Төрийн тунгалагшил “Тавантолгой”-г нээлттэй болгохоос эхэлнэ
Төрийн тунгалагшил “Тавантолгой”-г нээлттэй болгохоос эхэлнэ
Ерөнхий сайд болгон өөр, өөрийн мөртэй, улс төрд үлдээсэн түүхтэй. Гэхдээ тэр бүгдээс хувийн хэвшлээ дэмжсэн бодлого гаргаж, бодитоор хэрэгжүүлснийг тоочвол хомс, гарын арван хуруунд ч хүрэхгүй цөөн. Мэдээж шалтгаантай. Нэгдүгээрт, дотоодын улс төрөө даадаггүй. Хоёрдугаарт, хууль, эрх зүйн таатай орчин манайд үгүй. Гуравдугаарт, намынхаа болон журмын нөхдөө ажилтай, орлоготой байлгах нь тэдний толгойны өвчин болж ирснээс бусдаар төрийг дагасан данхар бүтэц төрийн өмчит компаниудаа улам занхайлгахаас өөрөөр тусыг олоогүй. Үндсэндээ төр өөрөө бизнес эрхэлж хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг буруу жишиг Монголын эдийн засгийг багалзуурдах гол зангилаа болсоор удлаа.
Гагцхүү энэ Засгийн газрын үед “Эрдэнэс Тавантолгой”-г олон нийтэд нээлттэй компани болгоно гэдгээ Ерөнхий сайд Г.Занданшатар зарлав. Ирэх оны нэгдүгээр улиралд багтааж буюу Сар шинийн баяраас өмнө. Төсөв тэлэхтэй зэрэгцэн төр данхайж буй энэ цаг үед нүүрсний хамгийн том бүлэг ордыг эзэмшдэг толгой компанийг нээлттэй хэлбэрт шилжүүлэх нь дотоод гэхээсээ гадаад орчинд эерэг мессеж болж бууна. Тэр тусмаа “Гуравдагч хөрш”-ийн хөрөнгө оруулалт татаж, томоохон төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх амбийцтай Монгол Улсад.
Уг нь “Эрдэнэс Монгол”-ын нэгдлийн дэргэд “Эрдэнэс Тавантолгой”-г хувьцаат компани хэлбэрээр байгуулсан нь аль 15 жилийн өмнөх үйл явдал. Тэгэхэд хувьцааны 10 хувийг Монгол Улсын нийт иргэнд, 10 хувийг дотоодын үндэсний компаниудад, 30 хүртэл хувийг нь Хөрөнгийн биржээр арилжаалах тогтоолыг Засгийн газраас гаргаж байсан юм, Сү.Батболдын үед гэсэн үг. Гэвч үе үеийн гүйцэтгэх захирлынхаа толгойг “залгиж”, Засгийн газруудын хамгийн эмзэг цэг нь “Эрдэнэс Тавантолгой” компани байсаар өдийг хүрсэн нь нууц биш.
Энэ хооронд хэтэвчээрээ нэгдсэн улстөрчдийн эрх ашиг тэнд зузаарч, бялууны зүсэм хуваах аргачлал нь улам нарийссанаас өөрөөр баялгийн тэгш хуваарилалт иргэдэд наалдаагүй. “Эрдэнэс Тавантолгой” дахь хулгай саяар, тэрбумаар биш бүр их наядаар хэмжигдэж эхэлсэн. Үндсэндээ Монголын төр хувийн хэвшилдээ хойд эхийн сэтгэлээр хандаж байх зуур төрийн хамгийн том баялгийг захиран зарцуулах эрх, үүрэгтэй “Эрдэнэс Тавантолгой”-д хулгай олширч, даам гарсан хэрэг.
Хуульд цагаан дээр хараар юу гэж бичсэн түүний хүрээнд хувийн хэвшил нь үйл ажиллагаа явуулж, тогтсон цагтаа төсөвт татвараа төвлөрүүлэх гэж хэрэндээ л чардайж байхад төрийн өмчит томоохон компани нь улстөрчид, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн халаасаа түнтийлгэх кассын машин болтлоо үүрэг, статус нь өөрчлөгдсөн бодит бас бэлэн жишээ нь “Эрдэнэс Тавантолгой” болсныг хэлэх гээд байгаа юм.
Хэн нэгний гоё сайхан амлалт, хатуу байр суурь гэхээсээ хуулийн өөрчлөлтөөр энэхүү алдаа завхралыг арилгахаас өөр сонголт бидэнд үгүй учраас тодорхой хувийг нь Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчилж, олон нийтэд нээлттэй компани болгоно гэдгийг Ерөнхий сайдын зүгээс мэдэгдсэн байж таарна. Ирэх оны нэгдүгээр улирал, Сар шинийн баяраас урьтаж ажил хэрэг болгоно гэж тооцвол ойролцоогоор дөрвөн сарын хугацаа бий гэсэн үг.
Ямар ч байсан баялгийн хулгайтай тэмцэх чиг үүрэгтэй Тусгай ажлын хэсгийг тагнуул, цагдаа, АТГ, гааль, татвар болон холбогдох яамдын төлөөллийг багтаан байгууллаа. Үндсэн чиглэл нь төрийн өмчит компаниуд, уул уурхайн салбар нүүрлэсэн хулгайтай тэмцэнэ гэж буй ч Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой”-г олон нийтэд нээлттэй компани болгоно хэмээн зарласнаас хойш өрнөсөн процесс гэдгээрээ анхаарал татаж байгаа юм. Магадгүй эл Тусгай ажлын хэсгийн нэн түрүүнд хийх ажиллагаа нь “Эрдэнэс Тавантолгой”-д нүүрлэсэн хулгай цэгцэлж, цэвэрлэх замаар нээлттэй компани болгох бэлтгэлийг түрүүчээс нь хангах зорилготой байж мэднэ.
Ерөнхий сайдын хэлсэнчлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийг нээлттэй болгох нь зөвхөн энэ байгууллагад хамаарах асуудал биш. Байгуулсан цагаасаа л гадаад, дотоодын улс төр, хэсэг бүлгийнхний эрх ашгийг өрдөж, мөн хөндөж ирсэн нүүрсний томоохон орд эзэмшигч компаниа олон нийтэд нээлттэй болгож гэмээнэ бусдад ч хамаатай асуудал болж хувирна. Гэдэг нь хувьчлахыг нь хувьчилж, татан буулгахыг нь татан буулгах тухай олон жилийн яриа биеллээ олно. Бүр хуульчлагдана.
Тэр хэрээр төр бизнес хийж хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг буруу жишгийг хална, цаашлаад арилна. Өөрөөр хэлбэл, төр нь төр шиг, хувийн хэвшил нь хувийн хэвшил шиг ажиллах хөрс суурь “Эрдэнэс Тавантолгой”-г олон нийтэд нээлттэй компани болгож чадах эсэхээс хамаарах нь. Төрийн тунгалагшил “Тавантолгой”-г нээлттэй болгохоос эхэлнэ ээ л гэсэн үг.
Хувийн хэвшлийнхний нуруу хэдий чинээ тэнийнэ төдий чинээ эдийн засгийн цусны эргэлт сайжирч, томорч, тэлж байдаг нь өөрөө чөлөөт зах зээлийн зарчим төрийн хамгийн түрүүнд хийх учиртай ажил юм.
Г.Эрхэс
 
							
						 
							
						 
							
						 
							
						 
							
						 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							