхдээ ер нь юу ч хийж байсан Англи хэл дээр дуу сонсож байгаарай. Дуу хөгжим биднийг амар тайван, аз жаргалтай болгоод зогсохгүй мөн тухайн дууг сурах, дагаж дуулах хүсэл тэмүүллийг өгдөг. Бид яг зөв дуудлагатай дууг сонсож, дагаж дуулж сурснаараа Англи хэлний ярианы дуудлага маш цэвэр болно. Та хамгийн эхэнд YouTube дээрх Bounce Patrol болон Cocomelon гэсэн хоёр сувгийг дагаж тэдний дууг дуулж сураарай. Хүүхдийн дуунууд боловч бидний өдөр тутамд хэрэглэгддэг гол өгнүүдийг агуулсан бөгөөд дагаж дуулахад маш тустай байдаг.

 5.   Дүрмийг одоохондоо март. Монгол хүн бүрт тохиолддог хамгийн том сул тал бол дүрмийг хэтэрхий олон жил үзэж, хэрэглээ ярианд анхаарлаа хандуулаагүйд байдаг. Тиймээс ярих үедээ байнга дүрмээ бодож, зөв л ярих ёстой гэж зүтгэсээр амнаасаа огт үг гаргаж чадалгүй хоцордог. Түүний оронд дүрмээ түр мартаад шууд өөрийн толгойд орж ирж буй үгсээ хэлээд хэрэглээд үзээрэй. Бид хэрэглэж, ярьж байж л Англи хэлнийхээ буруу зөрүүг мэдэж авна.Хүүхэд анх хэлд орохдоо шууд төгс илтгэгч шиг ярьж эхэлдэггүй шүү дээ. Харин эхлээд нэг үг, хоёр үг, тэгээд өгүүлбэр хэлдэг. Цаг хугацаа явсаар түүнийхээ хэрээр чадвар дээшилдэг. Бидний хувьд ч гэсэн яг адил. Бид эхлээд үг, дараа нь өгүүлбэр, түүний дараагаар зөв өгүүлбэр гэсэн бүтэцтэйгээр ярих хэрэгтэй.

6.   Радио дагаж ярих. Нөхөр маань энэхүү аргыг байнга хэрэглэдэг. Машинаа бариад ажилдаа явахдаа радиогоор мэдээ уншиж буй Америк хүнийг даган үг бүрийг нь хэлдэг. Хэрэв дунд нь алдчихвал дараагийн үгнээс нь үргэлжлүүлээд явдаг. Ингэснээр зөв дуудлагатай болохын хажуугаар ярианы хурд маш сайтай болдог. Монголд шууд сонсох Англи хэл дээрх радио байхгүй болохоор та нартаа сонсож болох podcast-уудыг санал болгоё. Culips English Podcast, The English We Speak, All Ears English Podcast  гэсэн эдгээр podcast-уудыг сонсоорой.

7.   Өөрийн видео бичлэгийг хийх. Сонин сонсогдож магадгүй ч хамгийн үр дүнтэй арга. Та өдөр бүр ямар нэгэн сэдэв бэлтгээд түүнийгээ өөрөө ярьж, тэр ярьж буй үеээ өөрөө видео бичлэгээр бичиж аваарай. Дараа нь үзэхэд бага зэрэг эвгүй байдаг ч яриагаа сонсох үедээ би ямар үгээ буруу хэлдэг, ямар сул үг хэрэглэдэг, ярих үедээ ямар үйлдлүүд гаргадаг гээд бүх сул талаа мэдэж авах боломжтой. Тэр сул талуудаа харсныхаа дараа дахиад хийгээд үз, өмнөхөөсөө арай дээрдэнэ. Түүний араас дахиад хийж явсаар хэний ч туслалцаагүйгээр маш хурдан сайжирсан байдаг.

 8.   Америк, Англи (унаган хэлээр нь ярьдаг) найзуудтай болох. Хэрэв бид үнэхээр сайн сурахыг хүсвэл жинхэнэ мэддэг хүмүүсээс сурах нь зүй ёсны хэрэг. Хэрэв та гадаад хүмүүстэй харилцаад эхэлбэл тэдний асуултад хариулах, тэдэнд өөрийгөө ойлгуулахын тулд маш их мэрийж, хичээх хэрэгтэй болно. Монголд маш олон гадны мэргэжилтэнгүүд ажилладаг болсон. Тиймээс өнөөдөр зориг гарган хамт ажилладаг гадаад хүнтэйгээ яриад үзээрэй. Таныг маш сайхан хүлээж авна гэдэгт итгэлтэй байна.

9.   Хэзээ ч битгий зогс. Англи хэлийг хэдэн сар сургалтад сууснаар, хэдэн жил гадаадад байснаар сурчихдаггүй. Эдгээр зүйлс танд суурийг нь тавьж өгөх бөгөөд та өдөр бүр Англи хэлийг хэрэглэж, ашиглаж, бусдаас суралцсанаар илүү сайжруулах боломжтой. Хүн аливаа зүйлийг 60 хоног тасралтгүй хийснээр тухайн зүйл нь зуршил болж үлддэг гэдэг. Тиймээс та дээрхи зааврын дагуу 60 хоног хичээгээд үзээрэй. Тэгвэл та цаашид зуршлынхаа дагуу өдөр бүр хичээллэсээр байх болно.

10. Хэзээ ч битгий ичээрэй. Намайг анх Англи хэл сурч эхэлж байхад маш олон хүмүүс шоолдог байлаа. Аялга муутай, ойлгохгүй байж ярьдаг гэх мэтчилэн. Гэхдээ би ярих гэж оролдохгүй л бол тэр байрандаа тэдэнд шоолуулсаар байна гэдгээ мэдсэн учраас түүнийг тоолгүй ярьсаар, хийсээр Англи хэлээ өдий зэрэгт хүргэсэн. Англи хэл сууж сурдаг хэл биш харин айлгүйтэж сурдаг хэл гэж би боддог. Эцэст нь хэлэхэд одоо хэн байх нь бус ирээдүйд хэн болчихсон байх нь хамгийн чухал учраас ирээдүйд өөрийн бий болгох тэрхүү гайхамшигт хүн рүүгээ харан урамтайгаар алхаарай. 

                                                                                                                         Б.Гэрэлчимэг